Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, тандан судлаач, доктор Б.Эрдэнэтэй ярилцлаа. Бид энэ удаа хэрхэн байгаль орчиндоо ээлтэй амьдрах вэ сэдвээр яриа өрнүүлэв. Тэрбээр Японы Чибагийн их сургуулийн байгалийн шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны докторын зэргээ хамгаалсан бөгөөд сүүлийн 10 жил олон нийтийн дадал хандлагыг хэрхэн өөрчлөх талаар болон хог хаягдлын менежмент зэрэг сэдвээр хичээл зааж байна.

-Монголчууд хэр их хог хаягдал гаргадаг хүмүүс юм бол?

-2000 оноос өмнө хүмүүсийн хэрэглээнээс үүсэх хог хаягдлын бүтэц бараг тодорхой байлаа. Үүнээс хойш хүмүүсийн хэрэглээний соёл, бүтээгдэхүүний нэр төрөл, эрэлт хэрэгцээ хурдтай өөрчлөгдөн,үйлдвэр, ААН-ийн тоо ч эрс нэмэгдсэн. Тэр хэрээрээ хог хаягдлын хэмжээ ч эрс ихэсчихлээ. Жишээ нь бид жижигхэн бэлэг өгөхийн тулд хэдэн давхар уут сав хэрэглэдэг болсон. Ялангуяа сүүлийн 4 жилд хог хаягдлын хэмжээ огцом өссөн. Жил болгон улсын хэмжээнд хог хаягдлын хэмжээ 500 мянган тонноор нэмэгдэж байна гэсэн БОАЖЯ-ны албан ёсны тоо бий.  Нэг иргэн өдөрт дундажаар 270-900 грамм хог хаядаг гэсэн судалгаа ч гарсан. Энэ их ахуйн хог хаягдлын 40гаруй хувийг дахин боловсруулах боломжтой цаас, хуванцар сав, хөнгөн цагаан лааз, шил гм бүтээгдэхүүн эзэлдэг. 

Хэрэв анзаарвал дугуй худалдаалах цэг дээр 2-3 сарын дотор хаягдал дугуй уул, овоорчихдог. Нэг үеэ бодвол дахин боловсруулах үйлдвэр хуучин дугуйг задлан шинэ бүтээгдэхүүн хийж байгаа ч үйлдвэрлэлийн хүчин чадал нь гарч байгаа хогоо дийлэхгүй байна.

Манай улсын хувьд хог хаягдлын бүтэц нь улирлаас шалтгаалан өөр өөр. Тухайлбал, өвлийн улиралд бараг 60 хувь нь үнс байдаг бол хавар намрын улиралд МАА-н гаралтай хог хаягдал ихэсдэг. Намар оройхон сум болгонд бойн цэгүүдийн био хаягдал, хавар үхсэн малын сэг зэм энд тэндгүй ихэсдэг. Тэр болгонд тохирсон тусгай хог хаягдлын менежмент дутагдаж байна.


-Орон нутгийн иргэд харьцангуй бага хог хаягдал гаргадаг уу?

-Хэрэглээгээ дагаад хог хаягдал нь арай бага л даа. Манай улсын мал сүрэг 84 саяар тоологдож байна. Хавар байгаль орчны чиглэлээр баруун аймгаар явахад 5-6 км тутамд бод малын сэг зэмэн овоолгууд энд тэндгүй таарсан. Зарим газар нь малчид орон нутгийнхан устгах зорилгоор овоолго хийсэн байв. Энэ нь болгоомжтой хандах, тусгай аргаар устган зайлуулах хог хаягдал шүү дээ. Тухайлбал, бод малын сэг зэмэнд өндөр температурт шатаасан ч устдаггүй вирус байдаг. Тиймээс энэ төрлийн вирус агуулагдаж байх өндөр эрсдэлтэй. 

Магадгүй тусгай химийн аргаар саармагжууллаа ч гэсэн тодорхой хугацаанд хөрс, усаар дамжаад аажимдаа дам байдлаар амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бий. Үндсэндээ газрын хөрсний бүрхүүл хог хаягдлын нөлөөгөөр өөрчлөгдөн аюултай цэгүүд бий болж байна гэсэн үг. 

