Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраасСар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор хийсэн хяналт шалгалтын явцын талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын даргын 01/04 баталсан удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид энэ сарын 09-ний өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж буй аж.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад 158 аж ахуйн нэгж, 950 иргэн, нийт 1108 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудыг хамруулжээ.

Шалгалтын явцад 518 зөрчил илрүүлснээс 291 буюу 56.2 хувийг арилгуулсан. 71 аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг зөрчлийн хэрэг нээж шалгаж байна. 69 аж ахуй нэгж, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

СХД-ийн Эгүшин ХХК-ийн хүнсний дэлгүүр, Энхжин, Сэлэнгэ зах, БГД-ийн Хархорин худалдааны төв, Хорооолол зах, Барс 2, Шилэн зах, Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд худалдаалагдаж байсан хадгалах горим алдсан, хадгалалтын хугацаа дууссан 35 нэр төрлийн 65 кг, 346 ширхэг, 1138.3 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлсэн байна.

Мөн хаяг шошгын зөрчилтэй 23 нэр төрлийн 60.2 кг, 695 ширхэг 1707.6 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэжээ.

"Уран урт” ХХК-ийн “тэнгэрийн хур газрын ааг” нэртэй цай, Делта фүүд ХХК-ийн цагаан будааг газар дээр нь буцаан татан авалт хийлгүүлж, Мон давс ХХК-ийн БНХАУ-аас импортлосон 500 гр-ийн савлагаатай хадгалах хугацаа дууссан 1000 ширхэг иоджуулсан давсыг битүүмжилж зөрчлийн хэрэг нээсэн гэдгийг мэдээллээ.

Мөн СХД-ийн "Сайхан монгол" ХХК-ийн Сэлэнгэ худалдааны төвийн нарийн боовны тасагт худалдаалж байсан "Best bekery" ХХК-ийн хаяг шошгын зөрчилтэй 4 нэр төрлийн 1058 ширхэг 2645.0 төгрөгийн нарийн боовыг татан авалт хийлгэжээ.

Эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй үйл ажиллагаа явуулж байсан БЗД-ийн Зочин 999 цайны газрын үйл ажиллагааг зогсоож зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.



ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж ард иргэддээ хаана, хэзээ, ямар орчинд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бууз, банш, бөөрөнхий мах, хэвийн боов, гурилан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Худалдан авалт хийхдээ эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн сонгон авах, гудамж талбайд ил задгай болон автомашин дээрээс гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордлогот халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.


Хүчинтэй хугацаа дууссан болон гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүд