УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэргийн талаар мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг тус хэрэгт холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрөн ард түмнээс уучлал гуйхыг шаардаж, мөн "Нийтийн сонсгол" явуулах тухай албан бичгийг УИХ-д хүргүүлээд буй юм.

Үүнтэй холбоотойгоор иргэн Н.Ширчин  “Нийтийн сонсгол зохион явуулах тухай” өнгөрсөн 6 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан Л.Оюун-Эрдэнэ гишүүний албан бичгийг хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдээлэл гаргажээ.

Иргэн Н.Ширчин Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ "Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1-д “ Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж, 56 дугаар зүйлийн 1-д “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж тус тус хуульчилсан байна. Үүнээс үзэхэд Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, гэм буруутай эсэхийг гагцхүү шүүхийн байгууллага тогтоох бөгөөд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрхийг прокурорт олгосон байна. Үндсэн хуулийн энэ заалтыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-д өргөн барьсан  дээрх албан бичгээрэ зөрчиж буйг тогтоож өгнө үү" хэмээсэн байна.