Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүний дипломыг ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн гардан авлаа. Энэ шагналыг өмнө нь Япон улсын иргэн, элэгний мэс заслын эцэг гэгдэх Макучи болон Ветьнамын иргэн, доктор Тан тунг нар авсан байдаг.
Ийнхүү ази тивээс энэ шагналыг авсан гурав дахь хүн нь ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн боллоо. Энэ бол Дэлхий монгол эмчийн ур чадварыг хүлээн зөвшөөрч буйн баталгаа юм.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийг албан ёсоор 1731 онд Францын эзэн хаан Людовик XV-ын ивээл дор хааны мэс засалч Georges Mareschal байгуулсан түүхтэй.

Академийн үйл ажиллагаа үүнээс өмнө эхэлсэн байсан бөгөөд 1723 онд мэс засал хийх эрх олгосныг баталж, мөнгөн зоосон тэмдэг гаргасан аж. Тэмдгийн нэг талд Людовик XV хааны зураг, нөгөө талд эмнэлгийн тэмдэг бүхий хоёр могойн голд алган дээрээ нүдтэй хүний гарыг дүрсэлжээ. Энэхүү дүрслэл нь "Мэс засалч хүн гартаа нүдтэй юм шиг ухаантай" хэмээн утга, илэрхийлсэн байдаг.