Технологийн салбарыг сонирхож буй охид бүсгүйчүүддээ урам зориг өгөхөөр бэлтгэн хүргэж буй “Women in Tech” булангийн энэ удаагийн зочин бол ШУТИС-ын Үйлдвэр, Технологийн Сургуулийн багш Г.Халиун юм. Тэрбээр UXUI дизайны чиглэлээр судалгааны ажил бичиж, эрдмийн зэргээ хамгаалсан бөгөөд залуучуудад энэхүү мэргэжлийг таниулж, мэдсэн сурсанаа харамгүй хуваалцаж яваа бүсгүй билээ. 

-Та яагаад UXUI дизайны чиглэлийг сонирхож, багшлахаар шийдсэн бэ?

Би анх ШУТИС-д дизайны ангид элсэж, оюутан болж байлаа. Тухайн үедээ бусдын л адил UXUI дизайны талаар ямар ч ойлголтгүй байсан. 

Мэргэжлийн хичээлүүдээ үзсэний дараа тэнхимээс сургуулийн вэб сайтын дизайныг хийх санал тавьсан юм. Тухайн үедээ зориглоод хийсэн нь маш зөв алхам болсон гэж боддог юм. Сайн ч туршлага болсон. Би гэдэг хүн ингэж л UXUI дизайны салбартай танилцсан даа. 

UXUI дизайны салбар сонирхон суралцах тусам сэтгэл булааж, үргэлжлүүлэн судалсаар бакалавр, магистрын эрдмийн ажлаа энэ чиглэлээр бичиж, амжилттай хамгаалсан. 

Харамсалтай нь хүмүүс UXUI дизайны талаар төдийлөн сайн мэддэггүй.

Тиймээс энэ салбарыг хүмүүст таниулъя, оюутан залууст өөрийн сурсан мэдсэнээ хуваалъя гэж шийдээд ШУТИС-даа багшилж эхэлсэн. 


-UXUI дизайнерын ажлын онцлог юу вэ?

UXUI дизайнеруудыг технологийн шийдэл болон хэрэглэгчийн асуудал хоёрын голд зогсож байдаг хүмүүс гэж ойлгож болно. Энэ хоёр талыг холбож, технологийг хүмүүст энгийн, ойлгомжтой байдлаар хүргэх ажлыг хийдэг. 

Технологи гэдэг нь бидний өдөр тутамдаа ашигладаг веб хуудас, утасны аппликейшн, ухаалаг дэлгэцийг хэлж байна гэж ойлгоорой. 

Бичлэг үзэх: 


Хэрэглэгч эдгээр дижитал бүтээгдэхүүний тусламжтайгаар асуудлаа шийдвэрлэж, хайсан зүйлээ төвөггүй олж, амьдралаа хөнгөвчилж чадаж байвал тэрхүү бүтээгдэхүүний UXUI дизайн нь сайн хийгдсэн байна гэсэн үг юм. 

Эсрэгээрээ хэрэглэхэд төвөгтэй, толгой эргүүлэм, түүн дээр нэмээд гацдаг бол дизайны шийдэл тийм ч сайн биш болоогүйн илрэл. 

-UX болон UI дизайны гол ялгааг тайлбарлаж өгөөч…

-UI буюу User interface дизайн нь аппликейншны өнгө, лого, элемент, дүрслэл буюу хүний нүдэнд үзэгдэж буй хэсэг. 

UI дизайн нь харахад нүдэнд дарамт учруулахгүйгээр ойр дотно, тухтай мэдрэмжийг хүнд төрүүлж байх ёстой. 

Харин UX шийдэл нь  тухайн аппликейншны хэдэн хуудастай байх, ямар товчлуур дээр дарж ямар цэс рүү орох, түүнээсээ хэрхэн буцаж гарах зэрэг ерөнхий бүтцийг зурагладаг. 


-UXUI салбар руу хөрвөхийн тулд ямар суурьтай, сонирхолтой хүн байвал илүү боломжтой байх бол?

-Хэрвээ UXUI дизайныг үнэхээр чин сэтгэлээсээ сонирхож байвал нууц хуваалцъя /инээв/. Энэ мэргэжил сонирхсон хүн бүрт нээлттэй. Хичээгээд үзвэл сурах бүрэн боломжтой. Хүмүүс UXUI дизайнеруудыг үргэлж зураг зураад сууж байдаг хүмүүс гэж ойлгодог. 

Тэгээд л “Би зурж чадахгүй юм чинь” гэж бодоод өөртөө хаалт тавьчихдаг. Гэвч үнэндээ энэ мэргэжил логик сэтгэлгээ сайтай, асуудал шийдвэрлэх чадвартай хүмүүст тохиромжтой байдаг юм шүү дээ. 


-Олон улсад UXUI-г хэрхэн үнэлж байна вэ. Эрэлт хэрэгцээтэй мэргэжил үү? 

-Америкт хамгийн өндөр цалинтай 25 мэргэжлийн жагсаалтад  UXUI дизайны чиглэл зургаад эрэмбэлэгддэг. Олон улсын зах зээлд энэ мэргэжил маш өндөр үзүүлэлттэй, түүнийгээ дагаад өндөр цалинтай, эрэлт хэрэгцээтэй мэргэжилд тооцогддог. 

Миний бодлоор монгол дизайнеруудын хийсэн дизайны ажлууд гадаадын зах зээлд гарч, үнэлэгдэх боломж нээлттэй. Тэр тусмаа UXUI дизайнер болох сонирхолтой охид олон болсон нь сайшаалтай.

Өмнө нь ШУТИС-ын компьютер, веб дизайны ангид зөвхөн хөвгүүд суралцдаг байсан бол одоо энэ анги таван л хөвгүүнтэй, бусад нь охидууд. 

Үүнээс UXUI дизайнерын мэргэжил залуучуудын дунд хурдацтай хөгжиж байгааг харж болно. Ирээдүйд илүү олон залуус суралцаад, UXUI дизайнерын салбар “BOOM” болно гэдэгт итгэлтэй байдаг. 

Хэрэв сургалтад хамрагдахыг хүсвэл https://forms.office.com/r/pABvXWt260  линкээр зочлоорой.

Мөн"UXUI дизайнерын Мастеркласс" сургалтын мэдээллийг Procraft agency цахим хуудасаар холбогдоорой.