Хүмүүс хог хаягдлаа яаж боловсруулах, ямар шийдэл нь амьдрах орчинд хор хөнөөлгүй байх вэ гэдэг арга технологио мэдэхгүй байна. Миний хувьд энэ чиглэлээр сүүлийн 10 гаруй жил иргэд, олон нийтийн хандлагыг өөрчлөх тал дээр хичээл зааж явна. 

Уг нь манай улсад 2004 оноос хойш хог хаягдлын чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Гэсэн хэдий ч техник технологийн болон институтын хувьд тодорхой зоримог шийдэл хийж байгаа сум суурин бараг алга. Иргэд, олон нийтэд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд зориулсан шинжлэх ухааны үндэслэлтэй гарын авлага ч дутмаг. Тиймээс хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдлыг хүрээлэн буй орчинд халгүйгээр зайлуулах, ялган боловсруулахад мэдээлэл өгөх зорилгоор “Хог хаягдлын менежмент” нэртэй 12 бүлэгтэй номоо гаргалаа. 

-Хүн болгон хог хаягдалгүй багатай орчин бүрдүүлэхийн тулд заавал мэдэх ёстой ямар зүйлс байдаг вэ?

-Дэлхий нийт хог хаягдалгүй, байгальд ээлтэй амьдралын дадал хандлагыг бий болгож, ухаалаг ногоон-хэрэглээнд шилжиж байна. Үүнд заавал мэдэх ёстой хог хаягдлын менежментийн элементүүд бий.

1.Хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийл. Гэртээ, ажлын байрандаа гэх мэт ер нь хаа ч явсан хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлж болно. Тухайлбал бэлгийн сав баглаа боодлын шийдлээс эхлээд, аль ч дэлгүүрт орсон гялгар уут худалдан авахгүй байхаас зөв дадал хандлага эхэлнэ. Уг нь хэвшүүлэхэд тийм хэцүү дадал биш. Машиндаа, шүүгээндээ цүнхэндээ даавуун уут хийчихэд болно. Ингэхэд л гялгар уутны хэрэглээ эрс багасаад ирнэ. Ресторанд хооллохдоо бид илүү гарсан хоолоо хуванцар саванд хийлгэдэг. Ингэхгүйгээр хоолны цэс дээрх грамм хэмжээг нь хараад захиалчихад болно.

2.Хогны эх үүсвэрийг аль болох багасга, дахин ашигла. Бүх байгууллага, ААН-үүд хог хаягдлыг бууруулах менежментийн төлөвлөгөөтэй байх ёстой. Түүнийгээ дагаж хэрэгжүүлж ажиллах нь чухал. Жишээ нь олон хэрэглээд уйдчихсан боловч бүрэн бүтэн халбага сэрээ эсвэл хувцас, тавилга, эд хэрэгсэл байдаг шүү дээ. Тэдгээр зүйлс нь надад, хэрэггүй ч гэсэн өөр бусдад хэрэгтэй байж болно. Жишээ нь ээжүүд, их дээд сургуулийн оюутны төв хамтраад санаачилга гаргахад бусдад өгөөжтэй сайн дурын арга хэмжээ зохион байгуулвал тун өгөөжтэй дээ. Хөдөө орон нутгаас оюутны байранд суухаар ирсэн оюутнуудад тэрхүү эд зүйлсээ үнэ төлбөргүйгээр эсвэл багахан үнээр өгч болно шүү дээ. 

3. Дахин боловсруул. Дараагийн хүн хэрэглэх боломжгүй элэгдэж цоорсон хувцас, тавилга нэг удаагийн аяга таваг хэрэгсэл зэргийг дахин боловсруулдаг. Тэдгээрийг дахин боловсруулахад бас учир бий. Хуванцар сав болгон төрлөөсөө хамаарч тусгай кодтой байдаг. Тэрхүү кодоор нь дахин ангилж, дахин боловсруулж янз бүрийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд болгодог. Бидний мэдэх алдартай брэндүүд ч ийм түүхий эдээр зарим шинэ бүтээгдэхүүнээ хийж байна. Өвдөг тохой цоорсон хувцас хунарыг ашиглан донж маягийг нь тааруулсан, шинэ загвар бүхий бүтээгдэхүүн болгон хэрэгцээгээ хангах, эсвэл хэрэгтэй нэгэнд өгч болно. Энэ нь хог хаягдлыг дахин боловсруулж байгаа энгийн шийдэл, хэлбэр шүү дээ.

