Олон нийтийн сүлжээгээр замын цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, эсэргүүцсэн гэх иргэний талаарх мэдээллүүд олны анхаарлыг татаж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан иргэн Ц.Баярцогтын талаарх эргэлзээтэй мэдээлэлд хариулт өглөө.

Түүнд цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн байна. Мөн прокурорын дүгнэлтийг үндэслэн зөрчлийг хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд иргэн Б-г 48 цаг хүртэл хугацаагаар саатуулаад байгаа ажээ.

Тухайн шийтгэлийг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурорын нэгдсэн бүртгэлд хянуулсан байна. Хяналтаас иргэн Ц.Баярцогтын гаргасан үйлдэл нь төрийн албан хаагчийн хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон гэх зөрчил биш. Харин “олон нийтийн газар бусдыг өдөөн турхирч, танхайрсан зөрчил байна” хэмээн үзэж цагдаагийн байгууллагаас оногдуулсан мөнгөн шийтгэлийг хүчингүй болгох дүгнэлтийг өгчээ. Ингэснээр торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож дахин өөр шийтгэл оногдуулах санал гаргасан байна.