Хэрэв таны дансанд хэн нэгэн танихгүй хүнээс мөнгө орж ирвэл ямар үйлдэл хийх нь хамгийн зөв бэ? Peak.mn сайн энэ удаагийн сэдвийн сурвалжилгаараа андуурсан гүйлгээнээс болж үүсдэг, хэрэг зөрчлийн тухай онцолж байна.

Андуурсан гүйлгээг ашиглачихъя гэсэн сэдэл нь эрүүгийн хэрэгт татагдах шалтгаан болдог. Энэ төрлийн хэрэг энэ оны эхний 9 сарын хугацаанд 709 бүртгэгдсэн байна.

Тухайлбал, 2022  онд Сүхбаатар дүүргийн дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн нягтлан бодогч түрээсийн төлбөрөө төлөх үедээ алдаа гаргаж, иргэн О-гийн данс руу гүйлгээ хийсэн байдаг.

Энэ тохиолдолд тухайн мөнгөө шилжүүлсэн хүмүүс сандраад банк руугаа холбогдож, миний мөнгийг авсан хүний дугаарыг өгөөч ээ гэх хүсэлт гаргадаг юм байна. Гэхдээ банкны ажилтан ёс зүйн хувьд харилцагчийн мэдээллийг өгөх боломжгүй. Иймээс банкны ажилтан тухайн мөнгө орсон данс эзэмшигчтэй холбогдож, “Таны данс руу мөнгө орсон байна, та буцааж шилжүүлж өгнө үү” гэж холбогддог. Тухайн хүн мөнгөө буцаагаад шилжүүлчихвэл ямар нэгэн эрүүгийн хэрэг, зөрчилд холбогдохгүйгээр асуудал шийдэгдэнэ. Гэвч зарим хүн үүнийг мэдэхгүйгээс эсвэл мэдсээр байж андуурсан гүйлгээг ашиглах тохиолдол гардаг байна.

Иргэн О-руу л гэхэд банкнаас холбогдоод таны данс руу 8 сая төгрөгийг андуураад шилжүүлсэн байна. Та буцаагаад шилжүүлэх боломжтой юу гэхэд нь утсаа салгаад, дахиж холбогдоогүй байдаг. Дараа нь тухайн компанийн нягтлан бодогч түүний фэйсбүүк чатаар нь холбогдож,  “Би буруу гүйлгээ хийсэн байна. Та буцаагаад шилжүүлж, тус болооч ээ” гэхэд нь “Би хөдөө сүлжээгүй газар байна. Эргээд холбогдъё” гээд дахиж холбогдохгүйгээр нөхцөл байдлыг хүндрүүлж эхэлжээ.

Монголын банкны холбооны дэргэдэх Харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлийн дарга Л.Нямсүрэн:

Ямар тохиолдолд хууль хяналтын байгууллага руу шилжээд байна вэ гэхээр хүлээн авагч нь өөрөө мэдсээр байж өгөхгүй байх эсвэл банк тэр хүнтэй яаж ч холбогдож чадахгүй үед хууль хяналтын байгууллага руу хандаарай гэдэг чиглэл өгдөг.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Одхүү:

Тухайн хүний дансанд мөнгө орж ирсэн тохиолдолд хууль ёсны өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нь шилжүүлэн өгөх үүрэгтэй байдаг. Энэ хүмүүс нь тодорхойгүй бол нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хүлээлгэн өгөх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй өөртөө завшсанаар эрүүгийн хэрэгт татагдах шалтгаан болж байна.

Жишээлбэл, дээр дурдсан иргэн О-гийн хэрэг ийм шалтгаанаар хууль шүүхийн байгууллагад шилжсэн. Түүний хувьд дансанд нь орж ирсэн 8 сая төгрөгийг зээл, байрны түрээс гэх мэт зүйлд зарцуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна.Эцэст нь шүүхээс түүнийг  бусдын эзэмшилд байгаа хөрөнгийг мэдсээр байж, хувьдаа завшсан гэх үндэслэлээр гэм буруутайд тооцжээ. 

Энэ хуулийн дагуу иргэн О-д тухайн компанид учруулсан хохирлоо барагдуулж,  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна. 

             Эх сурвалж: Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай:

300 мянган төгрөгнөөс доош буюу бага хэмжээнээс дээш гүйлгээтэй ашиглавал эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй, 300 мянган төгрөгнөөс доош гүйлгээг ашигласан тохиолдолд зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулахаар хуульчилсан. Энэ оны эхний 9 сарын байдлаар цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 266 зөрчил бүртгэгдсэн байна.Үүний 178 зөрчилд нь хуулийн хариуцлага оногдуулсан. Бусдыг нь шалгах, шийтгэх ажиллагаа үргэлжилж байна. Харин гэмт хэрэг 709 бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 нэгж буюу 1,4 хувиар өссөн тоон үзүүлэлттэй байна.

Бусдын юмыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашиглаж завших нь гэмт хэрэг. Гэхдээ энэ гэмт хэрэг гарах шалтгаан нь андуурсан гүйлгээ. Тэгэхээр та хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхдээ данс болон хүлээж авч буй хүнийхээ нэрийг сайн шалгах хэрэгтэй. Жишээ нь такси барьсан тохиолдолд мөнгөө шижлүүлэхдээ дансны дугаараа авчихаад нэрийг нь асуухгүйд л асуудал байгаа юм.

Харин нөгөө талаас нь харвал хэн нэгний андуурсан гүйлгээ таны дансанд орж ирлээ гэж бодъё. Тэгвэл энэ мөнгийг буцаагаад шилжүүлэх үү аль эсвэл хувьдаа завшаад, гэмт хэрэгтэн болох уу гэдэг нь таны сонголт.