4.Хог хаягдлыг энерги болгон хувирга. Хог хаягдлыг энерги болгон хувиргахад тавигдах тусгай технологийн стандарт шаардлагууд, байгаль орчны стандарт шаардлагууд бий. Тэр шаардлагыг хангаж, хог хаягдлын бүтцээ судалж байж тун болгоомжтой хийх ёстой ажил л даа. Манай улс аюултай хог хаягдал ихтэй улс.


-Хүмүүсийн төдийлэн мэддэггүй ч өдөр тутамдаа хэрэглэдэг аюултай хог хаягдлыг нэрлэхгүй юу?

-Аюултай гэдэгт хүмүүсийн энгийн гэж боддог өдөр тутмын олон зүйлс багтдаг. Жишээ нь айл болгонд байдаг гэрлийн шил байна. Гэрэлтүүлгийг хийхэд орсон түүхий эд материал нь хүний эрүүл мэндэд аюултай химийн бодис агуулдаг. Ямар төрлийн чийдэн вэ гэдгээсээ хамаараад эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь янз бүр ч ихэвчлэн хүний таван цул эрхтэнг гэмтээх аюултай. 

Бүх төрлийн зай, батерей, электрон бараа, хүүхдийн электрон тоглоомууд, шүршдэг хөөс, гоо сайхны савлагаатай бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хий, эмульсний сав,будагны лааз  /гм/ бүгд химийн бодис агуулсан учраас аюултай хог хаягдлын тоонд ордог. Эдгээрийг тусад нь ангилж боловсруулдаг.

Харахад гоё савлагаатай, гоё үнэртэй ч агааржуулагчийг ч гэсэн тэр бүр цацахыг зөвлөдөггүй. Лаа ч мөн ижил дотроо ямар ч химийн бодис агуулсан байх магадлалтай. Энэ төрлийн хэт их хэрэглээ агаар орчны бохирдолд, хүний эрүүл мэндэд аажмаар заналхийлдэг. Харамсалтай нь бид тухайн бүтээгдэхүүний гаднах байдал, реклам сурталчилгаанд нь нүдээ чихээ таглуулчихаж. Үүгээр би юу ч битгий хэрэглэ гэж байгаа юм биш, ухаалаг хэрэглэхийг л уриалж байна. 


ХАДАГ ЯНДАР МОДНООС УЯДАГ МУХАР СҮСГЭЭС САЛАХ ЦАГ НЬ БОЛСОН

-Хуучин хөргөгч, гар утас гэх мэт электрон хог хаягдал авдаг газар манайд бий юу?

-Байхгүй. Энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг дахин боловсруулах компаниуд гараасай гэж боддог. Японд гэхэд хуучин гар утсаа тушааж боловсруулан олимпийн алт, мөнгө, хүрэл медалиа хийж байна.


-Хог гэхээр холын зүйл биш, амьсгалах агаар, уух усаар дамжаад бидний эрүүл мэндэд яаж ч сөргөөр нөлөөлж болох нь ээ?

-Сүүлийн үед өсөлтгүй ураг, элдэв төрлийн хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн. Нүдэнд харагдаж байгаагаар нь бид агаарын бохирдол, утаа руу л чихдэг. Яг үнэндээ агаарын бохирдол өвөл зунгүй л байгаа. Нүдэнд харагдахгүй ч гэсэн машины утаа, хогнытоос тоосонцорт бохирдсон агаараар өвөл зунгүй амьсгалдаг.

Агаар, орчны бохирдлын үндсийн үндэс нь хөрсний бохирдол, хог хаягдал юм шүү дээ.  Жишээ нь хаана ч хамаагүй хаяад байгаа хог хаягдал болон сум суурин газар, уул уурхайн болон бусад үйлдвэрүүдийн бий болгож байгаа хогийн цэг хонхорт агуулагдаж буй хог хаягдал нь хөрс, газрын гүний усанд аажимдаа нөлөөлнө. Эргээд бид гүний ус буюу худгийн усаараа ундаалдаг шүү дээ. Бас тэр усаараа хүнсний ногоогоо усладаг ч байж болох юм. Мэдээж тэр хөрс дээр ургасан ургамлыг мал сүрэг бэлчинэ. Гэтэл махыг нь бид иддэг. Ийм учраас хог гэдэг бол шинжлэх ухааны үндэстэй хандахаас аргагүй зүйл. 


