“Яндекс” компани

ОХУ бол “Яндекс” үндэсний хайлтын систем нь зах зээлийн өрсөлдөөнд “Google”-д хэрэглэгчдээ алдалгүй, хадгалж үлдэж чадсан цорын ганц улс юм. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын нийт хүн амын 56,2% нь “Яндекс”-ийг ашигладаг гэсэн тоо баримт байдаг.

Салбартаа тэргүүлэх байр суурь эзэлж байгаа тус компани шинэ бүтээгдэхүүн, программуудыг туршиж, цаг хүрээгээ тэлсээр байна. “Яндекс” өргөжин тэлсэн ч старт-ап компани шиг хурдтай, уян хатан чанараа гээгээгүй нь тэдний давуу тал болдог. 

Утгыг тунгаахуй 

2017 оны 8 дугаар сард “Яндекс” компани “Королев” нэртэй хайлтын шинэ алгоритмыг танилцуулсан. Өмнөх хувилбаруудаас ялгарах онцлог нь тус хайлтын алгоритм зөвхөн үгийн давхцал хайж илэрцийг гаргаж ирдэг бус үг, өгүүлбэрийн утгаар нь хайлт хийдэг гэнэ. Тухайлбал, “дэлхий ертөнцөөр аялж буй хөлөг онгоцны тухай кино” гэж хайвал “Ы ажиллагаа ба Шурикт тохиолдсон адал явдал” киноны илэрц гарч ирэх юм. 

“Манай алгоритмийн хайлтын илэрцүүд “Google”-ийнхээс сайн. Өмнөх алгоритмтэй харьцуулахад бичиг баримт, текст дотор хайлт хийх алгоритм сайжирсан“ гэж технологийн албаны дарга Михаил Парахин мэдэгджээ.

“Королев”-ыг бүтээхэд контентийн анализ, үнэлгээ хийх даалгавруудыг байршуулсан “Яндекс.Толока” сервис чухал үүрэг гүйцэтгэсэн гэгддэг. Өмнө нь хайлт хийсэн өгөгдөлд илэрц нь хир тохирч байгааг үнэлдэг 1,5 мянган хүн ажилладаг байсан. Харин “Толока” бол хүссэн хүн бүр үнэлгээ хийж, урамшуулал авдаг платформ бөгөөд үнэлгээ хийдэг хүмүүсийн тоо одоогоор 1 саядхүрчээ. Үнэлгээ хийгчдийн тоо олширсноор хайлт хийх алгоритмийг бичихэд хэрэглэдэг machine learning технологи хурдассан байна. 


Таны хувийн туслах “Алиса” 

Өнгөрсөн оны 10 дугаар сард “Яндекс” компани хувийн туслах “Алиса” программыг нийтэд танилцуулахаар бэлтгэж байна. “Алиса” Apple-ийн “Siri”, Google-ийн “Assistant”–тэй технологийн хувьд ижил ч өөрөө сурч чаддагаараа онцлог юм. 

“Алиса” нь “Королев”-ын адил өгөгдлийн утгыг бүрэн ойлгож хайлт хийдэг ба зохион бүтээгчдийнх нь хэлж буйгаар “Алиса”-аас цаг агаар, үзвэрийн хуваарийн талаар асууж болохоос гадна түүнтэй ярилцах боломжтой гэнэ. 

Хэрэглэгчид нь түүнээс Эверестийн өндөр, хөл бөмбөгийн тэмцээний оноо зэрэг ямар нэгэн тодорхой мэдээлэл авахыг хүсч байна уу эсвэл зүгээр л ярилцаж байна уу гэдгийг “Алиса” өөрөө таньж мэддэг. 


М.Парахин хэлэхдээ: 

  • Түүнээс юу ч асууж болно, гэхдээ заримдаа “Алиса” оновчгүй хариулт өгөөд байгаа. Тулгараад байгаа бас нэг асуудал нь орос хэлэнд асуух болон батлах өгүүлбэрүүд зөвхөн аялгаараа ялгаатай байдаг. Ерөнхийлөгч В.Путин “Яндекс”-аар зочлох үедээ “Алиса”-гаас: “Чамайг энд гомдоогоогүй биз?” гэж асуухад “Алиса” батлах өгүүлбэр гэж хүлээн авч: “За, ойлголоо” гэж хариулсан. Гэсэн хэдий ч энэ бүгд machine learning технологийн тусламжтайгаар засаж болох түр зуурын алдаа гэж бүтээгчид нь үзэж байна. 

