“Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуу 10 жил Өмнөд Энэтхэгийн Брайбүн хийдэд шавилж дараа нь Английн Сандерландын Их сургуульд шашин судлалаар сурч байсан боловсролтой лам нарын нэг юм. Буддизмд бодитоор шинжлэх ухаанчаар  ханддаг түүний яриа олон хүнд сонирхолтой байх болов уу. Бид буддизм гэж ямар нэг далдын хүчинд итгэх итгэл үү, аль эсвэл орчлон ертөнц, амьдралын мөн чанар уу зэрэг сэдвүүдээр ярилцлаа. Бидний яриа мөн монголчуудын дунд төөрөлдөж явдаг зарим асуудлыг ч хөндсөн юм.

-Та Бурханы шашинтнууд Буддын сургаалиа унших, ойлгох, хэрэгжүүлэх нь чухал байна аа гэж ярьдаг. Тэгвэл зарим хүмүүс ядууст гараасаа мөнгө өгвөл, хуучин хувцасаа өгчихвөл буян арилчихна гэдэг.  Бурханы шашинд юу гэж сургасан байдаг вэ?

-Бурханы шашинтан хүн ингэж хэлж байгаа бол их харамсалтай. Бурханы шашны хамаг эрдэмтэн, лам нарыг нь хөнөөгөөд, зааж сургахыг 60 жил хорих хооронд хүмүүс өөрсдөө зан заншил зохиочихсон, түүнийгээ бурханы шашин гэж ойлгож тайлбарласнаас энэ бүхэн үүдэлтэй. Хамгийн энгийн буруу жишээ гэхэд хүүхдийн живхийг хогон дээр хаяж болохгүй гээд ууланд булж байгалийг сүйдэлж байгаа явдал юм. Ер нь уул овоон дээр гарч чин сэтгэлээсээ сүсэглэн өргөх атлаа сүүний сав архины шил зэргээ нөгөө уул усандаа хаях, нэг сумын наадам болоход л тэрүүгээр нэг хог болгож орхидогоо болих хэрэгтэй. Үнэндээ тэр лус, газрын эзэд, тэнгэр нар байдаг юмаа гэхэд тэд бидний өргөсөн сүүтэй сүүгүй болно, харин тарьсан хог маань байгаль дэлхийг, тэдний эздийг бузарлаж байгаа биз дээ.

Бурханы шашинд хувцасаа ядруухан хүнд өгчихвөл хийморь доройтно, хүнд өглөг өгөхдөө шидэж өгөх ёстой, гараараа өгчихвөл буян нь арилчихна гэсэн ойлголт огт байхгүй. Бусдад хэрэгтэй зүйлийг шатаана гэдэг дэндүү аминч үзэл юм. Бүр  яаж ч тэврэлдээд нэг нь нөгөөдөө буян, нүглээ дамжуулах боломжгүй гэж бурханы шашинд үздэг. Буян нүгэл гэдэг бид нар хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой л гэсэн ойлголт. Тэр нь хэзээ ч баларч арилахгүй, хэзээ нэгэн цагт өөрт нь заавал ирэх зүйл.


-Ер нь өнөөдрийн ёс суртахуун доройтсон нийгэмд шашин нийгэмд ямар үүрэгтэй вэ?

-Жишээлбэл хүн баруун гараа огт ажиллуулахгүй удлаа гэхэд төд удалгүй нарийсаад хатингаршина. Бие махбод үргэлж л хөдөлж ажиллаж байж эрүүл байдгийг харуулсан дээрх жишээтэй ижил, ёс суртахууныг булчин гэж үзвэл түүнийг байнга л хөгжүүлж байх, ёс суртахууныг хэн нэгэн үргэлж сануулж байх хэрэгтэй. Тэгж байж л шунал хүсэл гэж асар хүчтэй зүйлээс жаахан  ч атугай гарах юм. Ер нь нийгэмд ёс суртахууныг ятган ухуулж байдаг гол институци бол сүм хийд. 