-Дахин ашиглах гэдэг дээр монголчуудын хэн нэгэнд хувцасаа өгчихвөл буянаа өгчихнө гэсэн хуучирсан сэтгэлгээ тээг болдог байх. Энэ тал дээр таны бодол?

-Гадаадаас ирсэн комиссын гэгддэг хуучин хувцасыг монголчууд нэг нэгнээсээ нуугдаад л гүйж очоод худалдан авч байна. Тэгсэн мөртлөө яахаараа элэг нэгт монголдоо илүүгээ өгч хувцас эд хэрэгслийг өмсч хэрэглэж болохгүй гэж.

Судалгаагаар явж байхдаа хогоо шатаадаг айлуудтай нэлээн таардаг. Ихэнх нь дундаж амьдралтай,харьцангуй амьдрал хэрэглээ сайтай, өдрийн 20-50 мянган төгрөгийн орлоготой айлууд л даа. Бүгд хашаандаа зориулалтын хог шатаадаг төмөр савтай. Ариун цэврийн хэрэгсэл, живх, шинэ хуучин хувцас хунар гээд юуг ч хамаагүй холиод шатааж байна. Тэр нь ойр орчмын 20-30 метрийн радиуст нь хүний амьсгал боогдохоор хортой утаа гаргадаг гэдгийг ч үл тоодог.

Ингэж шатааж агаар орчноо бохирдуулж байхаар хэрэгтэй хэн нэгэндээ өгчихөж болдоггүй юм уу гэхээр “Болохгүй, буянаа хүнд өгчихнө” гэдэг.  

Дэндүү мухар сүсэгтэй иймэрхүү хандлагыг суурин соёл иргэншилд шилжсэн монголчууд бид халах цаг нь болсон. Бидэнд сэтгэлгээний хувьсгал хэрэгтэй байна.

Хүн өгөөмөр нинжин сэтгэлтэй байвал тэр нь эргээд өөрт нь буян болно. Хүүхдэдээ багадсан хувцасыг угааж цэвэрлээд хэрэгтэй нэгэнд нь өгч яагаад болохгүй гэж. Энэ чинь хог хаягдлыг дахин ашиглаж, эх үүсвэр дээрээ бууруулж багасгаж байгаа л хандлагын нэг шүү дээ.


-Модонд хадаг яндар уядаг гэх мэтээр байгаль дээр шашины үйлийн хог хаягдал хаядаг уламжлал ч бас үргэлжилсээр байгаа шүү дээ?

-Модонд дарцаг, хадаг яндар уяж хийморио сэргээдэг гэж үзвэл надад ямар хиймор лундаа байхгүй дээ. (инээв) Агаарт гарахдаа таарсан элдэв хадгийг шууд тайрч уут саванд хийгээд авч явдаг. Уул овоонд очихдоо хүмүүсийн хаясан архи, сүүний савыг авч, чихрийн гялгар уутыг нь салгадаг. Зарим газар шувуу хүртэл тоож идэхгүй болтол хог үүсчихсэн байх юм. Түүнийг нь эрхбиш хоол хүнс учраас ялзраг гээд хөрсөнд нь булдаг. 

Хүмүүст хандаж хэлэхэд байгаль хангайдаа ямар нэгэн юм өргөж хийморио даатгаж, сүсэглэмээр байгаа бол намар нутгийн ургамлын үр цуглуулчих. Түүнийгээ л сүсэглэн өргөж цацаарай гэж хэлмээр санагддаг. Газрын хөрсөнд шингээд ямар сайхан ургана гээч, үр хүүхдийнх нь ажил үйлс ч түүн шиг ургаж, дэлбээлж дэлгэрэх байлгүй. Хадаг яндар уяж, чихэр, боов, ааруул хурууд цацсанаас хэд дахин их буян болно доо. 


-Улаанбаатарын хог хаягдал, өмхий үнэрийн асуудал нэлээн яригддаг. Та үүнийг хэрхэн хардаг вэ?

