Япон хүүхдүүд гайхалтай! Тэд эелдэг, нөхөрсөг бөгөөд өөрсдийн сэтгэл хөдлөлийг бүдүүлгээр гаргадаггүй. Японд та супермаркет дотор уйлж байгаа хүүхэдтэй таарах нь ховор (хэдийгээр журамд үл хамаарах зүйл байдаг ч).

Япон эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаанаас бидэнд сурах зүйлс бий гэдэгт итгэлтэй байна. 

Тиймээс Япончуудын хүүхдүүдээ өсгөх үндсэн зарчмуудыг танилцуулж байна.


Ээж хүүхдийн харилцаа нягт холбоотой

Японд эх, хүүхдийн хоорондох холбоо үнэхээр хүчтэй байдаг. Тэд хамтдаа унтдаг бөгөөд эхчүүд хүүхдүүдтэйгээ үргэлж хамт явдаг.Тэдний баримталдаг дүрмээр хүүхэд 5 нас хүрэхээсээ өмнө хүссэн зүйлээ хийхийг зөвшөөрдөг. Гадныханд энэ нь хүүхдийг хэт дураар нь тавьсан мэт санагдах ч гол санаа нь хүүхэд өөрийгөө сайн хүн гэдгийг ухааруулах юм.

"Amae" бол эх, хүүхдийн харилцааны суурь юм. Энэ нь хүүхдүүд эцэг, эхийнхээ хайранд тулгуурладаг бол ахмад настай эцэг эхчүүд насанд хүрсэн хүүхдүүдээсээ дэмжлэг туслалцааг нь авна гэсэн үг юм. Америк болон Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүүхдийн зан харьцаа, урам зоригийг нь хөхүүлэн дэмжсэн харилцаа холбоо нь хоорондоо хамааралтайг нотолсон байна. Судлаачдын үзэж буйгаар эерэг хандлагатай эцэг эх нь хүүхдийн асуудалтай зан харилцааг багасгаж, хүүхдийн өсөлтийн үед гарч болох зан харилцааны бэрхшээлүүдийг даван гарахад нь тусалдаг гэжээ.


Япончуудын хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх систем

Бүх хүн тэгш эрхтэй байна. Японы гүнж, Аюуако (баруун талаасаа хоёр дахь нь) Токиогийн спортын наадмын үеэр ангийнхантайгаа хамт хичээллэж байна.

Японы алдартай хүүхэд хүмүүжүүлэх системээс харахад хүүхдүүд 5 нас хүрэхээсээ өмнө төгс, 5-15 насандаа тэд зарцтай адилхан бөгөөд 15 наснаасаа эцэг эх, бусад хүмүүстэй адил тэнцүү гэж үздэг. Гэвч гадаадын хүмүүс энэ аргыг ойлгохгүй буруу ташаа тайлбарладаг.

Энэхүү философи нь хувийн ашиг сонирхол хамгийн чухал зүйл биш бөгөөд нийгэм хамт олны зорилгыг дээгүүрт тавьдаг иргэнийг өсгөх зорилготой юм. Японы эцэг эхчүүд хүүхэддээ өөрсдийн зорилгоо тодорхойлж, өөрсдийн үнэ цэнийг дутуу үнэлэхгүй найрсаг, нийлэмжтэй хүнийг өсгөхийг хичээдэг.

Эхний шатанд эцэг эхчүүд эцэс төгсгөлгүй хайр халамжаа хүүхдүүдтэйгээ хуваалцдаг. Хоёр дахь шатанд тэдний хайр алга болдоггүй. Хүүхэд нийгмийн дүрэм журмын дагуу амьдрахыг суралцаж, энэ дэлхийд ирсэн зорилгоо олохыг хичээдэг. Ээж хүүхдийн холбоо маш хүчтэй байдаг тул хүүхэд ээжийгээ гомдоохгүйн тулд бүхнийг зөв хийхээр оролддог. Гуравдугаар шатанд хүүхэд нь нийгмийн бүрэн гишүүн болдог.


Гэр бүл бол хамгийн чухал зүйлсийн нэг юм

Шичи-Го-Сан, уламжлалт кимоно өмссөн охид, хүүхдийн баяр, ёслолын арга хэмжээнд оролцож байна.

Зарчмын дагуу бол эхчүүд хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг. Тэд хамтдаа маш их цагийг өнгөрөөдөг. Япончууд 3 нас хүрэхээсээ өмнө хүүхдийг цэцэрлэгт явуулж болохгүй гэж үздэг. Эцэг эхчүүд өвөө эмээ нараар нь хүүхдээ асруулах, хүүхэд асрагч хөлслөхийг хүсдэггүй.

Гэвч хүүхдүүд өвөө эмээ болон бусад төрөл төрөгсөдтэйгөө маш их цаг зарцуулдаг. Гэр бүлийн гишүүдтэйгээ харьцах харилцаа нь үнэхээр халуун, дулаан байдаг. Гэр бүлүүд бие биенээ үргэлж дэмжин, хамгаалах болно.


Эцэг эхчүүд нь хүүхдийнхээ үлгэр жишээ болдог

Япон, Европын ээжүүдийг оролцуулан туршилт явуулжээ. Тэдэнд пирамид барих даалгавар өгчээ. Японы ээжүүд пирамидыг өөрсдөө барьж, дараа нь хүүхдүүдээ давтан хийхийг хүсчээ. Хүүхдүүд пирамидыг бүтээж чадаагүй бол тэд өөрсдөө пирамидыг дахин шинээр барьж үзүүлдэг.

Европын ээжүүд пирамидыг хэрхэн бүтээх талаар тайлбарлаж, хүүхдүүдээ оролдохыг хүсчээ. Харин Японоос ирсэн эхчүүд "Миний хийж байгаа арга барилыг дага" гэсэн зарчмыг баримталж, Европоос ирсэн ээжүүд хүүхдүүдээ бүх зүйлийг өөрсдөөр нь хийлгэж, үлгэр жишээ үзүүлээгүй байна.

Япон эхчүүд хүүхдээ шууд өөрөөр нь хийлгэдэггүй. Тэд үлгэр жишээ үзүүлж, хийх ёстой зүйлсийг харуулсныхаа дараа өөрсдөөр нь хийлгэдэг.


Сэтгэл хөдлөлийг нь анхаарч үзэх хэрэгтэй

Хүүхэддээ хамтарсан нийгэмд амьдрахын тулд бусдын эрх ашиг, сонирхолыг хүндэтгэн үзэхийн чухлыг зааварчилдаг. Япон эхчүүд хүүхдийнхээ мэдрэмжийг хүндэтгэдэг. Тэд хүүхдээ хүчилдэггүй, ичээж зовоодоггүй.

Тэд бусад хүмүүс, тэр ч бүү хэл амьгүй зүйлсийн сэтгэл хөдлөлийг ойлгохыг хүүхдүүддээ заадаг. Жишээлбэл, хэрэв хүүхэд тоглоомон машинаа эвдэх гэж оролдох юм бол Япон ээж "Хөөрхий машин, уйлах болно" гэж хэлэх болно. Европын ээж магадгүй хүүхдээ зэмлэн "Зогс! Энэ чинь муу үйлдэл"  хэмээн хэлдэг.

Японы ард түмэн өөрсдийн арга барилаа хамгийн сайн арга гэж зарладаггүй. Гэвч хүүхдүүддээ хандах тайван, хайрын хандлага нь Япон улсын гол үзэл баримтлалд өөрчлөгдөөгүй байна.