Электрон барааны LG компани хэмжээ, нягтаршил нь нэмэгдсэн зурагтаа CES 2018 буюу “Электроникийн шоу-2018” үзэсгэлэнгээр танилцуулахаар зэхжээ. Тодруулбал энэ нь 88 инчийн, 8K нягтаршилтай OLED зурагт аж. Зах зээлд буй хамгийн шилдэг OLED зурагт гэсэн тодотголтой эл зурагт LG-ийн одоогийн 77 инчийн, 4K нягтаршилтай зурагтын сайжруулсан хувилбар юм. 

Үнэ нь одоогоор тодорхойгүй ч 20 мянган долларын үнэтэй 77 инчийн зурагтнаас өндөр байх нь ойлгомжтой. Samsung компани 88 инчийн QLED зурагтаа 20 мянган доллараар үнэлсэн. Гэхдээ нягтаршил нь 4K болохоор 8K-ийн хаана нь хүрэх билээ. 4K OLED зурагт илүү түгээмэл болж үнэ нь ч буурч эхэлсэн. Гэхдээ 8K нягтаршилтай зурагт авах цаг нь болсон гэсэн үг биш. Эцсийн эцэст “Электроникийн шоу” бол салбарын компаниуд хязгаарыг ахиулсан технологиороо уралддаг үзэсгэлэн төдий шүү дээ. Дашрамд CES 2018 ирэх долоо хоногт АНУ-ын Лас Вегас хотод болно.