Хятадын галт тэрэгний буудлуудад ажилладаг цагдаа нар хүний царай таних чадвартай нарны шил зүүж эхэллээ. Тэд Хэнань мужийн нийслэл Чэнчоу хотын галт тэрэгний буудлаас сэжигтнийг барихын тулд ийм арга хэрэглэж байгаа гэнэ. Google Glass шилтэй төстэй энэхүү шилийг энэ оны эхээс ашиглаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд долоон гэмт хэрэгтэнг барьсан  тухай Коммунист намын албан ёсны People's Daily сонинд бичжээ. 

Ухаалаг нарны шил сэжигтнүүдийг багтаасан тусгай мэдээллийн сантай холбогдсон. LLVision Technology компанийн захирал Ву Фэй уг шилийг зохион бүтээсэн. Тэрбээр Wall Street Journal сонинд өгсөн ярилцлагадаа 10 мянган царайн дундаас 100 миллисекундэд царайг олж таньдаг хэмээжээ. Шилээр дамжуулж барьж авсан хэрэгтнүүдийн дунд зам тээврийн зөрчил гаргасан, хүний наймаа хийсэн хүн ч байгаа гэнэ. Мөн хуурамч бичиг баримттай 26 хүнийг аяллаас нь саатуулсан байна. 

Хятад 1.3 тэрбум иргэнийхээ царайг гурван секундэд таних шинэ технологи хөгжүүлж байгаа ажээ. Эл технологийг хүний эрхийн байгууллагууд хувийн нууцтай байх эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж буй. Хүний эрхийн хяналтын байгууллага "Human Rights Watch"-ын Хятад дахь захирал Софи Ричардсон "Хятадын эрх баригчид ард иргэдээг микроскопоор харснаар нийгмийн тогтвортой байдал үүсгэж чадна гэж бодоод байна. Гэвч хүний эрхийг зөрчсөн ийм хөтөлбөр Засгийн газрын эсрэг байр суурийг л нэмэгдүүлнэ" хэмээлээ.