ТАЙВАНЬ ТУРШЛАГА: Эрүүл мэндийн салбараа сайжруулахыг хүсвэл урьдчилан сэргийлэхэд "гар татах" хэрэггүй

Эмнэлэг рүү ороод дугаар авснаас 15, 20 минутын дараа л эмчийнхээ үзлэгт ордог гээд бод доо. Улсын эмнэлэгт шүү. Үүнийгээ тайваньчууд ачаалал ихтэй байна гэж ярих аж. Харин илүү туршлагатай, алдартай эмч нартаа үзүүлэхийн тулд зарим хүн 2-3 цаг хүлээхэд асуудалгүй гээд сайн дураараа дугаарладаг. Ингээд зогсохгүй олонхи эмчилгээний төлбөрийн 60-70 хувийг улсын эрүүл мэндийн сангаас төлж, иргэд төвөг чирэгдэлгүйгээр, цаг алдалгүй эрүүл мэндийн үйлчилгээгээ аваад л гардаг байна. 

Өнгөрсөн сард сэтгүүлч миний бие Тайвань улсыг зорих завшаан тохиож, энэ үеэрээ тус улсын эрүүл мэндийн яамны төлөөллүүдтэй уулзаж, Тайпэй хотын томоохон хоёр ч гол эмнэлэгтэй танилцсан юм. 

Тайвань улсын хувьд эрүүл мэндийн тогтолцоог хоёр чиглэлд хувааж авч үздэг. Нэг нь эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үйлчилгээ. Нөгөө нь оношилгоо, эмчилгээний шатны тусламж үйлчилгээ гэлээ. Энэ талаар Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Лин Чин-И сэтгүүлчдэд тайлбарлалаа. 

Урьдчилан сэргийлэлт бол зардал биш хөрөнгө оруулалт

Бид “урьдчилан сэргийлэх үйлчилгээ” гэхээр шинжилгээ өгөх тухайд л ярьдаг нь дутагдалтай ажээ. Тайванийн эрүүл мэндийн салбарт хүнийг өвдөхөөс нь өмнө хамгаалах, амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх, эрсдэлээс сэргийлэх цогц бодлого байх учиртай гэж үзэж буй. 

Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Лин Чин-И

Энэ талаар Лин Чин-И “Тайвань улс хүн амын насжилтад дасан зохицох шаардлагын өмнө ирээд байна. Архаг өвчин, хавдар зэрэг өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний хэрэгцээ өсч байгаа тул эрүүл мэндийн даатгалын төсөв, үйлчилгээний хөтөлбөрүүдийг шат дараатайгаар өргөтгөж байна. Хавдрын эрт илрүүлэлтийн төсөв гэхэд сүүлийн жилд хоёр дахин өссөн. Энэ бол эмчилгээнд зарцуулах зардлыг асар ихээр хэмнэхийн зэрэгцээ, хамгийн чухал нь хүний амийг урьдчилан хамгаалах алхам юм” хэмээв.


Эрүүл мэндийн салбарт гар сунгасан гадаад бодлого

Тайвань эмчилгээ эрүүл мэндийн үйлчилгээ, технологийн хувьд ч өндөр хүчин чадалтай, шинэлэг хэрэгслүүдийг ашигладаг. Харамсалтай нь 1970-аад онд Тайвань НҮБ-ын гишүүн орон байхаа больж, үүнийг дагаад ДЭМБ-ын гишүүн болж чадахгүй байгаа гэнэ. 

Энэ талаар дэд сайд Лин “Бид хэзээ нэгэн цагт 23 сая иргэнээ төлөөлөн ДЭМБ-д жинхэнэ утгаар нь нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тайвань ДЭМБ-ын чуулганд оролцохдоо зүгээр нэг суудал авахыг бус, эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулахыг хүсдэг” хэмээн онцолж байв. 

Хэдий гишүүн биш ч олон оронтой харилцаатай байж, эмнэлгийн баг ажиллуулж, эмч мэргэжилтнүүдийг сургах эрүүл мэндийн технологи, цахим дэд бүтцийг хөгжүүлэхэд туслан дэмжигч байдаг. Африк, Карибын тэнгис, Номхон далайн бүс нутгийн олон орон байгаагийн дунд манай улсын эмнэлгийн байгууллагууд ч багтдаг.