-Хүн дуртай хоолоо нэг дор их идвэл гэдэс ходоод боловсруулж чадахгүйгээр барахгүй хоолны хордлогонд ордог шүү дээ. Яг үүн шиг нийслэлийн иргэн бидний өдөр тутамдаа хийдэг буруу дадлаас болоод цэвэрлэх байгууламж хэд дахин ачаалалтай ажиллаж байна. Жишээ нь, хуушуур хайрангуутаа тосоо шууд угаалтуур руугаа хийчихдэг дадалтай хүмүүс олон. Хүн болгон иймэрхүү ухамсартайгаар хандвал ямар ч цэвэрлэх байгууламжийн ажиллагаанд асуудал үүснэ. 

Ухамсартай байна гэдэг хөгжсөн орны иргэдийн л хийдэг зүйл биш. Бид ч гэсэн үр хүүхдээ байгаль орчиндоо ээлтэй ухамсартай иргэн болгож төлөвшүүлмээр байна. 


ТЭР ИЧГЭВТЭР ӨДРӨӨС ХОЙШ БИ ХОГ ХАЯГДАЛ ГЭДГИЙГ УТГААР НЬ АНГИЛДАГ БОЛСОН


-Гадныхан яаж хандаад байна вэ, хог хаягдалтай холбоотой сэтгэлгээний ялгааг тайлбарлаач?

-Японд сурахдаа  би үүнийг мэдэрсэн. Хэлэхэд ичмээр ч бусдад сургамж болох зүйл. Тэнд аль ч орны иргэд очсон ч хороо нь бүртгэж аваад үнэмлэхжүүлчихдэг юм билээ. Дараа нь хог хаягдлаа хаана хаях, хэрхэн ангилах талаар хичээл заалгадаг. Энэ нь мэдээж хариуцлага тооцох арга л даа. Эхний удаад нь би хогоо маш сайн ангиллаа. Дараагийн удаа нь хог сайн ангилалгүй хаячихсан, монгол дадал хандлагаараа юм бодож саналгүй хогоо нэг дор хийчихсэн хэрэг. Орой гэртээ ирсэн чинь миний гаргасан тавьсан ууттай хог хаягдлыг манай хаалганы бариулаас өлгөөд, анхааруулах бичиг наачихсан байсан шүү. 

Санаа зовон гэртээ орж иртэл хөрш маань хаалга тогшиж байна. Тэр эмэгтэй орж ирэнгүүтээ “Та хогоо ангилахдаа алдаа гаргажээ. Би танд туслая” гээд шууд өвдөглөж суугаад миний хаясан, өмхийрсэн хогийг сэжиглэхгүйгээр ялгаад эхэллээ. Дотор нь сонин, гэрлийн шил, яс холиод хийчихсэн байсан гээч. Бараг 45 минут надад уйгагүйгээр хичээл заасан даа. Би ичээд нүүр хийх ч газар олдсонгүй, уучлал гуйж саад болсондоо бантан та гараа угаах уу, хамт цай ууя гэсэн чинь “Намайг уучлаарай. Би танд төвөг удахгүй. Харин ч төвөг болсон намайг уучлаарай” гээд мэхийн ёслоод гарч явсан. Тэр ичгэвтэр үйл явдлаас хойш би ч хог хаягдал гэдэг зүйлийг утгаар нь ангилдаг болсон доо.(инээв) Иргэний хяналт, иргэн иргэндээ нөлөөлнө гэдэг зүйл ийм айхтар байдаг юм билээ. 


-Манайд хог хаягдлыг ийм хэлбэрээр ялгаж ангилах боломж бий юу?

-Байлгүй яахав, дүүрэг юм уу хэсгийн хороодын мэргэжилтнүүд хог хаягдлыг хэрхэн ангилах талаар заахаас гадна иргэн иргэндээ хяналт тавиад явчихвал иргэний дадал хандлага тэр дороо л өөрчлөгдөнө. Манайхан юмыг хүлээж авахдаа сайн, хурдтай улс. Зарим нь хэдийн ялгаж ангилаад эхэлчихсэн. Харин ингэж ангилчихсан ирсэн хогийг ачдаг компаниуд өөрсдөө ч энэ талаар ойлголт сайнгүй байна. 

