Б.Баясгалан
11 сарын 15, 2018
Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороодыг хариуцсан 152 улсын /ахлах/ байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар томилж, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна.
Энэ талаар өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
2017-2018 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй авто засвар, дугуй засвар, авто угаалга, ТҮЦ, павильон, манаачийн байр, худалдаа үйлчилгээний газрууд, агаар бохирдуулагч томоохон эх үүсвэр, уурын болон усан халаалтын зуух ашиглагч нийт давхардсан тоогоор 6210 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалтыг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, дүүрэг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран хийж гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтаар Агаарын тухай хууль, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулахаар 6502 мэдэгдэх хуудас, зөрчлийг арилгах улсын байцаагчийн 1146 албан шаардлага хүргүүлжээ.
Мөн Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийт 88 сая 140 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 101 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбуулж, 33 халаалтын зууханд үнс баригч тавиулж, 3 зуухны ашиглалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож,1478 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1501 объектын энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулснаар жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9500-10600 тн-р бууруулж, 1200-1400 тн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийлж ажиллалаа.
Мөн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрөлгүй, нийтийн болон ачаа тээврийн нийт 412 аж ахуйн нэгж, байгууллагад улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж, мөн агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 9 төрлийн анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий 7950 ш зурагт хуудас, стикир наалтыг байршуулан ажиллаж байна.
Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал
Хог шатаах /дугуй, хуванцар, ашигласан масло зэрэг/ процессын үед диоксин, фуран хорт нэгдэл үүсэж, үнс хөө тортогтой хамт агаар, хөрсийг бохирдуулна. Диоксин, фуран хөрсөнд 10-12 жил, агаарт 32 хоног, хүний биед 3-20 жил болж байж хагас задарна. Хоол хүнс, агаар усаар дамжин хүний биеийн өөхлөг хэсэгт хуримтлагдаж доорх өвчлөлүүдийг үүсгэдэг.
Үүнд: Гажигтай хүүхэд төрөх, Дутуу төрөх, Чихрийн шижин, Сурах чадвар буурах, Дархлаа сулрах, Уушигны өвчлөл, Арьсны өвчлөл зэрэг орно.
Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага, Ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3,5 дахин зөрүүтэй байгаа судалгаа гарсан байна.
Дугуй, хуванцар, хог шатаах, тортог ихтэй тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцох зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж агаар бохирдуулж буй зөрчлийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар мэдээлнэ үү.
Зөрчлийн тухай хуулиар: Агаар бохирдуулж буй хүнийг 50.0 мянгаас 1 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 500.0 мянгаас 10 сая хүртэл төгрөгөөр торгоно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.