Ц.Шинэдолгор: Хүүхдийнхээ дэргэд сөрөг үг хэлнэ гэдэг компьютерээр бол вирустай програм суулгаж байна гэсэн үг

П.Мөнгөнсор
10 сарын 12, 2026

Цахим орчинд бие биеэ элдэвлэн дооглож, хараалын үгийг хайр найргүй урсгадаг үзэгдэл хэвийн мэт болжээ. Аав, ээжүүд ч хүүхдийнхээ дэргэд хэн нэгэнтэй бүдүүлэг харьцан, муу үг чулуудаж байгаа харагддаг. Тэгвэл энэ нь хүүхдийн тархи, сэтгэл зүй, цаашдын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар сэтгэл зүйч Ц.Шинэдолгортой ярилцлаа.


ЗААВАЛ ХАРААЛЫН ҮГ ХЭЛЖ ХӨГЖИЛДӨХ ШААРДЛАГАГҮЙ


-Саяхан сошиал орчинд “Хуц гэсэн юм би” гэдэг үг хэллэг нэлээд газар авлаа. Түүнийг сонсох бүрдээ хүүхдүүд үзэж байгаа даа, сурчихвал яана аа гэж бодогдох юм. Эдгээр үгс хүүхдийн зан авир, сэтгэл зүйд нөлөөлдөг үү?


-Ээж хүнийхээ хувьд ч, сэтгэл зүйч хүнийхээ хувьд ч энэ асуудалд маш их эмзэглэж явдаг. Гудамжаар зөрж байгаа бага насны хүүхдүүд болохгүй, бүтэхгүй сөрөг үгсийг ямар ч бодолгүйгээр хэлж байгаа нь ажиглагддаг.


Мэдээж хараалын үг хэлэх нь хүүхдийн тархины хөгжил болон сэтгэл зүйд шууд сөрөг нөлөөтэй.

Хүүхдүүд эдгээр үгсийг хаа нэгтэйгээс сурч байгаа шүү дээ. Гэр бүл, сургуулийн орчин, эсвэл үзэж байгаа контентоосоо сонсдог. Ингэж олон дахин сонссоноор "Хараалын үг хэлэх нь хэвийн зүйл юм байна, байж болох юм байна" гэх ойлголтыг давтамжтайгаар авч байна. 

Уг нь заавал хараалын үг хэлж хөгжилдөх ямар ч шаардлагагүй.

Хүний тархинд "Толин мэдрэлийн эсийн тогтолцоо" гэж бий. Орчинд нь ямар үг, ааш авир байна, тэрийг өөрөө хэлж байгаа юм шиг тархинд нь идэвхжиж байдаг.

 Хүүхэд байгалиасаа даган дуурайх рефлекстэй тул тэдгээр сөрөг үгийг өөрөө хэлж биежүүлж байгаа юм.


- Муу үг хэлж байна гэдэг тэр хэрээр муу муухайг сэтгэж, бодож байна гэсэн үг үү?


Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хэл яриа, сэтгэхүй хоёр салшгүй холбоотой гэж үздэг. Хүний сонгон ярьж байгаа үг, үг ярианы хөгжил нь тухайн хүний сэтгэхүйн хөгжил, түвшинг илэрхийлж байгаа юм.

“Хүнтэй таван үг солиход л тар нь танигддаг” гэж монголчууд дээр үеэс ярьдаг шүү дээ.

Сэтгэхүйд шүүмжлэлт болон эргэцүүлэн бодох олон чадвар бий. Шүүн тунгаан бодохгүй байгаа учраас хүмүүс хэл яриагаа захирч чадахгүй, хараалын үгийг харамгүй чулуудаж байна.


- Монголчууд дээр үеэсээ эерэг үг хэлж, сайн сайхныг бодож явахыг захидаг байсан. Энэ утга, агуулга л яваад байх шиг?


-Монголчууд "Амны билгээс ашдын билиг", "Ам юугаар бялхана, амьдрал түүгээр бялхана" гэж ярьдаг. Энэ бол өвөг дээдсээс уламжилж ирсэн маш том оюуны болон хэл соёлын дархлаа юм. Гэтэл өнөөдөр эх хэлний яруу баялаг чанар орхигдож, эмгэнэлтэй түвшинд очоод байна.

Энэ нь хүмүүс хоорондын харилцааны соёл доод түвшинд очсоныг харуулж байгаа юм. 

Ээжүүд өглөө бүр амьдрал ахуй, үр хүүхдээ даатган цайныхаа дээжийг өргөж, эерэг үг хэлдэг нь үр хүүхдэд нь  маш хүчтэй ерөөл болдог.

 Монгол уламжлал маань уг нь шинжлэх ухааны үндэстэй, гайхалтай соёлтой ард түмэн. 

Хань ижлээ “Та” гэж хүндэтгэн дууддаг өөр нэгэн жишээ байна. "Та" гэж дуудсан харилцааны араас барагтай бол муу үг гардаггүй. Гэтэл одоо нэг гэр бүлийн хүмүүс бие биеэ гудамжны үгээр дууддаг болсон нь маш буруу хандлага. 


ҮГ ГЭДЭГ АМЬТАЙ, ЭРЧИМ ЭНЕРГИТЭЙ


- Болж өгвөл сайн үг хэлж, эерэг зүйл бодож байх нь сэтгэл зүйн хувьд чухал байх нь ээ?

-Бидэнд маш баялаг үгийн сонголт бий. Ялангуяа талархлын үг бол хамгийн өндөр эрчим энергитэй үг. Талархлын үг хэлэхэд тархинд аз жаргалын даавар ялгардаг болохыг олон судалгаа харуулдаг. 

Сайхан үг усны бүтцийг өөрчилдөгтэй адил, хүүхдийн зан төлөв, харилцааны онцлог хүрээлэн байгаа орчны үг яриа, харилцаанаас шууд хамаарч тогтдог.


Хүүхдийн тархины хөгжлийн 90 хувь нь 0–5 насанд буюу далд ухамсарт нь бүрэлдэн тогтдог. Хүүхдийнхээ дэргэд сөрөг үг хэлнэ гэдэг нь компьютерээр бол вирустай програм суулгаж байна гэсэн үг. Эсрэгээрээ үргэлж сайн сайхныг ерөөж, эерэг орчин бүрдүүлбэл хүүхэд зөв төлөвшинө.


Тиймээс дор бүрнээ хичээж, сайн сайхан үг хэлэлцвэл нийгмийн харилцаа эдгэрнэ гэж би боддог. 


-Тэгвэл эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?


Сайн ээж аав байх гэдэг угтаа маш энгийн ойлголт шүү дээ. 



Хүүхдийнхээ дэргэд утас, сошиал хэрэглээгээ багасгаарай. Та сошиалаас хэрүүл уншиж, сөрөг контент үзээд байвал хажууд чинь суугаа хүүхэд түүнийг дам байдлаар тусгаж авч байдаг.


Хоолны ширээний ард хамтдаа хооллоорой. Хамтдаа хооллож, амьд харилцаа үүсгэх нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх тун сайхан боломж учир хүүхдийн сэтгэл зүйд эерэг нөлөөтэй. 


Өдөрт 30 минутыг хүүхдэдээ чанартай зарцуулаарай. 


-Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.