График дизайнер мэргэжилтэй Л.Энхмөнхийг салбарынхан нь DESIMOOGN нэрээр андахгүй. Тэрбээр ажлынхаа хажуугаар уламжлалт гар урлал, уран дарханы ажил хийдэг юм байна. Түүнтэй ярилцлаа. 

-Хэдийнээс гар урлал сонирхож эхлэв?

-Би багаасаа л зураг зурж баримал хийх дуртай хүүхэд байсан. Тийм ч учраас дунд сургуулийн наймдугаар ангиа төгсөөд Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургуульд график дизайны ангид орсон. Ариунболд багшаасаа анх дизайны суурь мэдлэгийг олж аваад дараа нь СУИС-д орж мөн л багшийнхаа Арьсан урлалын ангид орж илүү материаллаг зүйлүүдийг хийж эхэлсэн дээ. Уламжлалт ардын урлагт татагдахад нагац ах Баасандорж маань хамгийн их нөлөөлсөн. Ах маань сийлбэрийг урлагт түүчээлэн яваа мастер хүн бий. 

-Арьсан чимэглэлтэй авдар анх удаа харлаа. Арьсан урлалын бусад материалыг бодвол илүү ажиллагаа, мэдрэмж шаарддаг гэдэг?

-Материалын өөр өөрийн онцлог гэж бий. Тэр болгоныг мэдэрч, өөр хооронд нь зохицуулна гэдэг мэдрэмжийн л асуудал. Тухайлбал хэрэглээ болон харагдах талаасаа гээд бодолцох зүйл их л дээ. Арьс өөрөө чамин үнэтэй материал. Онцлог нь мод төмөр материалтай тун сайхан зохицож хоршиж чаддаг юм. Энэ авдарны тухайд бол туршиж үзсэн анхны загвар маань. Ер нь яагаад заавал авдар гэхээр эрээн байх ёстой гэж, арай өөрөөр хийж үзэхээр шийдсэн юм. Тухайн үедээ түүчээ болсон шүү. Түүнээс хойш иймэрхүү хийц нэлээн харагддаг болсон.

-Хүмүүс иймэрхүү этгээд зүйлсэд татагддаг шүү дээ?

-Бусдын л адил, хэвшмэл хэв маягаас өөр харагдуулах гэж татагдаг байх. 

-Монголчууд жил ирэх тусам уламжлалт урлагаа хүндэлдэг, худалдан авах сонирхолтой болсон. Энэ хандлагыг хэр мэдэрч байна вэ?

-Тийм шүү. Энэ хандлага жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Уламжлалт соёл маань байхад өөр газрын соёлыг хөгжүүлэх гээд байх шаардлагагүй шүү дээ. Манай Монгол соёл өөрөө барагдашгүй их нөөцтэй, ухаж судлах тусам их зүйл гарна гэж боддог.

-Ер нь ямар хээ чимэглэл өөрийн чинь сонирхлыг илүү татдаг вэ?

-Хээ чимэглэлийн хувьд харилцан адилгүй дээ. Хийх гэж байгаа зүйлээсээ хамаараад янз бүрийн хээ сонгодог. 

-Дарьганга хийц ч гэдэг юм уу тусдаа онцлогтой хээ чимэглэл байдаг. Өөрөө алийг нь дагнаж хийдэг вэ?

-Нутаг нутгийн онцлог хийц гэж бий. Тэр болгоноос суралцаад явж байна. Хийх тусам суралцах зүйл их гарч ирдэг. Надад аль нэг хийцээр дагнана гэсэн бодол байдаггүй. Харин илүү сайн хөгжүүлж өөр хийц, шинэ санаа гаргахыг хүсдэг. 

-Зарим хээ чимэглэлээ үндэснийх гэдгээ зарим залуус мэдэхгүй байна гэж шүүмжилдэг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Заримдаа иймэрхүү зүйл анзаарагддаг. Ялангуяа залуус ажил мэргэжлээ сураагүй байж амбиц хөөхөөс илүүтэй ур чадвартаа анхаармаар санагддаг. Гар урлалын салбарын хүний хувьд хэлэхэд монгол гэсэн дүрс агуулга, хэлбэрээ сайн судалж үүнийгээ бүтээлдээ ашиглаасай гэж боддог. Ялангуяа хээр хуар дээр анзаарагддаг. Жишээ нь луу, өлзий хээг Хятад гэж эндүүрдэг талтай. Гэтэл Монголчуудын уламжлалт хэрэглэж байсан хээ хуар шүү дээ. Гэтэл лууг шууд Хятадынх гэж ойлгодог. Мэдээж хийц, донж арай өөр байлгүй яахав. Үүнийгээ бид ашиглахгүй байгаа учраас гадныхан өөрсдийн болгоод яваад байгаа тал анзаарагддаг. 

-Өөрт чинь хамгийн их ирдэг захиалга юу вэ?

-График дизайн илүү давамгайлах байх. Гэхдээ уран дархны ажил минь бас захиалга ихтэй. Ойрын үед монгол хэт хутга урлах захиалга ихтэй байна. Арьсан цүнх, авдар хийх ажил байнга орж ирдэг. Эхнэр бид хоёр нэг анги төгссөн учраас гар нийлж ажиллахад амар байдаг.

-Хэт хутгыг зарим нь чимэглэл шигтгээтэй ихтэй хийсэн байдаг. Хэр их хугацаа зарцуулдаг вэ?

-Хэт хутга маш их ажиллагаа шаарддаг. Хийх болгондоо суралцаад л явж байгаа болохоор мастерийн түвшинд хариулт өгч чадахгүй болов уу. Сайхан юм хийдэг, сайн уран бүтээлч болчих юм сан гэж боддог, хичээдэг.  Хэт хутга хийхэд шинээр загвараа гаргахад хамгийн их хугацаа ордог юм. Дунджаар нэг сар орчим болж байж гараас гарна.

-График дизайнер хүн уран дархан хийхийн давуу тал юу вэ, бүр илүү бүтээлч байх тийм үү?

-Магадгүй илүү давуу талтай байж мэднэ. Уламжлалт арга барил зарим тохиолдолд хэт их цаг ордог. Харин бага зэрэг орчин үеийн шийдэл оруулаад өгвөл илүү сонирхолтой болно. Заавал уламжлалт гээд хуучин арга барилаараа байгаад байх биш орчин цагтайгаа хослуулаад хөгжүүлж болно. Харин хөгжүүлж байна гээд тэс хөндлөн юм хийгээд байж болохгүй. 

Дизайн

-Хийх юмсан гэж хорхойсч явдаг зүйл бий юу?

-Өөрийн хийсэн бүтээлүүдээ олонд танилцуулах үзэсгэлэн дэлгэхийг хүсдэг. Сүүлийн үед ган сийлбэр сонирхож байна. Ган сийлбэр хэдийгээр алт мөнгө шиг үнэтэй биш боловч урлаг болгох талаасаа илүү үнэ цэнэтэй, ажиллагаатай байдаг.

-Өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ,мастер урлаач ахаасаа асууж судлах зүйл хэр их гардаг вэ?

-Чадахгүй зүйл гаралгүй яахав. Тэр үед ахаасаа асуудаг, ахын шавь нар ч бас сайн уран бүтээлчид байдаг учраас надад харамгүй зааж сургадаг. Асуухад заагаад өгөх олон хүн байгаа учраас би өөрийгөө азтай хүн гэж боддог юм.

Дизайнны ажил