Амьдралын хэв маягаа өөрчлөх нь өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд ч хүртэл хөхний хавдартай болох эрсдлийг бууруулдагыг судалгаагаар харуулжээ. Дараах алхмууд нь таны эрсдлийг багасгана. 

Үүнд:

Архи, спиртийн төрлийн ундааг хязгаартай хэрэглэх. Архийг ихээр хэрэглэх нь хавдар үүсэх өндөр эрсдлийг дагуулна. Хэрэв шар айраг, дарс, ликёр зэрэг спиртийн төрлийн ундааг уух бол өдөрт нэгээс илүүгүйг уух хэрэгтэй.

Тамхи татахгүй байх. Тамхидалт, хөхний хавдрын эрсдэл (ялангуяа цэвэршилтийн урьдал үед) хоёр хоорондоо холбоотой нь нотлогдсон байна. Тамхи татахгүй байх нь таны эрүүл мэндийнхээ төлөө хийж чадах хамгийн сайн сонголт болно.

Биеийн жингээ хянах. Жин ихтэй байх буюу таргалалт нь хөхний хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа цэвэршилтийн дараа жин нэмэгдэж байвал эрсдэл өндөртэй байгааг харуулна.

Идэвхитэй хөдөлгөөнтэй байх. Биеийн хөдөлгөөний идэвхитэй байдал нь жинг хэвийн байлгахад нөлөөлдөг ба хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.

Долоо хоногт хамгийн багадаа 150 минут аэробикийн зөөлөн дасгал хийх эсвэл 75 минут аэробикийн эрчимтэй дасгал хийх, мөн долоо хоногт хоёр удаа сунгалтын дасгал хийж байхыг зөвлөдөг.

Хөхөөр хооллох. Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хавдраас урьдчилан сэргийлэх нэгэн хүчин зүйл болно. Аль болох урт хугацаагаар хөхөөр хооллох нь маш сайн хамгаалалт болдог.

Гормон эмчилгээний тун ба хугацааг хязгаарлах. Гормоны хавсарсан эмчилгээг 3-аас илүү 5 жил хүртэл хугацаатай хийлгэх нь эрслийг нэмэгдүүлнэ. Хэрэв та цэвэршилтийн шинж тэмдгийн гормон эмчилгээ хийлгэхээр бол сонголтын талаар эмчтэйгээ ярилцаарай. Та биеийн тамир эмчилгээ зэрэг гормоны бус эмчилгээгээр эмчлүүлэх боломжтой.

Орчны бохирдол, хорт туяанаас болгоомжлох. Эмнэлгийн томограф зэрэг шинжилгээ нь хорт туяаны өндөр тунтай байдаг. Энэ нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмнэ. Зөвхөн шаардлагатай үед л ийм шинжилгээг хийлгэх хэрэгтэй. Зарим төрлийн ажлын нөхцөл, бензин, машины утаа зэрэг химийн бодисуудад өртөх нь хөхний хорт хавдрын өвчлөлтэй холбоотой болохыг судалгаанд дурдсан байдаг.


Эх сурвалж: https://intermed.mn/