Христийн шашинтай хүн гэхэд 7 хоног болгон сүмдээ очиж буруу юм хийсэн бол гэмшдэг, алдсан бол ахиад ухаарах сэдлийг төрүүлдэг. Тэгэхээр Монголчуудыг буруу зөвийг ятган ухуулж байдаг тэр зүйлийг нь, Бурханы шашныг нь хорьсон он жилүүд ёс суртахуунгүй, үнэт зүйлгүй байдал газар авахад хүргэсэн нь үнэн. Бурханы шашины үүрэг нь нийгэмд зөвийг үлгэрлэдэг, ятгадаг байх ёстой. Тэгэхийн тулд бурханы шашин ил, лам хувраг нь даржин байх ёстой. 


-Будда шуналаа дарахыг номлосон гэдэг. Гэтэл бодит амьдрал дээр зөрчилдөөд л байна шүү дээ?

-Тухайлбал хүн авилга аваагүй гэж хэн ч хэлж болно шүү дээ. Үүнийг эд хөрөнгөний зарцуулалтаар л хянана. Би шуналгүй хүн, та шуналаа багасга гэж айлдах амархан, тэгвэл татгалзсан нь харагдаж мэдэгдэх ёстой. "Hermes"-ийн ч  буюу хэрээс хэтэрсэн тансаг, үнэтэй гутал өмсчөөд, эсвэл өмсөх дуртай гэчихээд шуналыг дарах хэрэгтэй гэж яривал агуулга хэлбэрийн зөрчил мөнөөсөө мөн.Тэр мөнгөөрөө ядууст тусла л даа. Ер нь Будда шуналыг дарахыг л номлосон шүү дээ. Зарим хүмүүс нууц тарины ёсоор явахаар татгалзахгүй гэж эндүүрдэг. Нууц тарины номоор нэг насанд гэгээрсэн гэдэг Мила Богд биедээ хөдрөх хувцасгүй, идэх хоолгүй л байсан байдаг, хүмүүс морь, хувцас, малгай тэргүүтэн өгөхөд ‘’Гялайлаа, сайхан хувцас байна, гэхдээ надад илүү нэгэн хувцас буй’’ гээд авдаггүй. Нийгэмдээ итгэл заахдаа бид өөрсдийгөө хуурдаггүй байх хэрэгтэй.


-Бурханы шашинтай гэдэг тэр итгэл үнэмшил нь өнөөгийн Монголчуудын хувьд юу байна вэ?

-Буддын шашинд зөв явдлыг дэмжиж, зөв байхыг зохицуулдаг далдын хүч байдаггүй. Гэтэл зүгээр л нэг далдын хүч Х, У намайг аварчихна гэсэн явцуу итгэл үнэмшилтэй холих нь элбэг байна.

Хөдөө орон нутгаар явахад саяхан нэг үлээдэг хүн ирээд явсан өмнө нь долоогоод эдгээдэг мэргэч төлөг ирээд явлаа гэж хэлж байсан. Орон нутаг гэлтгүй мундаг зангиатай хүмүүс олон болсон. Монголын тэргүүлэх группын эзэд хүртэл бас л нөгөө үлээдэг, долоодог хүний арай өөр хувилбараас хэтрэхгүй итгэл үнэмшилтэй байх элбэг шүү дээ. Мөргөчихөөр л аврагдчихна гэж үзэж байгаа бол монатист шашнаас ялгаагүй болж байна.  Гэтэл бурханы шашинд хүн өөрөө өөрчлөгдөж байж өөрийгөө аварна гэж үздэг.


-Таныхаар буян нүгэл гэж юу вэ?

-Зөв буруу үйлдлийг л хэлж байгаа хэрэг.  Бид буян нүгэл гэхээр феодлын ёс суртахууны тутай яриа гэж ойлгодог. Гэтэл үнэндээ юуг хийж болох болохгүй тухай ёс суртахууны тухай л яриа шүү дээ. Өөр үгээр орлуулахгүйгээр оноогоод өгчихсөн үг. Үр хүүхдээ ёс суртахуунтай болгоно гэдэг сэтгэл хангалуун, айдасгүй тайван амьдрах, магадгүй бусдад хүндлэгдэх, бүр том утгаараа МОНГОЛ АМИРЛАХ хөрөнгө оруулалт юм. Түүний тулд та өөрөө судлах, хүүхдэдээ зааварлах хэрэгтэй.Тиймээс үр хүүхдэдээ үүнийг ярьж ойлгуулж сурмаар байна. Тэднийгээ бид хий хоосон зүйл, чөтгөрөөс биш нүглээс айдаг багаас нь хүнлэг хүн болоход хөтлөх үүрэгтэй.


