Дижитал орчинд ч гэсэн бидний хүрээлэн буй орчных шиг хог хаягдал тоо томшгүй их болжээ. Хэрэгцээгүй цахим шуудан, файл, аппликейшн, зураг болоод бичлэгүүд нь бүгд дижитал хаягдал юм. 

Эдгээр дижитал хаягдал нь дижитал ертөнцдөө бидний мэдэхээр бохирдол үүсгэх бөгөөд хэдий бид ашиглахгүй, мартаад орхисон байсан ч эрчим хүч зарцуулагдаж байдаг байна. 

Дижитал хаягдал нь серверт эргэн сэргээж болохуйц гэсэн ангилалд багтан цахилгаан хороосоор л байдаг юм. Жил бүр интернет болон интернетийг дэмжигч системүүд нь агаарт 900 сая тонн нүүрсхүчилийн хий ялгаруулдаг аж. Энэ нь Герман улсын нэг жилд ялгаруулдаг нүүрсхүчилийн хийн хэмжээнээс ч их гэсэн үг. 

Зарим судалгаагаар арван жилийн дотор гэхэд интернет сүлжээ нь дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний даруй 20 хувийг дангаар ашиглана гэж үзжээ. 

Хэрэв бид огт хэрэгцээгүй файл, аппликейшн, зураг, бичлэгүүдээ бүгдийг устгаж чадвал бид зөвхөн агаарт нийлэх их хэмжээний нүүрс хүчлийн хийг бууруулаад зогсохгүй өөрсдийн ухаалаг төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацааг уртасгана. Бас илүү тэнцвэртэй байдлыг бий болгон ухаалаг төхөөрөмжөө илүү үр ашигтайгаар хэрэглэх нөхцөл бүрдэх юм. 

Тиймээс бид таныг 3 дугаар сарын 20-ны өдөр тохиох дижитал их цэвэрлэгээний өдөрт нэгдэхийг уриалж байна.


Сонирхуулахад:

✔Хэрэв шууд дамжуулалтын суваг үздэг 70 сая хэрэглэгчид үзэж буй дүрснийхээ чанарыг HD форматаас стандарт форматад шилжүүлэн үзвэл сар бүрийн агаарт нийлэх нүүрс хүчлийн хий 3.5 сая тонноор буурна.


✔Цахим хуралдаанд 15 цагийн турш дүрсээ өгөн оролцдог нэг ажилтан гэхэд сард 9.4кг нүүрсхүчилийн хийг ялгаруулдаг. Тиймээс хуралдаанд дүрсээ өгөхгүй оролцвол тэрээр 3 жилийн турш нэг ухаалаг утсыг үдэш бүр дүүртэл нь цэнэглэх хэмжээний эрчим хүчийг хэмнэх юм. 


✔Биткойн олборлоход Шинэ Зеланд улсын нэг жилд хэрэглээний цахилгаанаас ч илүү их цахилгаан эрчим хүч зарцуулдаг байна. Биткойн олборлолтын эцсийн дүнд цөөн хэдэн бит болон дата л үйлдвэрлэгддэг гэдгийг санаж байх нь үнэхээр чухал. Энэ үйл явц нь тооцоололын системээр дамжуулан асар их хэмжээний цахилгаан эрчим хүчийг зарцуулдаг ч үр дүнд нь үнэхээр бодитоор гарт баригдаж, нүдэнд харагдах бүтээгдэхүүн бүтдэггүй. 


✔Дүрст шууд дамжуулалтыг өдөрт дор хаяж 2 цагийн турш цацлаа гэж төсөөлье. Үүнд зарцуулах цахилгаан эрчим хүчээр та электрон скүүтерээ цэнэглэвэл нийт 3000км замыг туулах боломжтой. 


✔Гүүгл платформ нь өдөрт 15616МВт цахилгаан зарцуулдаг бөгөөд үүгээр сая хүн амтай улсын нэг өдрийн хэрэглээг хангаж болох юм.


✔Дэлхий дээрх бүх л нарны цахилгаан хавтанг нийлүүлэн ашиглахад бидний өдөр тутмын дата хэрэглээний ердөө гуравны нэгийг л хангаж чадна. 

Тэгвэл хэрхэн дижитал их цэвэрлэгээг хийх вэ?

Алхам 1: Ухаалаг утсаа цэвэрлэх

Ойрын хугацаанд огт ашиглаагүй, ашиглахгүй аппликейшнээ устгахаас эхлээрэй. Та өөрөө ч утсан дээр тань байдгийг мартсан тэдгээр аппликейшн, тоглоомуудаа устгах хэрэгтэй. Хэзээ мөдгүй хэрэгцээ нь гарч магадгүй мэт санагдавч яг үнэндээ та хэзээ ч хэрэглэхгүй. Тэдгээр нь ашиглагдахгүй байсан ч сар бүр зуу зуун мегабит датаг цуглуулж, цахилгаан зарцуулж байдаг юм. 

Мөн утсан дээр тань бүртгэлтэй, ашиглахаа байсан хуучин хаягуудаа ч устгаарай. Энэ нь таны утасны ачааллах хурдыг нэмэгдүүлэх бөгөөд цэнэгээ хадгалах хугацааг ч сунгана. 

Галлерей доторх давхар хадгалагдсан зураг, бичлэгүүдээ устгах нь таны утасны багтаамжийг чөлөөлнө.

Алхам 2: Суурин болон зөөврийн компьютероо цэвэрлэх

Ашиглахаас нэгэнт өнгөрсөн, хэрэгцээгүй файлууд болон тэдгээрийн давхар хадгалагдсан хувилбаруудыг устгалд оруулаарай. Зурагнуудаа эмхэлж, давхардсан эсвэл чанар муухан дарагдсан зургаа ч бас устгаарай. 

Алхам 3: Цахим шуудангийн хайрцагаа цэвэрлэх

Хуучин шуудангаасаа эхлээд хэрэгцээгүй шуудангуудаа устгаад уншихаа больсон цахим сонингоо "unsubscribe" хийгээрэй. 


Эх сурвалж: worldcleanupday.org