Ө.Даваажаргал: Урлаг хүүхдэд өөрийгөө таних, дотоод ертөнцөө нээх боломж олгодог

Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлог, өгөгдөлтэй. Түүнийг нь усалж, тордож, хөгжүүлж чадвал хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвартай, урлагийн мэдрэмжтэй хүн болон төлөвшдөг ажээ. Бид түүнтэй шинэхэн байгуулагдсан S+ урлагийн төвд нь уулзаж, урлагийн боловсролын үнэ цэн болоод хүүхдийн төлөвшлийн талаар ярилцлаа.                                   


-Та мэргэжлийн шанз хөгжимчин, хөгжмийн багш мэргэжилтэй юм байна. Урлагийн салбарт хөл тавьсан үеэсээ өнөөдрийг хүртэлх замналаасаа хуваалцахгүй юу? 


- Би 6 дугаар ангиасаа Хөгжим бүжгийн сургуульд суралцаж, хөгжимчин, хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. Тухайн үедээ эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэн, нийгэмд оруулах хувь нэмрийг өнөөдрийнх шигээ бүрэн ойлгодоггүй байж. Гэхдээ хүнд сурсан мэдсэн зүйлээрээ дамжуулан бусдад ямар нэгэн сайн сайхныг түгээх хүсэл үргэлж байдаг юм билээ. Өнөөдөр би тэр хүсэл, мөрөөдлөө биелүүлж яваадаа баяртай байдаг. 


-Таны бодлоор урлагийн мэдрэмж гэж юу вэ? 


- Хүн өөрийнхөө мэдрэмж, өгөгдлийг таньж мэдэх нь чухал. Хүн бүрийн авьяас, сонирхол харилцан адилгүй. Тэр бүхнийг мэдэрч, өөрийнхөөрөө илэрхийлж чаддаг байхыг урлагийн мэдрэмжтэй гэж хэлж байгаа юм. 


Хүн урлагийг мэдрэхийн тулд заавал онолын мэдлэгтэй, мэргэжлийн боловсролтой байх албагүй. Заримдаа энгийн зүйлээс ч урлагийн мэдрэмж төрдөг. Бидний өдөр тутмын амьдралд урлаг олон хэлбэрээр оршдог. Түүнийг анзаарч, мэдэрч, өөрийнхөөрөө хүлээн авч сурах нь чухал.


-Хүүхдийг хэдий үеэс урлагтай танилцуулах нь зүйтэй вэ, Урлагийн боловсрол хүүхдийн сэтгэл зүй, өөрийгөө илэрхийлэх чадвар, төлөвшилд хэрхэн нөлөөлдөг вэ? 


– Хүүхдийг аль болох багаас нь урлагтай ойр өсгөх нь чухал. Бага насанд хүүхэд мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх, шинэ зүйл турших сонирхол нь өндөр байдаг. Тэр үед эцэг эх, багш нар хүүхдийнхээ сонирхлыг хэрхэн хүлээн авч, дэмжиж байгаа нь цаашдын хөгжилд нь шууд нөлөөлнө. Моцарт таван настайгаасаа хөгжмийн зохиол бичиж эхэлсэн жишээ бий. Гэхдээ хүүхэд бүрийн хөгжлийн хурд, сонирхол, авьяас харилцан адилгүй учраас хооронд нь харьцуулах шаардлагагүй.

Хүн урлагтай ойр байх тусам өөрийгөө илэрхийлэх чадвар нь хөгжиж, өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Өнөөдрийн стресс ихтэй, хурдтай нийгэмд урлаг хүний сэтгэлийг зөөллөж, өөрийгөө болон бусдыг ойлгох боломжийг олгодог.


–  Зарим аав ээжүүд “Урлагаар хоолоо олж идэхгүй” гээд хүүхдийнхээ хүсэл, сонирхлыг хориглох нь бий.


– Хүүхдэдээ ирээдүйн мэргэжлийг нь урьдчилан тулгаж, урлагт сонирхолтой байгааг нь хориглох хэрэггүй. Хүүхэд заавал мэргэжлийн дуучин, бүжигчин, хөгжимчин болох албагүй шүү дээ. Жишээлбэл, хүүхэд зураг зурах дуртай байлаа гэхэд заавал зураач болох шаардлагагүй. Харин зурж байхдаа юу мэдэрч байгааг нь ойлгож, сонирхлыг нь дэмжих хэрэгтэй.

