П.Мөнгөнсор
11 сарын 02, 2022
Технологийн салбарыг сонирхож буй охид бүсгүйчүүддээ урам зориг өгөхөөр бэлтгэн хүргэж буй “Women in Tech” булангийн энэ удаагийн булангийн зочин бол “Procraft” агентлагийн үүсгэн байгуулагч, UXUI дизайнер Э.Цогт. Тэрбээр дижитал бүтээгдэхүүний салбарт арав гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм.
UXUI дизайнер чухам ямар ажил хийдэг вэ?
Бидний өдөр тутамдаа ашигладаг веб сайт, аппликейшний харагдах байдал, хэрэглээг хүнд ойр, энгийн байлгах вэ гэдэг шийдлийг боловсруулдаг хүмүүс. Нэг талаараа асуудлыг шийдлийг эрэлд гардаг хүмүүс гэж ойлгож болно.
Жишээ нь банкны аппликейшнээр гүйлгээ хийх нь бидний өдөр тутмын л хэрэгцээ шүү дээ. Тэгэхээр банк хоорондын гүйлгээ юу, дансны дугаарыг нь хуулж бичих үү, эсвэл шууд бичих үү гэх мэт нэлээд олон сонголт хийх хэрэгцээ гардаг.
Энэ бүх сонголтууд ашиглахад хялбар, ойлгомжтой байвал UXUI дизайн нь сайн хийгдсэн байна гэсэн үг.
Эсрэгээрээ хэрэглэгчийн толгой эргүүлэм хэрэглэхэд хэцүү, тухгүй апп ашиглаж байв уу. Хэрэв тийм бол UXUI дизайны зөв шийдлийг боловсруулж чадаагүй хэрэг.
Та яагаад UXUI дизайнер болохоор шийдсэн бэ?
Би зураач болох гэсэн мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Тэр дундаа уран зураг биш шугам зургийн хичээлдээ бүр ч их дуртай.
Гэвч их сургуулиа мультимедиа мэргэжлээр төгссөн. Ахын зөвлөгөөг дагасан, тэр нь ч зөв зөвлөгөө байжээ. Сургуулиа төгсөөд веб сайт, аппликейшны дизайн боловсруулдаг ажил хийж эхэлсэн юм.
Энэ ажил бол зөвхөн харагдах дизайн төдий зүйл биш, хүний өдөр тутамдаа тулгардаг асуудлыг бодитоор шийдэхэд хувь нэмрээ оруулж чаддаг гэдгээрээ онцлог.
Үүнийг ойлгосон цагаасаа хойш UXUI дизайнерын мэргэжилдээ улам дурласан даа.
Бичлэг үзэх:
Таны хувьд UX үү эсвэл UI уу? Яагаад?
Миний хувьд UX талдаа ажиллах дуртай. Учир нь миний ажил аливаа бүтээгдэхүүнийг боловсруулах явцдаа хэрэглэгчдийн гол асуудлыг ойлгож, илрүүлээд түүнд тохирсон шийдлийг эрэлд гардаг. Энэ аялал хэцүү ч гэсэн сонирхолтой, сорилт болгон нь амттай .
Харагдах байдлаас илүү хамаг асуудлыг нь ойлгож, хүнд хүрэх шийдлийг нь олно гэсэн үг.
Ажиллаж байсан төслүүдээсээ хамгийн үр өгөөжтэй нэг төслийг онцолбол...
Нэрээ нууцалж сэтгэл зүйн асуудлаа хуваалцдаг “Blind care” аппликейшний төсөл дээр ажилласан юм. Мэдрэмжээ хуваалцах, өөрийгөө тодорхойлох, мэргэжилтнээс зөвлөгөө авах, сэтгэл зүйгээ хянахад туслах зорилготой аппликейшн.
Үнэндээ “Blind care”-ийн дизайныг боловсруулж байхдаа үүнийг хүмүүс ойлгож, чухал хэрэгцээ гэж хүлээн авна гэж бодоогүй.
Тийм хүлээлтгүй учраас дотроо хүмүүс хэрэглэх болов уу гэсэн эргэлзээтэй тулгарч байснаа нуухгүй.
Гэтэл нээлтээ хийсэн даруйд олон хэрэглэгчид бүртгүүлж, асуудлаа хуваалцаж эхэлсэн. Хэрэглэгчдээс маань “Ийм аппликейшн хийж өгсөнд баярлалаа. Асуудлаа хуваалцсандаа баяртай байна” гээд олон гайхалтай сэтгэгдэл хүлээн авсан. Тэр үгсээс маш их урам зориг авсан. Энэ бол амжилттай жишээ. Анхнаасаа төгс бүтээл хийгээгүй байж болно, гэхдээ олон удаа сайжруулах л чухал гэж боддог.
UXUI дизайныг сонирхож буй хүмүүст юуг зөвлөх вэ?
Технологийн салбарыг эрчүүд л илүүтэй сонирхдог. Үнэндээ эмэгтэйчүүд маань энэ салбараас хойш суух хандлагатай байдаг нь нууц биш.
Үнэндээ UXUI дизайны салбарт эмэгтэйчүүдийн орон зай дутагдаж байна. Эх орноосоо дэлхийн зах зээлд ажиллах боломж бүрэн дүүрэн бий. Ялангуяа энэ чиглэлээр ажилладаг залуус хаанаас ч хамаагүй ажиллаж дэлхийн хэмжээний цалин авч байна шүү дээ. Өөрийгөө бүү хязгаарла, зүгээр л энэ салбар руу зоригтой “шумбаад” ороорой гэж зөвлөе.
Нэмэлтээр хэлэхэд байнга компьютер дээр сууж, дэлгэц ширтэж, нарийн чимхлүүр ажил хийж “зовох нь дээ” гэж битгий бодоорой. /инээв/
Хэрвээ энэ чиглэлийг сонирхож байгаа бол UXUI дизайнерын сургалтдаа элсэлт авч байгааг дуулгая. Бид таныг технологийн салбар руу ороход бүх талаар туслах болно.
Хэрэв сургалтад хамрагдахыг хүсвэл https://forms.office.com/r/pABvXWt260 линкээр зочлоорой.
Мөн "UXUI дизайнерын Мастеркласс" сургалтын мэдээллийг Procraft agencyцахим хуудасаар холбогдоорой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.