Технологийн салбар асар хурдацтай хөгжиж байна. Энэ хэрээрээ бидний ажлын хэмнэл, амьдралын хэв маяг, аливаа асуудлын шийдлүүд бүгд технологид суурилсан арга барил руу шилжиж буй. Гэвч энэхүү салбарт эмэгтэйчүүдийн оролцоо бага хэвээр байгаа юм. 

Тиймээс бид технологийн салбарыг сонирхож буй охид бүсгүйчүүддээ урам зориг өгөхөөр “Women in Tech  Mongolia”, “Procraft” дизайн агентлагтай хамтран “Woman in Tech” булангаа эхлүүлж байна. Энэхүү булангийнхаа эхний зочноор дэлхийн “Woman in Tech” хөдөлгөөний Монгол дахь элч төлөөлөгч Б.Энхсайханыг урьж ярилцлаа.

Ур ухаанаа дэлхийд үнэлүүлсэн, чадварлаг эмэгтэйчүүд Монголд олон бий

Барилга, уул уурхайтай адилаар технологийн салбарт зөвхөн эрчүүд ажилладаг гэх хэвшмэл ойлголт олны дунд бий. 

IT-гийн инженер болох, технологийн салбарт ажиллах нь хөвгүүдийн дур сонирхол, мэргэжил сонголт мэтээр ойлгодог. 

Энэ хэрээрээ шинжлэх ухаан, математик, технологийн чиглэлээр суралцаж, ажиллах эмэгтэйчүүдийн тоо тун хязгаарлагдмал хүрээнд эргэлдэж байдаг. 

Бичлэг үзэх: 


Үнэндээ охид 10 наснаасаа эхлэн шинжлэх ухаан, технологийн салбарт дурлан, маш их сонирхон судалдаг юм шүү дээ. 

Харамсалтай нь охид хүссэн салбарт нь үлгэрлэх бүсгүйчүүд ховор учраас мэргэжил сонгохдоо “хазайчихдаг” дүр зураг ажиглагддаг. 

Тиймээс бид технологийн салбарт ажиллахыг хүсдэг охид бүсгүйчүүддээ урам зориг өгөхөөр Women in Tech арга хэмжээг  2019 оноос хойш зохион байгуулж байна. Энэ үеэр Азид цөөхөн тооцогддог монгол инженерүүд, дэлхийд ховорт ордог ур чадвартай бүсгүйчүүд байдгийг олж мэдсэн. Бүсгүйчүүд маань хэтэрхий даруу учраас төдийлөн хийдэг ажлаа олон нийтэд сурталчлаад байдаггүй юм билээ. 


Технологийн салбарт эмэгтэйчүүдийн ур ухаан, мэдрэмж дутагддаг 

Ялангуяа технологийн салбарт эмэгтэйчүүд ажиллаж,  ур ухаан, мэдрэмж, санаа бодлоо уралдуулах нь олон талын ач холбогдолтой. 

Жишээ нь шинэхэн хүнээ хүлээж буй ээжүүдэд зөвлөгөө өгдөг аппликэйшн хөгжүүлэхийн тулд заавал эмэгтэй хүний санаа бодлыг тусгах хэрэгтэй. 

Ээж болж үзсэн, жаргал зовлонг нь мэддэг хүн л яг юу хэрэгтэй гэдгийг хамгийн сайн мэднэ, мэдэрнэ, ойлгоно. Энэ мэтээр хүүхэд, эмэгтэйчүүдийн хэрэглэдэг зүйлсийг аппликэйшн, технологитой хослуулж болох юм байна гэдгийг санаачилгыг эмэгтэйчүүд өөрсдөө гаргадаг. Өөрсдөө дизайнаа гаргаж, хөгжүүлэлтээ хийдэг. 

Үүнтэй адилаар аливаа шийдэл, бүтээгдэхүүнд эмэгтэй хүний ур ухаан, санаа, бодол шингэж байж тэдгээр бүтээгдэхүүнийг бүх насны хүмүүс хэрэглэх боломж нээгддэг гэсэн үг. 

Технологийн салбарт ажиллах хэрэгцээг зөвхөн ажилтны байр сууринаас харах нь тун өрөөсгөл. Учир нь технологийн салбарт амжилт гаргахын тулд дан ганц мэргэжилтэн байхаас гадна сайн менежер, сайн удирдан зохион байгуулагч, сайн төлөвлөгч байх хэрэгтэй. Харин Монголын технологийн салбарт гүйцэтгэгч гэхээсээ илүү захирлын албан тушаалд эмэгтэйчүүд илүүтэй ажилладаг нь энэ салбарын хөгжлийг хурдасгаж байгаа томоохон хүчин зүйл гэж боддог. 


Технологи асар хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед бид хаана байх вэ?

“Би эзэмшсэн мэргэжлээрээ л ажиллана. Ирээдүйд ямар байх нь надад хамаагүй, би ийм л ур чадвартай” гэсэн бодол аль хэдийн хоцрогдсон.

Учир нь технологийн салбар бидний төсөөлснөөс ч хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ шилжилтийн үед бид хаана байх вэ, хаашаа чиглэх вэ гэдэг асуултыг сайтар бодож үзээрэй. Миний бодлоор өөрчлөлт бид өөрчлөлт шинэчлэлтэд бэлэн байхын тулд өөрийн ур чадвараа үнэлж мэддэг, ирээдүйд ямар ур чадвар үнэ цэнтэй болохыг мэддэг, тэрхүү ур чадвараа хэнээс, хаанаас эзэмшиж болох вэ гэдгийг мэддэг байхад л хангалттай. 


“Procraft” дизайны агентлаг санаачлан UXUI дизайны сургалтад охид, эмэгтэйчүүдийг хамруулахаар ажиллаж байна. UXUI дизайн нь охид эмэгтэйчүүд ур ухаан, мэдрэмж, харилцааны ур чадвараа ашиглан хүнд хэрэгцээтэй шийдэл бүтээж болох хамгийн сонирхолтой салбаруудын нэг юм.

Жишээлбэл их дээд  сургуулиа урлаг судлал, уран зураач мэргэжлээр төгссөн бол UXUI дизайнерын сургалтад хамрагдвал илүү давуу талтай. Мөн Англи хэлний анхан шатны мэдлэгтэй, аливаа зүйлд бүтээлчээр ханддаг, график суурьтай бол өөрийн ур чадвараа дараагийн түвшинд хүргэх бүрэн боломж бий юм шүү.

Хэрэв сургалтад хамрагдахыг хүсвэл https://forms.office.com/r/pABvXWt260 линкээр зочлоорой.

Мөн "UXUI дизайнерын Мастеркласс" сургалтын мэдээллийг Procraft agency цахим хуудасаар холбогдоорой.