-Буддизмын туйлын зорилго?

-Ерөөсөө л хүн өөрөө өөрийнхөө муу муутайтай тэмцэх юм. Хүн илүү зөв сайн болоход оршдог. Буддист байснаараа, буддын сургаалыг дагаж мөрдсөнөөрөө хувь хүн болоод нийгэмд тодорхой хэмжээний өөрчлөлт гарна.


-Сүүлийн үе ёс суртахуун гэдэг зүйл доройтчихлоо гэж нэлээн ярьдаг боллоо. Үүнийг юутай холбон тайлбарлах вэ?

-Энэ бол ёс суртахуун гэгч дааврыг ялгаруулдаг эрхтэнг нь өнгөрсөн 70 жилд аваад хаячихсантай холбоотой. Үүний төлөө 20 мянган ламыг итгэл үнэмшлийнх нь төлөө цаазалсан. Хэрэв Монголчуудын бурханы шашны уламжлал тасраагүй буян нүгэл, урд хойд насны талаар ярьдаг хэвээр байсан бол айх ичихтэйгээ үлдэх байлаа. Өнөөдөр Монголын бурхан шашин сэргэж байна. Гэхдээ сэргэтлээ урт удаан хугацаа шаарддаг юм байна. Сэргэж ядаад байгаа шалтгаан нь нөгөө л үзэл сурталтай холбоотой. Кинонд үүнийг маш тод харуулдаг. “Сүхбаатар”, “Цогт тайж”, “Нүгэл буян” гээд кинонууд байна. Гэтэл түүх нь шал өөр. 


-Үүнийг сайжруулахын тулд хаанаас эхлэх ёстой юм бол?

Миний бодлоор Монголын буддизм институцийн, хяналтын, зарчмын хувьд эрүүлжиж байж энэ нийгэм ёс суртахуунтай болно. Тэгэхээр тэр түүчээ нь бурхан шашин гэж ярьдаг лам нь өөрөө байх ёстой. Мэргэжлийн тамирчин гэж ярьдаг шиг лам нар ёс суртахууны мэргэжилтнүүд болж байж нийгэм чих тавин сонсч эхэлнэ. Түүнээс биш 570 уначихаад ёс суртахуун, хүсэл шуналаа дарах тухай ярих нь утгагүй. Баруунд нэгэн саятны хүү католикийн шашины кардинал цолыг хүртчихээд өөрийн гэр бүлийн хэрэглээ, тансаг зэрэглэлийн машинаа унахаас татгалзсан байдаг. Тэндэхийн шашны төлөөлөгчид хамгийн хямд төсөр скүүтер унаад явж байдаг. Манайд нэг ламынд очоод нэвтрүүлэг хийхэд л толгой эргэм тансаг орчин хүлээн жишээтэй.


-Нөгөө талаас бурханы шашиныг шүүмжилдэг зоргоороо ярьж гүтгэн доромжилдог хандлага байна. Энэ холбоотой юм бэ?

-Ямар ч шашинтай байсан ч нэгнийгээ хүлээн зөвшөөрч сурмаар байна. Тэр хүн ямар ч шашинтай байсан Монгол л хүн шүү дээ. 

Тэрбээр “Жавзандамба хутагт” төвийн болон Гандандантэгчинлэн хийдийн лам нартай "Өвчтөний сэтгэлийг асрахуй" сургалтыг хавдар өвчнөөр шаналж буй хүмүүст явуулдаг. Лам нар хавдраар өвчилсөн хүмүүстэй оношлогдох үеэс нь л эхлэн зөвлөж, айдас түгшүүр, сэтгэл гутралыг даван туулах бясалгал, Бурханы сургааль номын тухай ярилцаж, эмчилгээ хийлгэх урам зориг өгдөг юм байна. Хамгийн хэцүү нь Халдвар судлалын төвд ажиллачихаад буцаад ирэхэд нүдэн дээр хэн нэгэн нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг ажээ.