Тэр хүүхэд ирээдүйд инженер, эмч, багш болсон ч урлагаар дамжуулан эзэмшсэн мэдрэмж, сэтгэлгээ нь насан туршид нь хэрэг болно. Хүүхдийг зөвхөн амжилт, дүн, ирээдүйн мэргэжлээр нь хэмжих бус, өөрийгөө нээх боломж олгох нь чухал. Урлаг бол хүүхдийг нэг мэргэжил рүү чиглүүлэх хэрэгсэл биш харин өөрийнх нь дотоод ертөнцийг таних боломж юм.


-Хүүхдэд урлагийн боловсрол олгох хүсэл тань хэрхэн "S+ урлагийн төв" болсон бэ, Та энэ төвөөрөө дамжуулан нийгэмд ямар өөрчлөлт авчрахыг зорьж байна вэ? 


– Би анхнаасаа урлагийн төв байгуулна гэж төлөвлөөгүй. Харин хүүхдүүдийг урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, тэдэнд урлагийн боловсрол олгох хүсэл үргэлж байсан.

Урлагийн боловсрол гэдэг хүнийг амьдралынх нь туршид дагаж явдаг асар их үнэ цэнтэй, ач холбогдолтой мэдрэмж, ухаан юм шүү дээ. Хүн урлагаар дамжуулан өөрийн мэдрэмжээ таньж, илэрхийлж, бусдын мэдрэмжийг ойлгож сурдаг. Энэ нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд маш чухал нөлөөтэй. Тиймээс урлаг зөвхөн мэргэжлийн хүмүүст хамаатай гэдэг ойлголтыг өөрчилье гэж S+ урлагийн төвөө байгуулсан.


-"S+" гэдэг нэр ямар утга учиртай вэ?

– Нэрээ нэлээд удаан бодож байж сонгосон. S үсэг их олон урлагийн утга санааг илэрхийлдэг юм билээ. Тэдгээрээс хамгийн их таалагдсан нь "Shine" буюу гэрэлтэх, гялалзах гэсэн үг. 


Манай төв “Чадвараараа гэрэлтэе” гэсэн уриатай. Хүн бүрд өөрийн гэсэн авьяас, өгөгдөл бий. Түүнийг нь нээж, өөрийнхөөрөө илэрхийлэн гэрэлтэх боломж олгох нь бидний зорилго.


Бидний хувьд хүүхдэд урлагийн боловсролыг багаас нь системтэй, стандарттай олгоход хамгийн их анхаарна. Хүүхэд зөвхөн нэг, хоёр жил төгөлдөр хуурын сургалтад суусан гэдэг хугацаа чухал биш. Харин тухайн хугацаанд яг ямар түвшний чадвар эзэмшсэн байх, цаашид хэрхэн ахиж хөгжих вэ гэдгийг тодорхой төлөвлөөд явах юм. 

Цаашлаад системтэйгээр шат ахиж, сурсан зүйлээ тайзан дээр үзүүлэх, бүтээлээ бусадтай хуваалцах, олон улсын тэмцээнд оролцох боломжийг олгохоор зорьж байна.  



-Танайд зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд явж, олон төрлийн хөтөлбөрт хамрагдаж болох нь сонирхол татлаа. Гэр бүлд зориулсан ямар хөтөлбөрүүд байгаа вэ?

– Зөвхөн хүүхдэд зориулсан бол бид "сургалтын төв" гэж нэрлэж болох байв. Гэвч урлаг гэдэг насны хязгааргүй. 

Анзаарад байхад хүүхдээ сургалтад өгчхөөд аав ээжүүд нь машиндаа тарахыг нь хүлээгээд суудаг юм билээ. Түүний оронд хүүхэдтэйгээ хамт урлагийн хичээлд хамрагдаж, зураг зурж, хөгжим тоглож, хүүхэд насандаа биелүүлж чадаагүй мөрөөдлөө энэ орчинд туршаад үзээсэй гэж бодсон юм. 

Урлагийн төв гэдэг нь зөвхөн хичээл заадаг газар биш. Хүн өөрийгөө нээж, сонирхлоо хөгжүүлж, бусадтай хамтран суралцах орон зай байх ёстой. Тийм учраас гэр бүлийн гишүүн бүрд зориулсан хөтөлбөрүүдийг санал болгож байгаа. 

Аав нь дуу дуулж, ээж нь зураг зурж, хүүхэд нь хөгжим тоглодог гэр бүлүүд олон байвал гоё биш гэж үү?


Би өөрөө Монголын Дүрслэх урлагийн галерейд нэлээдгүй олон жил ажилласан учраас зөвхөн хөгжим гэхгүй дүрслэх урлаг, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдийг давхар санал болгож байна.


Цаашид албан байгууллага, хамт олонд зориулсан олон талын  хөтөлбөрүүдийг бий болгоё гэж зорьж байна. 




Холбоотой сэдвүүд

s+ урлагийн төв урлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.