Миний ажигласнаар ялзардаг хог хаягдлыг 7 хоногт 2 удаа, хэрэггүй ном дэвтэр, хатуу хайрцаг сав зэрэг цаасан хогийг 14 хоногт 1 удаа,  ундааны сав гэх мэт хуванцар хог хаягдлыг 7 хоногт 1 удаа, том оврын тавилгыг иргэд өөрсдөө аваачиж тушааж болно. Ингэхийн тулд дүүрэг болгонд хог хаягдал тээвэрлэлтийн компаниудтай хамтран хэрэгжүүлэх ложикстикийн төлөвлөгөө зөв байх нь чухал. Хэрэв ингэж ангилаад ачаад эхэлчихвэл гарах хог хаягдлын хэмжээ ч багасчихна. 

-Гадны орнууд хэрхэн ангилж сурсан байдаг вэ, жишээ татвал?

Энэ хэв маяг баруунд ч Азийн орнуудад ч адилхан байдаг. Тэдэнд ч бас бидний л нэгэн адил эхлээд хогоо ангилж мэддэггүй байсан үе тэдэнд бий. Бид ч тэр замаар л явж байгаа. Гэсэн хэдий ч шинжлэх ухаан, технологи мэдээлэл хөгжчихсөн энэ үед хоцроод байгаа нь муухай харагдуулахаас аргагүй. Сүүлд Сингапурын “Буурай хөгжлөөс бусдын манлайд хүрэх замнал” гээд сайхан номыг уншлаа. Анх Сингапурчуудыг орон сууцанд оруулсан чинь хогоо цонхоороо хаяж асуудал үүсгээд байж. Энэ бүхнийг соёлын компанит ажил өрнүүлж байж иргэнийхээ ухамсар дадал хандлагыг цэгцэлж авсан талаарх сонирхолтой түүх уншаад олзуурхсан. Бидэнд ч гэсэн ийм төрлийн соёлын довтолгоон хэрэгтэй байна.

Хогоо ангилж хаяна гэдэг хүмүүсийг зовоож, цагийг нь хумсласан, илүү зардалтай, утгагүй шаналгасан зүйл биш шүү дээ.  

Ямар ч хүн өндөр барилга байшин хараад соёлын шоконд ордоггүй. Харин тухайн орны хуулинд нь захирагдаад хүмүүстэй нь ижил үүрэг, хариуцлага хүлээгээд ирэхээр л соёлын шок гэдэг зүйлийг мэдэрдэг гэж би боддог.

-Ландфил буюу хог хаягдлыг газрын хөрсөнд дарж булах арга манай улсад түгээмэл. Энэ хэр зөв арга вэ?

-Сургалт зохион байгуулан аймаг, орон нутгаар явахад аймаг сум болгон хогийн цэгтэй, түүнийгээ яах учраа мэдэхгүй байна. Удирдлагууд нь энэ асуудлыг яаж шийдэх вэ гэсэн асуултыг түгээмэл тавьдаг. Хүн бүгдэд хүрч тайлбарлаж, зааж чадахгүйгээс хойш би, номондоо ямар аргаар ландфил хийхийг бичсэн. 

Уг нь ландфил буюу хогийн цэг үүсгэн газрын хөрсөнд дарж булах бол хамгийн сүүлийн арга. Булах технологи гэдэг нь нүх ухаад машин машинаар нь хог асгана гэсэн үг огтоос биш. 

Эхлээд хог хаягдлаа ангилж, ялгаж салгана. Түүнийг ангилж тээвэрлэн заримыг нь боловсруулах үйлдвэрт нөгөө хэсгийг нь хог хаягдлыг энерги болгон хувиргах үйлдвэрт, үүнээс үүссэн хогийг нь хогийн цэгт хүргэж зайлуулах хамгийн сүүлийн шат дамжлага. 

Булахдаа хог хаягдал болон газрын хөрсийг хооронд нь тусгаарласан гео-мембрам буюу тусгаарлах хальс дэвсэж өгөх ёстой. Бас ямар ч төрлийн хог хаягдалд физик химийн урвал явагдаж газрын ёроолд нь шингэн шүүрэл үүсдэг. Тэрхүү шүүрлийг ландфилийн байгууламжийг анх бэлтгэхдээ суулгасан нүх бүхий хоолойгоор дамжуулан соруулж авахаас гадна байнга шүүрлийн шингэнийг хянадаг. Мөн тэрхүү ландфилийн байгууламжаас хий ялгарч байдаг юм. Тэрхүү хийг соруулах хоолойг бас анхнаас нь суурилуулдаг. Ингээд төлөвлөсөн 25-30 жилийн дараа тухайн газрыг хаахдаа дээгүүр нь дахин геомембранаараа хучиж, дээр нь 60 см шавар, шороон үе үүсгээд нутгийн унаган ургамлуудыг тарьж нөхөн сэргээлт хийдэг. Дунджаар 15 жилийн турш хий, шүүрлийн шингэн, гүний усыг тус бүрд нь байнга хянаж, байгаль орчны стандарт шаардлагуудыг хангасан гэж үзсэн нөхцөлд нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгон ашигладаг дэлхийн улс орнуудын жишээ бий. 

