Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг "Академи авардс-2018" наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр "Зайсан Хилл" цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жил 7 дахь жилдээ болж буй тус наадам тухайн жилдээ бүтээсэн бүрэн болон богино хэмжээний уран сайхны, баримтат кинонуудаас 18 номинацид шилдгийг шалгаруулдаг. Энэ удаагийн “Академи авардс” кино наадмын Шилдэг киногоор “Байтаг Богд” шалгарлаа. Энэхүү бүтээлийг “Фантастик” продакшны уран бүтээлчид эх орон, xил xязгаарын үнэ цэнэ, эрэлхэг Монгол хилчдийн тэсвэр, тэвчээр, зориг хатуужлыг харуулсан Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулан бүтээжээ.

Тус киноны найруулагч МУГЖ О.Бат-Өлзий, “Өтөлж яваа би өсч яваа хүүтэйгээ хамтарч энэ киног найрууллаа. Хүүдээ баярлалаа. Кино хийхэд сэтгэл гаргаж туслалцаа үзүүлсэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн болон Ховд аймгийн Үенч, Булган сумын ард иргэд, манай кино группын 150-иад залуустаа баярлалаа. Та нарын хөдөлмөрийн хүчээр Алтайн нуруу, Байтаг Богдын хад асга чулуутай, халуун газарт хоолоо зөөгөөд, буу зэвсгээ үүрээд явж байсан 10 баатар эрдээ, Хилийн цэргийн хилчин залуустаа баярлалаа. Баруун хил хамгаалах газрын 70 жилийн ойд зорулан бүтээсэн энэ киног чин сэтгэлээсээ хүлээн авч сэтгэлийн дэм өгсөн үзэгч та бүгдэд баярлалаа” гэжээ.