А.Оюундарь: Эмэгтэй инженерүүд эрчүүдтэй эн тэнцүү ажиллах чадвартай

Peak.mn
06 сарын 19, 2023

ДДЭШ /DDish /компанийн технологи төлөвлөлтийн инженер А.Оюундарьтай ярилцлаа. Тэрбээр Монголын хамгийн том, хиймэл дагуулаар телевизийн үйлчилгээг дамжуулагч компанид мэргэжлээрээ ажиллаж буй цөөхөн бүсгүйчүүдийн нэг юм. Эмэгтэйчүүд инженерээр суралцахын давуу тал, ажлын байрны боломж хэр их байдаг талаар ярилцлаа. 

Уулын мухарт байгаа малчин айл олон суваг үзээд сууж байгаа нь миний ажлын бахархал 

Би мэдээллийн сүлжээний инженер мэргэжилтэй. Үнэндээ хүсэл сонирхлоороо гэхээсээ илүүтэй өвөөгийнхөө зөвлөснөөр мэргэжлээ сонгож ШУТИС-ийг төгссөн юм. 2010 онд их сургуулиа төгсөөд компанидаа анкет бөглөөд шалгалт өгөөд тэнцэж байлаа.  

Яг одоогоор хэрэглэгчийн төхөөрөмж дээр ажилладаг. Өдөр тутамдаа шинээр хөгжүүлж байгаа төсөл дээр ажиллана гэсэн үг. 

Тухайн төсөл маань хэрэглэгчдэд ямар шинэ үйлчилгээ үзүүлэх вэ, хэрэглэгчид яаж харагдах вэ, яг яаж ажиллах вэ зэрэг бүтцийг нь гаргадаг. Жишээ нь кино сангийн үйлчилгээг үзүүлэхээр зэхэж байна гэж бодъё. Энэ төсөл маань яг ямар бүтэцтэй байх вэ гэдэг техникийн шийдлийг нь гаргаад, box дээр хэвийн ажиллаж буй эсэхийг нь шалгадаг. Иймэрхүү байдлаар ДДЭШ-ийн сигналыг хэрэглэгчид хүлээх авахад бэлэн болгож өгч байгаа гэсэн үг. 

Бид гэрээсээ IPTV-ээр сүүлийн үеийн кинонуудыг үздэг шүү дээ. Яг үүнийг малчны хотонд айл өрх үзэх боломжтой болж, технологийг гарт нь ойртуулж өгсөн. Уулын мухарт байгаа айл 150 гаруй суваг үзээд суугаа нь миний ажлын бахархал. 

Бичлэг үзэх:


Хамт олонтойгоо бүтээсэн бүхэн үнэ цэнэтэй

Шинэ хиймэл дагуултай болсон, UBSSDS- II руу шилжиж байсныг үеийг мартдаггүй. Энэ бол манай 100 гаруй инженер ажилтнууд гар сэтгэл нийлж ажилласан томоохон ажлын нэг.

Олон удаагийн тест, туршилт хийхээс эхлээд бүх хэрэглэгчийнхээ төхөөрөмжийг шинэчлэхээс эхлээд хиймэл дагуул хөөргөх, сигналаа хүлээж авч, тестэлнэ гээд бүх зүйлд оролцож ажилласан. 

Бүгдээрээ битүүхэн санаа зовж хичээхийг хараад дотроо алдаа гаргачих вий гэж түгшсэн ч цоо шинэ өөрчлөлт, өөрийгөө сорин боломж байсан.

Ажилд ороод удаагүй байхад ажлаа өөрөөр харж байжээ. Телевизийн 18 суваг, радиогийн 2 сувгийг асуудалгүй дамжуулах л үүргийг гүйцэтгэхийг хичээдэг байв. Миний ээлж дээр асуудал гарахгүй бол санаа амраад гэртээ харина. Ажил хойно алдаа гаргаж заримдаа тасалдал үүсэж загнуулах үе ч байлгүй яахав.  Тэр үед “Би буруу юм хийчихлээ” гээд тэр болгоноосоо суралцаж ирсэн.

Одоо энэ бүхнийг миний харах өнцөг өөрчлөгдсөн. Хэрэглэгчдээ цаашид ямар шинэ үйлчилгээ үзүүлэх вэ, үүнээс цааш хийх зүйл бий юу, ажилдаа оруулж болох миний хувь нэмэр юу байж болох вэ гэдгийг эрэлхийлдэг болжээ. 