Сум аймаг болгонд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулахад асар өндөр зардалтай. Харин дахин ангилалтыг сайтар хийж эзэлхүүнийг нь багасган бутлаад төвлөрсөн хог боловсруулах үйлдвэрүүд рүү тээвэрлэх ложистикийн асуудалыг шийдвэрлэх сонголтууд бий.


АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭД ЭСИЙГ ГЭМТЭЭДЭГ АСБЕСТИЙГ МОНГОЛЧУУД ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭЖ БАЙНА

-Нийслэлийн ихэнх орон сууц бункер буюу хог хаях хоолойтой. Эндээс л эхлэх юм биш үү?

-Бункер нь тийм ч зөв арга биш л дээ. Бусад улс орнууд халаад эхэлчихсэн. Яагаад гэхээр тэнд хорхой шавж үржиж, эвгүй үнэр гардаг шүү дээ. 

Манай орц гэхэд бүх бункерээ хаачихсан. Аз болоход манай орцонд Жайкагийн төсөл хэрэгжсэн. Бид 7 хоногт 2 удаа хогоо ачуулаад сурчихсан. Том хог хаягдал болох, хуучин тавилгын асуудал нэлээн төвөгтэй харагддаг. Тавилга үйлдвэрлэгч компаниуд үүнийг анхааралдаа авч тусгай менежмент хэрэгжүүлбэл сайхан ажил болно доо. Уг нь нийгмийн хариуцлага гэдэг мөнгө хандив өгөхийн нэр биш, нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг гүйцэтгэл, хандивын соёл нь тусдаа асуудал. Бид ялгаж салгаж ойлгох цаг нь болсон.


-Судлаачийн хувьд эмзэглэж явдаг ямар асуудал байдаг вэ?

-Заавал мэддэг байх асуудал бол гэрийн дотор агаарын бохирдол. Үүнийг манайхан төдийлэн ойлгохгүй байна. Ханандаа маш гоё чулуу шигтгэсэн, уналттай таазтай, гоё тавилга, паркетан шал, хулдаас хэрэглэсэн айлууд, тэндээс нь юу ялгарч өдөр тутамдаа яаж эрүүл мэндээ хордож байгаагаа анзаардаггүй. Өнөөгийн байдлаар манайд импортоор хяналтгүй орж ирсэн эдгээр материалуудын ихэнх нь стандартын бус. Нөгөө л бидний ярьдаг хүний эрүүл мэндэд хортой бодисууд үүнд ихээр агуулж байна.

Намайг Японд сурч байхад баригдаад удаагүй шинэхэн хорооллыг нурааж шуугиан дэгдээсэн. Шалтгаан нь тэрхүү хорооллыг барихдаа германы хамгийн сүүлийн үеийн дулаалгын материал болох асбестыг хэрэглэсэнд байсан. Тэрхүү хорооллын барилгад 5-13 жил амьдарсан 0-6 насны хүүхдүүд 65-аас дээш насны бүх хүмүүсийн дунд амьсгалын замын эд эрхтний хавдар тахал шиг дэгдсэн байгаа юм. Үүний учрыг олохоор япончууд ууж идэж байгаа зүйл, тавилга, орчин, барилгын материал гээд бүх зүйлийг нь судлажээ. Эцэст нь учир дулаалгын материалд байсныг олж тогтоосон. Асбестын молекул байнга ууршиж амьсгалын замын эд эсийг гэмтээдэг. Уушги нь маш хөвсгөр байх ёстой харин асбестийн нөлөөллөөс болж гэмтэн гуяны цул мах шиг зүйл болгодог талаар судлаачид нь ярьж байсан.

