Б.Оюунчимэг: Архи бол сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис гэдгийг ойлговол түүнээс татгалзаж чадна

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Амсахгүй бол харамсахгүй” нөлөөллийн аян орон даяар хэрэгжиж байгаа билээ. Уг аяны хүрээнд донтох эмгэг судлалын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, ярилцлагыг цувралаар хүргэж байна. Энэ удаа бид Аддиктологийн төвийн тасгийн эрхлэгч Б.Оюунчимэгтэй ярилцлаа.

АРХИНД ДОНТОХ БОЛ ӨВЧИН!

Архичин гэдэг үгийг ажилгүй, мэдлэг боловсролгүй, орон гэргүй, гэр бүлээсээ салчихсан хүнийг хэлдэг л гэж нийгмээрээ ойлгодог. Гэхдээ шинжлэх ухааны хэллэгээр олон улсын 10 дугаар ангиллын 5 дугаар бүлэгт заасан шинж тэмдэг илэрч байвал архинд донтох өвчин гэж нэрлэдэг. Харин Монголд “Архаг архисах өвчин” гэж зарим мэргэжлийн хүмүүс тодорхойлдог. 

Этилийн спиртийг хэрэглэснээр бие болон сэтгэл зүйн хараат байдалд орсон хүнийг архинд донтогч гэж ойлгож болно. 

ЭРҮҮЛ ЭЛЭГ 10 ГР АРХИЙГ 5 ЦАГТ ЗАДАЛЖ, БИЕЭС ГАДАГШЛУУЛДАГ 

Эрүүл элэг 10 гр архийг нэг цагийн дотор шүүгээд, 10-11 цагийн дараа биеэс гадагшлуулдаг. 

Тэгвэл нэг хундаганд 50 гр архи байна гэж бодвол энэ хэмжээний архийг 5 цагийн дотор задалдаг гэсэн үг юм. Ингээд 50-55 цагийн дараа буюу 1-2 хоногийн дараа хүний биеэс бүрэн гадагшилдаг. 

Хүний биед  “Алкохол дехидрогеназата” гэдэг архи задалдаг бодис байдаг. Хэрэв энэ бодисын хэмжээ бага эсвэл бүр байхгүй бол архийг задлах явц маш удаан явагддаг. Спирт хүний биед удаан байснаар төв мэдрэлийн системд архи биед байх ёстой гэсэн мэдээллийг дамжуулж эхэлдэг. Ингээд спирт гадагшилж дуусахад хүний бие цаанаасаа дахиж нэхэж, улмаар донтдог.

Донтох өвчин 1,2,3 дугаар шаттай.

Архи хэрэглэх дур хүсэл төрж эхлэхэд ямар нэг шалтгаан үүсгэж заавал уудаг. Хамгийн гол нь тэр нь ялих ялихгүй шалтгаан байдаг. Тухайлбал, хамт олноороо нэг газар сууна заавал ууна, төрсөн өдрөөр зайлшгүй согтууруулах ундаа хэрэглэх ёстой гээд л гэрийнхэндээ мундахгүй олон шалтаг тоочиж эхэлдэг. Хамгийн аюултай нь эдгээр шалтгаан хэзээ ч дуусахгүй. 

Хэрэв ийм байдал ажиглагдвал асуудалтай болж байна шүү гэдэг дохио өгч байна гэсэн үг. 

АРХИЙГ ИДЭЭНИЙ ДЭЭЖ ГЭХ БУРУУ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ

Монголчууд архийг идээний дээж гэх хандлагатай байдаг. Бид сүү, цагаан идээгээ боловсруулж гарсан эцсийн бүтээгдэхүүн, охь шимийг нь хамгийн эрхэм хүндээ барьж, тэмдэглэлт чухал өдрөө хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор баяр ёслол болоход заавал байх ёстой гэх бодлыг бага байхаас тархинд суулгачихсан байдаг. 

Ямар ч баяраар, тэр дундаа төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, мартын 8-ны ширээн дээр архи байхгүй л бол баяр биш юм шиг санагдтал буруу хандлага тогтоочихсон байна. Тиймээс зохистой хэрэглээ гэдэг үгийг гаргаад ирчихсэн. Гэхдээ зохистой хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. 

Их бага хэрэглэхээс үл хамааран этилийн спирт буюу архийг сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн бодис гэдэг талаас нь харах хэрэгтэй. 

Гэхдээ архи уудаг хүнийг сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүн гэж хэлбэл хүнд тусна. Зарим нь “Чи намайг юу гээд байгаа юм” гэж уурлаж ч магадгүй. 

