Асуудал үүсгэсэн хөрөнгө оруулалтын аппликэйшний асуудал буюу нягталж шалгадаггүйн балаг

Peak.mn
02 сарын 08, 2024

Peak.mn сайт “Санхүүгийн боловсрол” булангийнхаа энэ удаагийн дугаартаа цахим залилангийн сэдвийг онцолж сурвалжилга бэлтгэлээ.

Нэг үеэ бодвол иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, ойлголттой болж, цахимаар ч арилжаа хийдэг болсон билээ. Хэдийгээр энэ нь технологийн шийдэл боловч нөгөөтээгүүр хөрөнгө оруулалт гэх нэрээр халхавчилсан цахим залилангийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь нууц биш. Үүний бодит жишээ нь “Теlеха-Хөрөнгө оруулалтын аппликэйшн” байх магадлалтай аж.

Анх “хөрөнгө оруулалт хийх шиг амархан зүйл үгүй, хамгийн гол нь тогтмол мөнгөө хий, өсгөж үржүүл” гэж хаа сайгүй сурталчилж байсан тус  аппликэйшн гэнэт л сураг алдарсан.  Гол шалтгаан нь “Ноён IZ” нэрээр танигдсан Г.Ирээдүйн хийсэн лайв бичлэг байв.

Тэрбээр Tеlexa аппликэйшнийг луйврын шинжтэй, анх хаана эхэлсэн асуудал нь юу болох талаар ярьснаас хойш гурван сар өнгөрсөн ч мөнгөө авч чадаагүй талаар албан эх сурвалж, хохирогчид ийнхүү ярьж байна.



Сануулан хэлэхэд энэ нь зөвхөн нэг  аппликэйшний асуудал төдий зүйл биш. Тиймээс хөрөнгө оруулахдаа мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө авах, нүдээрээ  үзэж шүдээрээ хазсан баримт нотолгоогүй, судалгаагүй, албан ёсны зөвшөөрөлгүй зүйлд мөнгөө өгөхгүй байхыг сануулъя.


Бичлэг үзэх:


“Coinseed” "Telexa" аппликэйшнтэй хэрхэн холбогддог вэ?


“Теleха” автомат хөрөнгө оруулалтын аппликэйшнийг анх иргэн Д зах зээлд нэвтрүүлжээ. Тэрбээр өмнө нь 2021 онд “Сoinseed” нэртэй аппликэйшнээр дамжуулж Америкчуудыг луйвардсан хэмээн Нью-Йорк хотын шүүхэд дуудагдаж байсныг гаднын хэвлэлүүд бичжээ.

Энэ тухай Reuters агентлагийн сайтад мэдээлснийг онцлон хүргэвэл,

♠ Брокер дилерийн үйл ажиллагаа явах зөвшөөрөлгүйгээр токенжсон хувьцааны арилжаа хийсэн,  

♠ Хэрэглэгчдээсээ хууль бусаар хураамж авсан гэх үндэслэлээр шүүхэд дуудагдсан байна.

Уг үйл явдлын дараа тэрбээр Монголд ирж Теleха хөрөнгө оруулалтын аппликэйшнийг танилцуулсан байдаг.

Иргэн Д өнгөрсөн онд business.mn сайтад өгсөн ярилцлагадаа “ …АНУ-ын прокурорын эсрэг шүүхэд зарга үүсгэсэн боловч шүүхээр 1-2 жил явахаас гадна, хуулийн компанийн зардал нь таван сая орчим ам.доллар болж, торгууль төлснөөс хэд дахин их зардал гарах гээд байсан учраас, компаниа хаахаар шийдсэн” хэмээн ярьжээ. 

Мөн “Теleха-Автомат хөрөнгө оруулалтын аппликейшн нь "Coinseed" -тэй яг ижил зарчмаар ажилладаг” гэж мэдэгдсэн юм.


“Теleха” аппликэйшний талаар албаны эх сурвалжууд юу хэлэв?


Дэлхийд нэр хүндтэй, томоохон корпрациудын токенжуулсан хувьцааг гар утасны аппликэйшнээрээ дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн гэх “Теleха” 2021 оноос манай зах зээлд нэвтэрчээ. 

Анх олны танил инфленсерүүдээр дамжуулан цахим орчинд зар сурталчилгаа байршуулсан нь олон хүнд хүрсэн нь цахим дээр одоо ч бий. 

Иргэд хувийн мэдээллээ өгч бүртгүүлээд, хувьцаа авахаар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлсэн аж. Хоёр жил гаруй хугацаанд хэвийн ажиллаж байсан Теleха өнгөрсөн оны 11 сард гэнэт мэдэгдэл гаргасан байна. 

Ингэхдээ “Санхүүгийн Зохицуулах Хорооноос шалгалт хийгдэж байгаа тул аппликэйшн түр хугацаанд ажиллахгүй” гэсэн агуулга бүхий мэдэгдлийг гаргажээ. Тиймээс бид уг мэдэгдлийг нягтлахаар СЗХ-ны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодруулахад “Теleха аппликэйшн анхнаасаа үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ ямар нэгэн тусгай зөвшөөрөл аваагүй учир СЗХ-ноос тайлбар өгөх боломжгүй. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэлээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн Б.Ариунгуа “Теleха аппликэйшнээс хөрөнгө оруулсан ч мөнгөө түгжүүлж авч чадахгүй байгаа иргэд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо өгөөд эхэлсэн. Одоогоор мөрдөн байцаалтын шатанд яваа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Тус аппликэйшнд хөрөнгө оруулсан ч үйл ажиллагааных нь доголдлын улмаас мөнгөө авч чадахгүй байгаа иргэдийн төлөөллөөс ч мөн манай сайтад хандсан юм.  