Гэтэл манайхан асбестийг 100 айлын барилгын материалын захад өргөн хэмжээгээр зарж байна, ачигч нар нь нүцгэн шахуу ачиж байгааг хараад эх хүний хувьд хараад сэтгэл өвддөг.

Дэлхийн 100 орчим оронд асбестийг хориглочихоод байгаа ч манайхан өргөн хэрэглэж байна. Газар доорх дулааны шугамд хэрэглэдэг, гэр хороолол зуслангийн орчмын бараг бүх айл байшингаа барихдаа шилэн хөвөн буюу асбест агуулсан материал ашигладаг. Иймд төрөөс барилгын материалын стандартын талаар хатуу бодлого барьж итгэмжлэгдсэн лабораториуд баталгаажуулж байх ёстой гэж судлаачийн хувьд үздэг. 


-Та өөрийн дуу хоолойгоо хэрхэн хүргэж байна вэ?

-Би өргөдөл бичих, гомдол гаргах дуртай төрлийн хүн.(инээв) Харьяа хороо, дүүрэг нийслэл, өргөдөл гомдлын байнгын хороо гээд зөндөө бичнэ. Өргөдөл гомдлын байнгын хороонд бичсэн асуудал л шийдэгдсэн. Бусдад нь хариу ирдэггүй юм билээ. Албан тушаалтнууд доод шат руугаа шиднэ, үүрэгдэнэ. Нэг шинэков асуудлыг ойлгож, суралцаж  шийдэх гэсээр засаг солигдоно. 

Уг нь МАН-ын эсвэл АН-ын утаа эсвэл МАН-ын эсвэл АН-ын агаар орчны бохирдол, хог хаягдал гэж байхгүй.

Энэ бол ард түмний, иргэн нэг бүрийн хариуцлагын асуудал. Бид бүгд хохирогчид. Ялагч гэж байхгүй. Бидний энэ асуудлыг ямар ч нам, засаг шийдэх чадахгүй. Харин засаг ард иргэдээ зөв үйлд уриалан дуудсан асар хүчтэй компанит ажлыг өрнүүлмээр байна. 

Хог хаягдлыг боловсруулах холбооныхон маш олон жилийн турш чадлаараа зүтгэж ирсэн. Гэтэл яагаад тэдний боловсруулсан ТЭЗҮ, төслүүдэд нь шаардлагатай төсөв мөнгийг нь шийдэж чадахгүй өдий хүрсэн. Оруулсан хөрөнгө оруулалтаа богино хугацаанд эргэн төлж чадах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй, гацааж байгаад харамсдаг. 

-Хог хаягдал буруу боловсруулж байхтай таарч байв уу?

-Тос тосолгооны материал сольдог газар гэхэд хаягдал тос маслыг хэдэн давхар шүүлтүүртэй зууханд шатааж төвөө халаачихсан, эко шийдэл олчихлоо гээд олзуурхаж байхтай таарлаа. Үнэн  хэрэг дээрээ тэр шатааж байгаа тос масло нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар ямар ч мэдлэггүй.

Учир нь шатааж буй маслоос ууршиж буй хорт хий, утаанд хүнд металлын элементүүд агуулагддаг. Нөлөөгөөр нь хүний уураг тархи сэтгэц, амьсгалын замын эд эрхтэн цаашлаад түрүү булчирхайн хорт хавдыг үүсгэдэг гэдгийг судалгаагаар нотлогдсон. Тайлбарлаж хэлэхээр л ойлгож анзаарч хор холбогдлыг нь ойлгож байна.

Мэдээлэлгүйн улмаас ид дунд насныхан өөрсдөө ч мэдэхгүйн хордож өвчилж байгааг хараад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Ийм учраас хог хаягдлын асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж, зөв тогтвортой менежмент бий болгоход засаг мөнгө харамлах учиргүй. Бид зөв ойлголт, мэдлэг мэдээлэлтэй болох хэрэгтэй байна. Иймд бүх түвшний шийдвэр гаргагчид, олон нийтэд зориулж “Хог хаягдлын менежмент” гэсэн шинжлэх ухааны хялбаршуулсан гарын авлага гаргасан.Иргэд ч бас журамт үүргээ биелүүлж нийгмийн хариуцлагатай гүйцэтгэлтэй иргэн болцгооё гэж уриалмаар байна.