Өвлийн улирал эхлэхэд утаа эрс нэмэгдэж, нийслэлийн агаарын бохирдол аюултай түвшинд хүрэхүйц болдог. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол, ханиад томууны оргил үед сурагчдын амралтын хугацааг сунгах эсэх асуудлаар холбогдох байгууллагуудад яригдаж эхлээд буй юм. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн баасан гарагт өөрийн цахим хуудаснаа "Пандеми буюу ханиад томууны дэгдэлт нийтийг хамарсан төлөвтэй байж болзошгүйг судлаачид анхааруулж байна. Энэ өвлийн ханиад шинэ болон олон вирусын үүсгэгчтэй байх төлөвтэй талаар олон улсын байгууллага мэдээлж буйг Орчны бохирдлын үндэсний хорооны ажлын хэсгийн хуралд өчигдөр танилцууллаа. Европ, тэр дундаа ОХУ-д улаан бурхан дэгдээд байна. Одооноос улирлын чанартай ханиад томууны үеийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангая, эцэг эхчүүд ч ажил амьдралаа эртхэн төлөвлөг гэдэг үүднээс сурагчдын амралтыг 12 дугаар сарын 25 -наас 2 дугаар сарын 1 болгох санал гаргасныг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн төдийгүй дийлэнх нь 12-р сарын 15-наас 2-р сарын 15 болгох нь оновчтой. 12 дугаар сарын дундаас шинэ жилийн баяр эхэлж хүүхэд залуус олноор цуглаж ханиадны халдвар тархалтыг нэмэгдүүлдэг тухай яриа өрнөж ажлын хэсэг саналаа холбогдох байгууллагуудад хүргэхээр боллоо" хэмээн нийтлэсэн.

Тэгвэл тус өдөр Эрүүл мэндийн яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтыг “2018 оны 12 дугаар сарын 15-аас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд тогтоох” саналыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлжээ.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо тус саналыг дэмжвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах юм байна.