Буяндэлгэрийн Мөнхчимэг
03 сарын 15, 2024
"Аддиктологийн тусламж үйлчилгээг сайжруулах боломж" сэдэвт донтолт судлаач, мэргэжилтнүүдийн уулзалт боллоо.
Уулзалтаар аддиктологийн чиглэлээр тусламж үйлчилгээ, судалгаа шинжилгээ хийдэг байгууллага, мэргэжилтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн жишигт хүргэсэн тусламж, үйлчилгээг бий болгох арга замыг хамтдаа тодорхойлохоор зорилготой аж.
Энэхүү хэлэлцүүлэгт ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Аддиктологийн төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Донтох эмгэг судлаачдын нийгэмлэг болон Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн төлөөллүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ "Донтолтын асуудал сүүлийн жилүүдэд хүүхдүүд, өсвөр үеийхний электрон тамхины хэрэглээ, залуусын дунд мансууруулах бодисны хэрэглээ гээд нийгэмд маш хурцаар тавигдаж байна. Энэ бүр дээр холбогдох мэргэжлийн байгууллагууд баг болж, хамтарч ажиллах хэрэгтэй. Манай Аддиктологийн төвийн зүгээс энэ ажил дээр манлайлж, түүчээлж, байгууллагуудыг холбож ажиллах болно." хэмээн онцолсон юм.
Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд олон улсын чиг хандлага эрүүлмэндийн мэргэжлийн байгууллагууд нь их сургуулиуддаа суурилсан, тэдний технологийн нөөцөд суурилсан хамтарсан ажлууд маш хурдтай явагдаж байна. Иймд бидний зүгээс салбарын хөгжлийн бодлогыг хамтарч ярилцаад шинэ бодлого төлөвлөлтөө өөрчлөөд, чиглүүлье гэсэн үндсэн саналтай байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн протоколд үндэслээд ЭМЯ, Дотоод хэргийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газар зэрэг бусад холбогдох харьяа газруудад асуудлаа тавих, санал дэвшүүлэх зорилттой байна гэлээ.
Түүний дараагаар Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн Гадаад харицлаа нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр донтох эмгэгийг тусламж үйлчилгээг сайжруулахад их сургуулиудын зүгээс хэрхэн хамтарч ажиллаж болох талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Аливаа бодист донтох бол нийгмийн хор хөнөөл, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь өргөн цар хүрээтэй. Энэ асуудал бол дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш. Энэ бол ирээдүйн иргэд, залуу манлайлагчдыг бэлтгэдэг их дээд сургуулийн ч хамааралтай асуудал мөн. Тийм тал бүрийн оролцогч талуудыг оролцох боломжийг бүрдүүлж, хамтын оролцоог бий болгож байж бүхий л төрлийн донтолтын асуудлыг шийдэх юм.
Тухайлбал манай сургуулийн биотехнологийн эрдэмтэдтэй хамтарч, лабораториудыг ашиглаад донтох эмгэгтэй хүмүүсийг эдгэрэхэд нь туслах орчин цагийн анагаах ухааны эм, бэлдмэл бүтээхэд хамтран ажиллах бололцоотой.
Түүнчлэн донтох эмгэгээс үүдэлтэй хүн зан үйлийн хувьд өөрчлөлтөд орсон хүмүүсийг Аддиктологийн төв, СЭМҮТ зэрэг мэрнэжлийн байгууллагын эмч мэрэгжилтнүүдтэй хамтдаа туршилтын судалгаа хийж болно.Ингэснээр илүү хурдан үр дүнгээ өгөх сайн шийдлийг бий болгож болно гэж үзэж байгаа юм.
Мөн манай сургуульд тухайн байгууллагууд залуу үеийн эмч мэргэжилтнүүдээ сургах, чадавхжуулах хамтарч судалгаа хийлгэх боломж харагдаж байна. Энэ мэтчилэн өнөөдрийн хэлэлцүүлгээс донтох эмгэгийн эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх,үр дүнд сайжруулахад нөлөөлөх олон шинэ санаачлага гарна гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.