Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийллийн эсрэг санаачилгатай ажиллаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХЗДХЯ-нд дөрвөн сарын өмнө хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар цаазын ялыг сэргээх санал хүргүүлсэн ч одоог хүртэл тус яам хариу ирүүлээгүй, ямар нэг санаачилга гаргаагүй юм. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын president.mn цахим хуудсаар иргэдийн саналыг сарын турш албан ёсоор авч, мөн уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулан УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг олон тооны санал хүсэлт, шүүмжлэлийн тодорхой хувийг цаазын ялыг сэргээхтэй холбоотой иргэдийн санал хүсэлт, шүүмжлэл эзэлдэг учраас ийнхүү хуулийн төсөл санаачлахаар болсон юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазаар авах ял оноодог байхыг Төрийн тэргүүнээс биечлэн болон бичгээр шаардсан иргэд цөөнгүй байв.
2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ХЗДХ-ийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүргүүлсэн бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг цаазаар авах ялыг сэргээх тухай албан бичигт:
"...Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах ноцтой, харгис хэрцгий жигшүүрт үйлдэл юм.
Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна…” гээд
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний ам нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг. Ингэснээр Үндсэн хуулиараа цаазын ялыг хэрэглэх бүрэн боломжтой боловч салбар хуулиараа хязгаарлаж хаасан нь учир дутагдалтай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа юм.
122.201.21.140
Хариулах 2018.04.04
Уул нь ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжээд ийм хууль гаргаж гэмт хэрэг үйлдэгч хогийн шаарнуудаас нэг ч гэсэн алуурчнаас салмаар байгаа юм.Миний бодлоор хүүхэд хүчирхийлсэн, тэдний амь насанд хүрсэн, мөн ямарч хүн чанар байхгүйгээр хүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн алуурчдад цаазын ял өгөх хэрэгтэй юм. Тодорхой хугацааны дараа хэрэв энэ ял үр дүнгээ өгөхгүй бол, ийм төрлийн гэмт хэргийг өсгөж, нийгэмд хохирол учруулж монгол улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг, гадаад ертөнц дэх улсын нэр хүнд унах зэргээс шалтгаалж УИХ-ын түвшинд хэлэлцэж батлах боломжгүй болж мухардвал ийм гэмт хэргүүдэд бүх насаар нь хорих ял өгч болох юм. Гагцхүү тйим хүмүүст тохирох хүнд хөдөлмөр Монголд байна уу? Хэрэв хөдөлмөр хийхгүйгээр тэжээвэл ард түмэн эсэргүүцэх болно. Ер нь ч тийм алуурчдыг үр хүүхдээ хүчирхийлүүлсэний төлөө, хамгийн дотны хүнээ зэрлэгээр амь насыг нь хохироосны төлөө би юу гэж тэжээж байх ёстой юм бэ? Энэ мэтчилэн энэ асуудалд олон талаас нь бодож хамгийн оновчтой зөв зүйтэй шийдэлд хүрэх нь зүйтэй болов уу?
0 0