Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьжээ.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгон томилуулдаг юм. Энэ удаад Ерөнхийлөгчийн санал болгон томилуулсан гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учраас оронд нь ийнхүү УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа өргөн барьжээ.

Харин Ерөнхийлөгчийн уг саналыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна.