Хүний нөөцийг хэрхэн бүтээмжтэй ажиллуулахад чиглэсэн систем хөгжүүлэлт дээр ажиллаж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн “Эйблсофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадоржтой ярилцлаа.

-Орчин үед бизнесүүдэд компанийн соёл чухал үүрэгтэй болсон. Үүнд байгууллагад зориулсан платформ чухам ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Хэмжиж болохгүй бол удирдаж болдоггүй гэж үг бий. Хэмжихийн тулд мэдээлэл дата хэрэгтэй. Ажлын явц ямар шатанд явааг, ажилтнуудаас хэн нь бүтээмжтэй ажилласныг байгууллагынхаа системд ороод алган дээр байгаа юм шиг л харчихдаг нь хамгийн том давуу тал юм. Ердөө л системийн ачаар хэн юу хийгээд байгааг мэдчихнэ. Эйбл платформ нь удирдлагууд төдийгүй ажилтнуудын ажлыг нь хялбарчилдаг, хүн эсвэл хэн нэгний сэтгэл хөдлөлөөс үл хамааран ажилладаг шударга систем л дээ.

Жишээлбэл, “Би сэтгэлээрээ ажилласан байхад…” гэж гомдоллодог ажилтнууд байдаг шүү дээ. Тэдний бүтээмж, үр дүнг амаар нь биш ажлын бүтээмж, гүйцэтгэлээр нь дүгнэнэ гэсэн үг. Ажлын шинэ арга барилд суралцах хэрээрээ цаг хожно, ашиг орлого нэмэгдэнэ. Судалгаагаар бүтээмж 30 орчим хувиар өсөж байгаа нь батлагдсан. Ер нь амжилттай байгууллага бизнесүүд ийм хэлбэрээр л ажиллаж байна.


-Байгууллагад тулгардаг олон асуудал байдаг. Тэр дундаас хүн хоорондын асуудал хамгийн төвөгтэй шүү дээ. Энэ асуудал ч бас цэгцрэх нь ээ, системийн ачаар?

-Байгууллагын тодорхой бус байдал ажилтныг хамгийн их залхаадаг. Энэ нь ажил удаашрах, ажлаасаа гарах гээд олон асуудлын шалтгаан болдог гэдгийг судалгаа ч харуулж байна. Тухайлбал, онлайн платформтой компанид ажилтан ээлжийн амралтаа авахдаа нягтлан бодогчтой уулзах шаардлагагүй байдаг. Тэрхүү ажилтны нэмэгдэл хоног, цалинг өгөгдөл дээр суурилж гаргана, үндсэндээ хэн нэгний үзэмж, хандлага нөлөөлөхгүйгээр хууль журмын дагуу тооцно. Иймээс л хамгийн шударга систем гээд байгаа юм. 

Зарим байгууллага хөдөлмөрийн дотоод журамдаа сардаа 16 цаг буюу хоёр өдрийн цалинтай чөлөө авч болно гээд заачихдаг. Гэвч үүнийгээ хянаж чаддаггүй, зарим нь амралтын цагаа хэтрүүлж, ажил цалгаруулдаг нь нууц биш. Харин системтэй байгууллагын ажилтанд ийм боломж байхгүй. Систем шударга, найраагүй шүү дээ. (инээв)

Бичлэг үзэх:

-Гадны компаниуд энэ төрлийн датагаа шийдвэр гаргахдаа ашигладаг. Манайд ийм жишиг бий болж байна уу?

-Компаниуд хяналт удирдлагын системийг сайтар ашигладаг болжээ. Ач тусыг нь заавал тайлбарлахгүйгээр ойлгодог болсонд олзуурхдаг. Систем ашиглан асуудлаа олж хараад зогсохгүй, хүний нөөцийн ачааллыг хянаж ажлын байранд зохих хүнээ хуваарилна гэдэг нь байгууллага шийдвэр гаргахдаа датагаа шийдэл болгож байгаагийн тод жишээ юм. Нөгөө талдаа датаныхаа ач холбогдлыг ойлгохгүй байгууллагууд ч байгааг нуухгүй.


-Танай программууд Монголд ямар соёлыг бий болгосон гэж ам бардам хэлж чадах вэ?

-Анх системээ нэвтрүүлж байхад байгууллагууд ач холбогдлыг нь шууд ойлгож хүлээж аваагүй. Энэ программын цаана ажил явдаг гэдгийг ойлгуулахын тулд багагүй хугацааг туулжээ. Харин “Ковид-19” цар тахлын дараа хандлага эрс өөрчлөгдсөн. Хүн ажилд авахаас эхлээд ажлаас гарах хүртэл бүх процесс системчлэгдэж, том зургаараа байгууллагын зорилго руу чиглэгдсэн төлөвлөгөө тайлан гээд үйл ажиллагаандаа орхигдуулж болдоггүй явцуудыг тодорхой, цэгцтэй системтэй болгож, цахимаар бүтээмжтэй ажиллахад чухал хувь нэмрээ оруулсан гэж ам бардам хэлнэ. Үр дүнд нь байгууллагын соёл төлөвшдөг. 

Бид ажил дээрээ ажлаа хийхийн тулд тодорхой зорилготой ирдэг шүү дээ. Үүн шиг ажилтнууд системдээ нэвтрэхдээ юуны төлөө ажиллаж байгаагаа санаж байх ёстой.

Манай компанийн системд нэвтрэхэд “Хүн бүрд хүртээмжтэй, бүтээлч цахим үйлчилгээ үзүүлэх дэлхийн хэмжээний компани болно” гэсэн алсын хараа, “Цахимаар бүтээлч ажиллах боломжийг хүн бүрд олгоно” гэсэн эрхэм зорилго гарч ирнэ. Үүнийг хэрэглэгч байгууллагууд өөрсдийнхөөрөө бичиж болно. Үнэт зүйл нэгтэй байгууллагууд урт хугацаанд үр дүнтэй ажиллаж чаддаг. Бид энэ л философид зангилагдаж 13 жилийн турш үйлчилгээгээ сайжруулж, алгуурхан тогтвортой өсөж явсаар өдийг хүрсэн.


-Шинэ соёлыг нэвтрүүлэх амаргүй. Ажилтнуудад дадал болгож хэрэглүүлж сургах нь хэр төвөгтэй процесс байдаг вэ?

-Бараг хамгийн төвөгтэй процесс нь хөрсөн дээрээ бууж хүмүүст ойлгуулах. Зарим байгууллагын ажилтнууд эхэндээ бидний ажлыг хялбарчлах нь гэж дуртай хүлээж авдаг ч яваандаа ажлыг нь хянах нь, бүтээмжийг нь хэмжих нь гэж дургүйцнэ. Тиймээс л тэр хүмүүст аль болох хэрэглэхэд хялбар ажиллаж дадах аргыг нь санал болгохоор ажилладаг. Арав гаруй жил ажилласан учраас программ маань янз бүрийн сурах арга барилтай хэрэглэгчдэдээ туршигдчихсан. Зарим хүн гарын авлага хараад л сурчихдаг бол нөгөө нь ярилцаж тайлбарлангаа сурдаг онцлогтой. 

Ажлаа хийхийн хажуугаар чатлангаа сурдаг ч хүн бий. Бид шинэчлэл хийхдээ бидний хэрэглэж дадсан нийгмийн сүлжээ шиг байдлаар өөрчилсөн. Захидал ирсэн, албан бичиг илгээсэн, хурал зарласан үед пост шиг харагдахаар хэрэглэгчдэд хялбар байхаар шийдсэн. Албаны харилцаа учраас бүх түүхүүд хадгалагдаж үлдэнэ. Гэтэл зарим компаниуд мессенжэрээр л чухал бичиг баримтуудаа илгээдэг. Тухайн хүн ажлаас гарангуут ямар ч архивгүй болж байгаа юм.


-Албан бичиг хөтлөлтийн өдөр тутмын процессийг системд оруулахын давуу талыг дурдахгүй юу?

-Албан бичиг төлөвлөнө, тушаал тогтоол, өргөдөл гаргана гэдэг нь стандартчилагдсан ажил. Үсгийн шрифт, бичвэрийн стандарт, мөр хоорондын зай гээд стандартчилагдсан процессийг технологи өөрөө удирдаад явчихна гэсэн үг. Шинэ ажилтан ч систем рүү ороод тухайн загварын дагуу л хийхэд болох юм. Ажил илүү ойлгомжтой цэгцтэй учраас энэ процесст бараг алдаа гарахгүй. Заавал компьютер дээр шивэхгүйгээр Чимэгэ системээр яриад л албан бичгээ системээр илгээж байна. Өмнө нь нэг албан бичиг төлөвлөхөд дунджаар ажлын 12 цаг буюу бараг ажлын хоёр өдрийг зарцуулдаг байсан юм билээ. 

Нэмээд томоохон газрын хувьд удирдах албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулах гээд цаг алддаг, үүнийгээ дагаад боломжууд ард үлддэг гээд албан бичиг дагасан төвөгтэй асуудлууд цэгцлэгдсэн. Учир нь Эйбл платформ тухайн гарын үсэг зурах албан тушаалтан хаа байгаа газраасаа тоон гарын үсгээр баталгаажуулчихаж байгаа юм. Интернэт л байхад хангалттай. Удирдах албан тушаалтны хувьд үндсэн ажилдаа төвлөрөх боломж гарч байгаа биз. Бид 2010 оноос энэ ажлыг эхлүүлж байлаа. Байгууллагууд энэ ажлаар маань илүү мэддэг юм билээ.


-Байгууллагуудад дижитал шилжилт хийхэд хамгийн чухал анхаарах ёстой зүйл нь юу байдаг вэ?

-Компани үнэтэй техник, сайн систем нэвтрүүлээд л дижитал шилжилт хийчихэж байгаа юм биш шүү дээ. Байгууллагын удирдлага үнэ цэнэ, ач холбогдлыг нь ойлгож манлайлах маш чухал. Энэ бол зүгээр л нэг хоосон үг биш юм шүү, туршлагаар батлагдсан зүйл гэж хэлж болно. 

Удирдлага ухамсарлаад хандаж байгаа тохиолдолд систем ашиглалтын түвшин, ажлын бүтээмж эрс дээшилдэг. Нөгөө талдаа ажилтнууд бүх процессоо бүртгээд байгаа ч заримдаа удирдлагуудаас болоод л гацчихдаг тохиолдол ч бий. 

Үүнээс шалтгаалаад зарим байгууллага дээр системийн ашиглалт унадаг, энэ нь ажлаа хийсэн ажилтан, үүрэг өгөх ёстой удирдлагуудын дундах эргэх холбоо, цикл тасалдсантай холбоотой. Давуу тал нь гэвэл асуудал надаас болжээ гэдгийг ч удирдлага системээсээ олоод харчихаж байгаа юм.


-Зах зээл дээр хэд орчим программ гаргаад байна вэ?

-Бид 40 гаруй программ зах зээл дээр нийлүүлж, тогтвортой байдлыг нь ханган ажиллаж байна. 200 мянга гаруй хэрэглэгчтэй болсон. Төрийн байгууллага, яам агентлаг, уул уурхай гээд бүхий л салбарын 800 гаруй байгууллага хэрэглэж байна.


-Жижиг дунд бизнесүүд ашиглах боломжтой юу?

-Үнэнийг хэлэхэд энэ төрлийн системийг томоохон байгууллагууд л ашигладаг гэсэн ойлголт манайханд бий. Сүүлийн жилд энэ хандлага эрс өөрчлөгдөж бага хүчээр их ажлыг амжуулахын тулд технологийн шийдэл хэрэглэх ёстойгоо ойлгож эхэлсэн, бид ч стратегиа жижиг дунд бизнес рүү чиглүүлээд байна. Тухайлбал архив хөтлөхийн тулд тусад нь хүн ажиллуулахгүйгээр программ дээрээ архив үүсгэчихдэг болсон. Үндсэндээ бизнесээ богино хугацаанд бага зардлаар системчлэх арга барилыг танд санал болгож байгаа юм. 

Манай системийг гурван хүнтэй гарааны компаниас эхлээд 15 мянган ажилтантай компаниуд ч ашиглаж байна. Бид эдгээр дата тоонуудыг хүний нөөц, удирдлагын арга барил, хэрэглэгчдээс ирсэн саналууд дээр үндэслэн сайжруулан системээ хөгжүүлж байна.


-Энэ төрлийн системийг ашигладаггүй компаниудыг ямар ирээдүй хүлээж байна гэж та хардаг вэ?

-Хяналтгүй бизнес урт хугацаандаа асуудалд орно л гэсэн үг. Гадны улс орнуудад ажил ийм л хэлбэрээр явж байна. Тиймээс байгууллагынхаа үйл ажиллагаанд цахим шилжилт хийх замаар хяналтын тогтолцоогоо бий болгохгүй бол байгууллагын дараагийн шатны хөгжлөө тодорхойлох боломж улам л хомс болж байна гэсэн үг.


-Та бүхэн байгууллагуудын процессийн луужинг бүтээж байна. Ирэх жилүүдэд ямар чухал ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид системдээ хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлээд байна. Судалгааны ажлын шатанд явж байгаа ч зарим зүйлээс нь хуваалцъя. Тухайлбал албан бичиг гэрээ боловсруулалтын шатанд хуулийн зүйл заалтад нийцэж байгаа эсэхийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хянах боломж бүрдэх юм.