Хөрөнгө оруулж багагүй мөнгөөр хохироод байгаа хүмүүсийн нэг бол иргэн П юм.

Тэрбээр технологийн чиглэлээр ажилладаг нэгэн бөгөөд нэлээд судалж байж хөрөнгө оруулсан ч яах эсэх нь мэдэгдэхгүй, мөнгөө авч чадахгүй өдийг хүрсэн тул хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаар шийдсэн гэсэн юм.


Олны танил хүмүүс рекламдаад байхаар шууд л итгэчихсэн

Гурван жилийн өмнө “TippyTop”-ийн фейсбүүк хуудас дээр “Ирээдүйгээс ирсэн хүн” гээд контентыг үзэж “Telexa”-гийн талаар ойлголттой болсон юм.  Тэднийхээс гадна олны танил хүмүүсийн ихэнх нь энэ аппликэйшний сурталчлаад бага багаар мөнгөө өсгөх боломж, олон улсын компаниудын токенжуулсан хувьцаанаас ашиг хүртэнэ ээд байхаар нь шууд итгэсэн. Нягталж шалгая гэсэн бодол төрөөгүй, баталгаатай юм байна л гэж бодсон.

Эхлээд  аппликэйшн руу өдөрт 5 мянган төгрөг данснаасаа татуулж байлаа. Өнгөрсөн жилээс таталтаа 15 мянган төгрөг болгож өсгөсөн юм. 

Хувьцааны хөрөнгө оруулалт учраас хурдан хугацаанд мөнгө ольё, гялс баяжна гэсэн зорилго байгаагүй. Бага багаар хуримтлуулж, хувьцаа цуглуулаад байвал ирээдүйд хэрэгтэй гэж бодсон. Одоо бүртгэлтэй данснаасаа 3.6 сая төгрөгөө авч чадахгүй, гацаачихсан. Над шиг олон хүн бий, бид фейсбүүк дээр групп чат үүсгээд цаашид яах эсэхээ ярилцаж байна. Тэнд гэртээ хүүхдээ харж суугаа ээжүүд, оюутны төлбөрөө өсгөх гээд хийчихсэн залуучууд ч бий.

Хэрвээ санхүүгийн бүтээгдэхүүн авах гэж байгаа бол энэ төрлийн бүтээгдэхүүнийг сайтар судалж байж хөрөнгө оруулаарай, дахин нягтлаарай гэж захимаар байна.


Оруулсан мөнгөө авч чадахгүй гурван сарын нүүр үзэж байна

Би гуравдугаар курсийн оюутан. Анх хоёр жилийн өмнө “Теlеха” гэж  аппликэйшний талаар найзаасаа сонсоод хөрөнгө оруулаад үзье гэж шийдсэн. Монголд шууд гаднын компаниудын хувьцаа худалдаж авах боломж нээлттэй байдаггүй шүү дээ. Тиймээс ганц аппликэйшн татаад л хувьцаатай болно гэхээр амар санагдсан. 

Эхлээд 200 мянган төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээд түүнийгээ буцаад зарж болж байсан учраас асуудалгүй л юм байна гэж итгэсэн. Харин өнгөрсөн 9 дүгээр сард 3 сая төгрөг хийгээд 3.2 сая болоод өсчихсөн байсан. 

11 дүгээр сард нийгмийн сүлжээнээс мөнгөө авч болохгүй байна гэсэн мэдээлэл сонсоод мөнгөө татах гэтэл алдаа заагаад ажиллаагүй. Telexa-гаас энэ талаар хэд хоногийн дараа түр хугацаанд ажиллахгүй гэсэн утгатай мэдэгдэл гаргасан. Гэвч одоог хүртэл яах нь тодорхойгүй байна. 



Хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө хохирохгүйн тулд …


Мэдээж хүн бүхэн л зовж олсон хэдэн төгрөгөө өсгөж үржүүлэхийг л хүсдэг. Гэхдээ буух эзэн, буцах хаягтай газруудад хандах л чухал байна.

Хохирогчдын хувь ч энэ аппликэйшний ард хэн ажиллаж байгаа талаар болон СЗХ-нд бүртгэлгүй эсэхийг шалгаж үзээгүй сэтгэлийн хөдлөлдөө автаад хөрөнгө оруулалт хийчихсэн гэдгээ хэлж байлаа.

Telexa-тай адилхан мөнгөө авч чадахгүй, арилжаагаа хийж чадахгүй гацчихсан, түгжигдчихсэн нөхцөл байдал түгээмэл гарч байна. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн жил цахим залилантай холбоотой 13 мянга дөхсөн хэрэг бүртгэгджээ. Энэ бол сүүлийн таван жилийн дунджаас хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг ЦЕГ-ын мэргэжилтэн Б.Ариунгуа онцолсон юм. 

Тиймээс цахимаар койн хувьцаа худалдаж авах, арилжих  нь маш эрсдэлтэй гэдгийг сайтар ойлгож, нягталж шалгасны үндсэн дээр шийдвэр гаргадаг байх нь хамгийн чухал. 

Хэрвээ та койн хувьцаа худалдаж авах, арилжахдаа Теlехатай төстэй вэбсайт, аппликэйшн ашиглах бол тухайн газар яг баталгаатай юу, найдвартай юу гэдгийг маш сайн шалгах хэрэгтэй. Жишээ нь Теlеха аппликэйшн өөрийн гэсэн оффис хаяггүй байх жишээтэй. Хэрвээ оффис хаяггүй бол СЗХ дээр очоод уулзаж албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг нь лавлах зэргээр залилах гэмт хэргийн сэрэмжлэхийг сануулж байна.

Холбоотой сэдвүүд

койн луйвар хувьцаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.