Өнгөрсөн сард гэхэд Монголын олон суваг дамжуулагчдын холбоо”-ноос мэргэшсэн инженерүүдийн дунд тэмцээн зохион байгуулагдсан юм.  Харилцаа холбооны салбарын томоохон компаниуд оролцдог энэ тэмцээнд Б.Төгсжаргал, Д.Жүгдэр нарын инженерүүд оролцоод тэргүүн байр эзэлсэн.  ДДЭШТВ компанийн инженерүүд шилдэг байж, нэгдүгээр байрт орно гэдэг бол маш том амжилт, бахархал. Ийм чадвартай инженерүүдтэй ажиллана гэдэг бол юм сурч мэдэх маш том боломж гэж хардаг.


Зарим хүмүүс эмэгтэй инженерүүдийг эрэгтэйчүүдээс дутуу гэж хардаг, яг үнэндээ….

Зарим хүмүүс эмэгтэй инженерүүдийг эрэгтэйчүүдээс дутуу гэж хардаг нь нууц биш шүү дээ. Үе үе үүнийг мэдэрдэг. Миний найз нарын нэг технологийн компанид ажилладаг юм. Саяхан надтай уулзахдаа инженер эмэгтэйчүүд анкет бөглөдөг ч ярилцлагад дууддаггүй тухайгаа ярьсан.  Ер нь шулуухан хэлэхэд эрэгтэй хүнийг илүү чадварлаг, бүтээмжтэй ажилладаг гэж эндүүрдэг тал бий.

Гэтэл цаана нь чадварлаг эмэгтэй инженерүүд зөндөө байдаг.

Бүгд ижил тэгш эрхтэй шиг бүгд ур чадварын хувьд яг л ижилхэн. 

Зарим талаараа давуу талтай гэдгийг мэддэггүй. Ээлжийн инженерүүдийг харахад ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Миний бодлоор эмэгтэйчүүд илүү нягт нямбай, тэсвэр хатуужилтай санагддаг.


Гэрээсээ ч, оффист ч ажиллах боломжийг олгодог

Байгууллагын соёл маань хүн төвтэй буюу ажилтнууддаа анхаарал хандуулдаг. Бидний ажиллах нөхцөл бололцоог хангалттай 100 хувь бүрдүүлж өгч чаддаг.

Би гэхэд жирэмсэний амралтаа авч хэсэг эргэн ажилдаа ороод удаагүй байна. Хүүхэд маань дөнгөж ой гарантай.  Нялх хүүхэдтэйг маань ойлгоод компаниас намайг гэрээсээ ч, оффистоо ч ажиллах боломжоор хангасан.  Гэрээсээ ажиллахын давуу тал их шүү дээ.  Өөрийн цагт тохируулаад ажлаа хийчихнэ.

Өдрийн цагаар заавал хийх ажилгүй бол оройдоо амжуулчхаж болно. Олон улсын компаниуд ийм л байдаг юм билээ. Хүүхдэдээ цаг гаргах боломжийг гаргаж өгдөг. Ийм жишгийг манай компани нэвтрүүлж байгаад талархдаг. Тэр хэрээрээ гэрийнхэн миний ажлыг дэмжинэ ээ. Зурагтаа асаачхаад гэрийнхэндээ “ Би ажлаа хийж байна, ийм кино үзнэ шүү, үүнийг шалгана шүү, гацвал хэлээрэй” гэдэг юм.  Бараг гэрээрээ миний ажлыг хийж байгаа биз./инээв/  


Инженерүүдэд олон боломж бий

Сүүлийн жилүүдэд л хүмүүс инженер мэргэжлийг  сайн ойлгодог болсон юм шиг санагддаг. Технологи хөгжихийн хэрээр харах өнцөг өөрчлөгдсөөр байна. Chat GPT , AI гээд шинэ технологи бүрийн цаана инженерүүд л бий. Тэр хэрээрээ инженерийн үнэлэмж илүү өсөөд байна. Ер нь технологийн салбарынхан код бичих тал руугаа чиглэж байна.

Хүн бүхэн өөрийн хүсэл сонирхолтой. Өөрийнхөө хүсэл хүсэл сонирхлоо, зүрх сэтгэлээ сонсох нь чухал гэж боддог.  Хэрвээ технологид дуртай бол сонгон суралцаарай, олон  боломж бий гэж охидод зөвлөе.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.