Нийтийн тээврийн шинэ эрин үе 

Зургаан жилийн өмнө “Яндекс” компани “Яндекс.Такси” сервисийг бүтээж нийтийн тээврийн салбарт орж ирсэн. Одоогийн байдлаар тус сервер ОХУ-ын 149 хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өдөрт дунджаар 1 сая хүн үйлчлүүлдэг гэнэ. “Яндекс.Такси” улам өргөжин тэлэх зорилго тавин ажиллаж байгаа тухай тус компанийн захирал Тигран Худавердян: 

  • ОХУ-д манай үйлчилгээ хүрээгүй байгаа 100 мянгаас дээш хүн амтай 20-иод хот суурин газар байна. Ойрын хугацаанд энэ хотуудад салбараа нээхээр ажиллаж байна. Манай стратегийн зорилт бол “тосгон бүрт байх”. Тухайлбал, Москвагийн ойролцоох 50-60 мянган хүн амтай жижиг хотуудын иргэд таксигаар их үйлчлүүлдэг, манайхаар үйлчлүүлэхдээ их сэтгэл хангалуун байдаг. Хот жижиг байх тусам таксигаар зорчих иргэдийн тоо олон байдаг. Бид нийтийн тээврийн шинэ төрөл бий болгосон гэж хэлэхэд болно. Ийм хувийн тээврийн хэрэгсэл Москвад ч, Санкт-Петербурк, Екатеринбургд ч,хаана ч хэрэгтэй. Хямд үнээр, автомашинаар зорчих хүсэлтэй иргэдийн хэрэгцээг бид хангаж байгаа. 

Тэд мөн хэрэглэгчдийнхээ мөнгийг хэмнэхийн тулд хамт зорчих (жишээ нь: онгоцны буудал руу) үйлчилгээг нэвтрүүлжээ. Улмаар зорчигчид нь хүрэх газраа хямд зардлаар хүрэх боломжтой болсон. 

5-6 жилийн дараа гэхэд жолоочгүй машинууд гудамжаар явж байх болно гэж төсөөлдөг “Яндекс.Такси”-гийн хамт олон 2018 он гэхэд иргэддээ автомат жолоодлоготой машинаар үйлчлүүлэх боломжийг олгоно гэж төлөвлөж байгаа юм байна. Мэдээж эхний ээлжинд зарим томоохон хотуудад л тус үйлчилгээ нэвтрэх бөгөөд жолооч суудалдаа сууж ямар нэгэн аюултай нөхцөл байдал үүсэхэд жолоодлогыг гартаа авах юм. Автомат жолоодлоготой машиныг бүрэн хэрэглэж эхлэхэд ОХУ-д холбогдох хууль дүрэм байхгүй гэсэн ганцхан бэрхшээл байгаа гэнэ. 

Хойч үе 

Арваад жилийн турш “Яндекс” компани залууст зориулсан программчлалын сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Жилийн өмнө “Яндекс.Лицей” хөтөлбөрийг нээснээр 8 дугаар ангийн сурагчид хүртэл уг хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон юм. Хөтөлбөр анх Оросын 4 хот, Арменийн 1 хотод хэрэгжиж байсан бол одоо 23 хотод нээлттэй болжээ. “Яндекс.Лицей”-ийн удирдагч Марина Сусловагийн хэлж буйгаар хэдэн жилийн дараа гэхэд үйлчилгээгээ явуулах хотуудын тоо 100-д хүрэх юм байна. 

“Яндекс”-ийн дэмжлэгээр гурван жилийн өмнө Оросын томоохон эдийн засгийн сургууль болох “Высшая школа экономики”–д компьютерийн ухааны анги нээгджээ. Эхний элсэлтээр л тус ангид суралцах хүсэлтэй сурагчдын тоо хэтэрсэн тул сургуулийн захиргаанаас үнэгүй суралцах квотын тоог нэмж байсан гэдэг. Үүнээс гадна ОХУ-ын хэд хэдэн их сургуульд “Яндекс”-тай хамтран нээсэн магистрийн хөтөлбөрүүд байдагаж. 

“Яндекс”-ийн хамгийн анхны төсөл бол арваад жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн “Өгөгдлийн анализийн сургууль” юм. Тус сургууль нь “Яндекс”-аас санал болгож байгаа боловсролын сүүлийн шат гэж хэлэхэд болно. Энд төгсөх курсийн оюутнуудыг сургадаг ба төгссөн оюутнуудын ихэнх нь Яндекс компанидаа ажилд ордог. Тус сургууль байгуулагдсан цагаасаа хойш нийтдээ 600 гаруй программист, шинжээч, судлаачдыг төгсгөжээ. 


Эх сурвалж: РИА Новости