Кени улс нь заан,хирс, анааш, ирвэс зэрэг зэрлэг амьтдын өлгий нутаг юм. Харин эдгээр амьтны дундаас заан болон хирс нь хулгайн анчдын гол бай болсон хэвээр байна.

Кенид ховордсон амьтдыг агнахыг хуулиар хориглодог ба 2013 оноос эхлэн энэ төрлийн гэмт этгээдүүдэд бүх насаар хорих  шийтгэл эсвэл 200 мянган ам.доллартай тэнцэх торгууль ногдуулах болсон ажээ.

Гэсэн хэдий ч дээр дурдсан шийтгэл нь хулгайн анг таслан зогсооход хангалтгүй байна гэж Кенийн Аялал жуулчлалын яамны нарийн бичгийн дарга Нажиб Балала хэлээд, тэдгээрт ногдуулах ял шийтгэлийг чангатгаж, цаазын ял ногдуулахаар болсноо албан ёсоор зарласан байна.

Ингэснээр тоо толгой нь цөөрч буй ховор төрөл зүйлийн амьтдыг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаа ажээ.

Зааны соёог сийлж, гоёл чимэглэл, сав суулга, шашны баримал зэрэг олон төрлийн эд зүйл хийдэгтэй холбоотойгоор хулгайн анчид зааныг хамгийн ихээр агнадаг ажээ. Африкийн зэрлэг амьтдыг хамгаалах холбооноос мэдээлснээр, хууль бус соёоны 70 хүртэлх хувийг БНХАУ-д боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг аж. Зааны соёо нэг паунд нь /0.45 кг/ 1000ам.долларын үнэ хүрдэг ажээ.

БНХАУ 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс зааны соёо худалдаалах, худалдан авахыг хориглосон боловч хар зах дээр энэ түүхий эдийн арилжаа өрнөсөөр байгаа ажээ. Үүний зэрэгцээ хирсний эвэр нь бэлгийн сулрал, өндөр халууралт, хорт хавдар, шарталт болон өөр бусад өвчнийг анагаадаг хэмээн үздэгтэй холбоотойгоор хирс агнах явдал нэмэгдэх болжээ.

Судлаачдын тогтоосноор, хирсний эвэр нь дээр дурдсан шиг анагаах увидасгүй бөгөөд бидний хумсны нэгэн адил кератинаас бүрддэг аж. Гэсэн хэдий ч хирсний эвэр нэг паунд нь 30 мянган ам.доллар орчмын үнэтэй байдаг нь нэг паунд алтнаас/ойролцоогоор 22мянган ам.доллар/ илүү үнэтэй юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Green World Warriors