-Танаас хамгийн их асуудаг асуулт?

-Сайн сар өдөр л хамгийн их асуудаг. Би мэдэхгүй болохоор яаж хэлэхэв. 


Төвлөрлийн тухай юу хэлэх вэ?

-Бурханы шашинд цаг хэмнэх хамгийн сайн арга бол төвлөрөл гэж үздэг. Төвлөрөл хэдий чинээ өндөр байна, нэгж хугацаанд ноогдох ажлын бүтээмж төдий чинээ өндөр байна гэдэг


-Өдөртөө заавал бодож эргэцүүлдэг зүйл?

-Өдөртөө заавал мөнх бусыг бодож эргэцүүлдэг. Би хэзээ ч үхчихэж болно, орчлон хуурмаг шүү дээ, хэт шунаж болохгүйг сануулдаг.

-Та нэг удаагийн лекцэн дээрээ бурханы шашинтай хүн өдөртөө 6 удаа өөрийнхөө ёс суртахууны талаар бодох ёстой гэж хэлж байсан. Яаж зуршлыг яаж өөртөө хэвшүүлэх?

-Хүн гэдэг зуршлуудын нийлбэр. Муу бодлуудыг өнжөөгөөд л байвал хүч нь сулраад, зөв сайн бодлыг нэг хоёроор нэмээд байвал хөгжөөд л байна. Энэ процессийг тасралтгүй удаан хийж байж л өөрчлөлт гарна. 


-Удахгүй цагаан сар болно. Энэ баярыг зарим хүмүүс хэт ачаалал болгон хүлээн авдаг. Ер нь энэ баярыг хэрхэн тэмдэглэх ёстой юм бэ?

-Цагаан сар бол үндэстний баяр. Монголчууд энэ өдрөөр хамгийн сайхан үндэсний хувцасаа өмсч, билэг дэмбэрэлтэй үгсийг хэлдэг, уг удмаа, настан буурлуудынхаа мэндийг мэддэг. Зарим хүмүүс элдэв бэлэг өгөлцдөг гэж төвөгшөөдөг. Энэ бол хаана ч байдаг соёл. Америк, европчууд гэхэд зул сарын баяраар заавал нэгэндээ бэлэг өгдөг. Шинэ жилээр баахан  оргилуун буудуулна, ганц удаа өмсөх даашинз, хувцас худалдан авдаг хэрнээ түүнийхээ зардал мөнгийг тооцдоггүй.

Цагаан сараар оймс өглөө л гэдэг, үнэндээ хэрэгтэй л зүйл шүү дээ, гол нь үндэсний үйлдвэрлэгчийнхээ үйлдвэрлэсэн зүйлийг нэгэндээ бэлэглэцгээе. Ер нь цагаан сарыг зөв зохистой тэмдэглэх асуудал болохоос биш үзэн ядаад төвөгшөөгөөд байх хэрэггүй юм. 


-Шинийн нэгэнд заавал зүг мөрөө гаргадаг. Ер нь зүг мөрийг заавал гаргах ёстой юм уу. Төвдүүд гэхэд зүг мөрөө гаргадаггүй гэж сонссон?

-Бурханы шашинд сэтгэл сайн явбал цаг болгон сайн, зүг болгон өлзийтэй гэдэг. Гэхдээ бид үргэлж зөв сэтгэлтэй байж чадахгүй тул од эрхсийн, зүг чигийн нөлөө байдаг байх. Цагаан сарын өглөө зүг чиг гаргах зан үйл Монголчуудад л байдаг ёс заншил, дом шиг зүйл юм. Үүнд төвөгшөөж хандалгүй зүг мөрөө гаргах нэг нь гаргаж л байг. Хятад, Япон бүгд л өөрсдийн зан үйл соёлтой, түүнийгээ одоо болтол хадгалаад л явж байна. Магадгүй гадаад хүн ирвэл ийм зан үйл байдаг юм, та ямар жилтэй вэ гээд зан үйлийг нь хийлгэж болно, тэр хүнд сонирхолтой байж магад. Нөгөө талаас, мөр гаргахгүй бол л бүх зүйл балран доройтно гэвэл би итгэхгүй.