Тиймээс хүмүүс архинд хандах хандлагаа өөрчилчихвөл сэтгэл заслын эмчилгээ хурдан, үр дүнтэй хийгдэнэ. Монголчуудын архины асуудлыг шийдэхэд тулгардаг хамгийн том асуудал нь энэ хандлага байдаг.  

ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ

Өвчтөн өөрөө эмчлүүлье гэсэн чин хүсэлтэй байх тун чухал. Тухайн хүн “Би асуудалтай байна, эмчилгээ хийлгэмээр байна” гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон цагаас эмчилгээ эхэлж байна, эмчилгээнд орж байна гэж үздэг.  

Тэрнээс архины хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй олон жил болчихсон хүмүүс байдаг шүү дээ. “Надад ямар ч асуудал байхгүй. Манай ар гэрийнхэн эмчилгээ хийлгэ гэсэн” гэх байдлаар хандвал гарах үр дүн муу байх болно. 

Үндсэн эмчилгээгээ хийлгэхгүй, хордлого тайлах эмчилгээ хийлгэчихээд л гарчихдаг хүмүүс байдаг. Ууж ирээд ахиад хордлого тайлах эмчилгээ хийлгэдэг. Эмч нар хэлж, зөвлөөд байхад өөрийгөө архины хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй учраас өөртөө хаалт үүсгэчихдэг. Хэзээ ч сэтгэл зүйч, сэтгэл засалчийн зөвлөгөөг хүлээн авдаггүй.

Тэгсэн хэр нь "Ямар  ч үр дүн гарахгүй байна, би хэзээ ч архинаас гарахгүй юм байна" гэдэг. Сэтгэл заслын эмчилгээ хийж эхлээгүй бол үр дүнгүй байх нь ойлгомжтой шүү дээ! 

АР ГЭРИЙНХЭН НЬ ӨВЧТӨНИЙГ ОЙЛГОЖ, ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Архи хэтрүүлж хэрэглэх нь өвчин гэдгийг ар гэрийнхэн нь маш сайн ойлгох ёстой. “Би чиний ам руу архи цутгаад байгаа юм уу?”, “Чи дуртайдаа ууж байгаа биз дээ?” гэх мэтээр дайрах нь өвчнийг улам сэдрээдэг. Ингэхээр хамааралтай болчихсон хүний сэтгэл зүй, бие махбод цаанаасаа дахиад үгүйлээд эхэлдэг. 

Ар гэрийнхэн нь ихэвчлэн “Тэр хүн сайн гэнэ лээ” гээд лам, бөөд үзүүлэх нь элбэг байдаг. Энэ маш буруу. Ингэж явсаар байгаа улам даамжруулчихсан хүмүүс нэлээд ирдэг л дээ. Нэгэнт удаан хугацаанд архины хэт их хэрэглээтэй байсан бол эмчилгээ хийхэд төвөгтэй байдаг. Оюун санаанд нь нэгэнт өөрчлөлт орчихсон учраас эмч, сэтгэл засалчийн зөвлөгөөг хүлээж авах нь бага байдаг. 

Гэхдээ архинд донтох нь 100 хувь эмчлэгдэх боломжтой өвчин гэдгийг санах хэрэгтэй.

Тиймээс эмчилгээ хийлгэж эхэлсэн л бол бүрэн эдгэрэх хүртэл тэсвэр тэвчээр, цаг хугацаа шаардлагатай гэдгийг хэн хэн нь маш сайн ойлгох хэрэгтэй.  

МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ХАНДАХ НЬ ЧУХАЛ

“Би архины асуудалтай байж магадгүй юм байна” гээд сайн дураараа зөвлөгөө авч орж ирэх хүн өвсөн дотроос зүү хайхтай адил маш цөөхөн байдаг. 

Өрөөнд өвчтөн орж ирэхэд нь бид нар асуудаг юм. “Айдас түгшүүртэй болж байна уу? Юунаас айгаад байгаа нь мэдэгдэхгүй хажууд юм дуугарахаар цочиж байна уу?” гэх мэтчилэн. Ийм асуултууд тавиад эхлэхээр “Та яаж мэдсэн юм бэ? Үзэж хардаг хүн юм уу?”  гэдэг. 

Яагаад бид мэдэж байна гэхээр энэ өвчний илрэх шинж тэмдэг, явц, сөрөг нөлөөллийг маш сайн судалчихсан, тэр байтугай хэрхэн эмчлэх аргыг нь мэдрэлийн эсийн түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлаад гаргачихсан байдаг. 

Тиймээс бид ирсэн өвчтөнүүдээс эхлээд асуумж асууж, дараагаар нь тухайн өвчтөн тохирсон эмчилгээний тактик боловсруулж, эмчилгээгээ хийдэг.  Иймд цаг алдалгүй  мэргэжлийн эмчид хандах нь маш их ач холбогдолтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.