Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан балчир үрс маань санал өгөхгүй ч гэсэн хүмүүсийн яриаг сонсоод гайхаж байгаа нь дамжиггүй. Тэгвэл хүүхэдтэйгээ сонгуулийн тухайд хэрхэн ярилцаж болох тухай бид танд хүргэе.

Үзүүлэнтэй ярилцлага хийх

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр гэрт тань байвал тэдгээрийг харуулаад ярих эсхүл саналаа өгчихсөн бол бэхэн тэмдэглэгээгээ үзүүлэх гэх мэтээр хүсвэл гүүглээс нэр дэвшигчдийн зураг хөрөг, уриа лоозонг ч харуулаад танилцуулна. Эндээс та хүүхдэдээ танин мэдэхүйн боловсрол олгохын зэрэгцээ түүнийг сонгууль гэхээр юу бодож байгаа тухай мэдэж болох шүү.


Тайлбарлах

Гэр бүлийнхээ хүрээнд бяцхан сонгууль явуулж ч болно. Гол нь санал өгөх гэдэг нь хүн бүрийн саналыг тунгааж үзээд, хэн олон санал авсан тэр хүнд ялалтыг авдаг гэдгийг ойлгуулах юм. Жишээлбэл, өнөөдөр оройн хоолонд юу хийх вэ? Банштай цай юу? Цуйван уу? Үүнийг санал хураах замаар шийдэж болно. Ингэснээр та хүүхдэдээ сонгууль хэрхэн явагддаг болохыг маш хялбархан аргаар тайлбарлаж өгч байгаа хэрэг билээ.


Удирдагчаа сонгох тухайд хэлэлцэх

Улс орныг удирдах хүн ямар байх хэрэгтэй гэж боддог талаар өөрийн саналыг хэлж, сонгууль гэдэг засгийн газарт таныг төлөөлөн, таны төлөө ажиллах хүнийг сонгож байгаа явдал гэдгийг тайлбарлаж, бид өөрсдийн итгэл үнэмшлээрээ, улсыг маань сайн удирдана гэж итгэсэн хүнээ сонгодог тухайд , та өөрийн сонгох хүнээ ямар байгаасай гэж хүсдэг гэх мэт зүйлсийг хэлэлцэн, багаас нь улс төрийн боловсролтой болгосноор хэтийн ирээдүйд сонгуульдаа оролцох нь ямар чухал болохыг ойлгож авах юм.


Эрх, үүргийн тухайд ярих

Хүн бүрийн санал үнэ цэнтэй. Нэг улсын иргэний хувьд санал өгөх гэдэг нь өөрийн санаа бодлыг орхигдуулалгүй уламжилж, өөрийн хэмжээнд өөрчлөлт авчрах оролдлого гэдгийг ойлгуулах. Санал өгөх гэдэг 18 наснаас дээш хүн бүрийн эрх болоод үүрэг болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Мөн ерөнхийлөгчийн сонгууль бол ерөнхийлөгч хүн ямар эрх үүрэгтэй, улс төрчид ямар урх үүрэгтэй тухайд ч тайлбар хийж болно.


Ийнхүү хүүхдээ бага гэж гололгүй ярилцах нь хүүхдийн шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж, тэднийг хүүхэд гэхээс илүү хүн болохыг мэдрүүлж, тоогдсон мэдрэмж өгч, иргэний хувьд хүлээх хариуцлага, эдлэх эрхийнх нь хүрээнд мэдлэг олгох юм. Мөн тэд эргэн тойрныхоо хүмүүсээс ташаа мэдээлэл авсан байх тохиолдолд түүнийг нь залруулж өгөх боломж бүрдэнэ. Ингэснээр та ирээдүйд улс төрийн оролцоо сайтай, хариуцлагатай иргэнийг бэлдэж байгаа хэрэг.