Бидний очсон Тайванийн олон улсын эрүүл мэндийн сургалтын төв гэхэд л манай улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг, Хавдар судлалын төв болон хувийн хэвшлийн хэд хэдэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулж, сургадаг, мөн тайвань эмч нар манайд очиж ажилладаг ажээ. 

Эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга нь ч Монголд хэд хэдэн удаа ирж байснаа онцолж байлаа. Сонирхуулахад, энэхүү эрүүл мэндийн төв 4-5 хэлээр угтаж, үйлчилгээ үзүүлдгийн дотор монгол хэл багтдаг юм байна лээ. 

Эм, эмчилгээний үнийг хямд барих бодлого

Тайванийн эмнэлгийн үйлчилгээний онцлогийн талаар, мөн монголын эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг хэрхэн харж буй тухайн салбартаа 30 орчим жил ажиллаж буй зөвлөх зэргийн эмч  Daniel D.Y Lu-тай товч ярилцснаа хүргэе. 

-Тайванийн эрүүл мэндийн салбарын хамгийн онцлог, гол зүйл юу вэ? 

- Үндэсний эрүүл мэндийн даатгал (NHI) олон нийтэд хямд өртөгтэй, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор ажилладаг.  Эмнэлгийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг хараад хүмүүс "Энэ ёстой үнэтэй байх, энэ бүх хагалгаа, өндөр нарийвчлалтай оношилгоо асар их зардалтай" гэж боддог. Гэхдээ бид зардлыг хэрхэн хямд байлгах вэ, яаж бүх хүнд хүртээмжтэй байлгах вэ гэдэгт анхаарч ажилладаг. 

Энэ их амаргүй зүйл л дээ. Бид үүнийг олон жилийн туршлага дээрээ үндэслэн сурсан. Нэр хүндтэй эмнэлгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, Эрүүл мэндийн даатгалын төлөөлөгчид гээд бүх тал нийлж, зардлыг хянах арга, эмнэлгүүд хэт их ашиг хонжоо хөөхөөс хэрхэн сэргийлэх тал дээр бодлого боловсруулсан. Хуулиараа ч хязгаарласан. 

Жишээ нь эмийн үнийг анх худалдан авсан өртгөөсөө 20 хүртэлх хувиар л нэмэх эрхтэй. Үндэсний даатгалын сангаас бидэнд олгодог ханш нь энэ. Харин өөрийн хүслээр төлбөртэй үйлчлүүлж буй хүн 50 хувь  нэмэгдсэн үнээр үйлчлүүлнэ. Ингээд л боллоо. Бид дур мэдэн үнэ нэмж чадахгүй. 

Тиймээс Тайваньд ирсэн хүмүүс гайхдаг. Бусад өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад зарим эмчилгээ арван хувьд нь ч хүрэхгүй үнэтэй байна гээд. Жишээ нь  АНУ-д 200 мянган ам.долларын өртөгтэй өвдөгний үе солих хагалгаа энд ердөө 7000 ам.доллар болдог юм шүү дээ. 


Жилд 2 тэрбум ам.долларыг эрүүл мэндийн мэдлэг олгоход зарцуулдаг  

-Та бүхэн Монгол эмнэлгүүдтэй хамтран ажилладаг учраас манай эмнэлгүүд дугаар ихтэй, хүлээлэг өндөр байдгийг, зарим эмчилгээг авахын тулд 2-3 сар ч хүлээдгийг  мэдэх байх. Тайванийн хувьд иймэрхүү  асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Нэгдүгээрт, өвчтөнг бүрэн эмчил. Дутуу орхиод дахин ирүүлэх биш бүрэн эдгээж чадвал эргэж ирэхгүй гэдгийг санаж ажиллах нь чухал. 

Хоёрдугаарт, эмчлүүлсэн биеэ хэрхэн тордож, өвчнөө сэдрээхгүй байх талаар өвчтөнд зааж өгөх нь чухал. 

Монголд олон хүн 65 нас ч хүрэлгүй цусны даралттай холбоотойгоор нас барж байгаа талаар эмч нар нь ярьдаг. Энэ бол халдварт бус буюу сэргийлж болох өвчин. Тэгэхээр үүнийг зогсоохын тулд урьдчилан сэргийлэхэд л хүч хаях хэрэгтэй гэж бодож байна. 

Манай засгийн газар эрүүл мэндийг дэмжих албанд маш их хөрөнгө зарцуулдаг. Жилд 80 тэрбум тайвань долларын төсөв зарцуулдгаас 26–28 тэрбум нь тамхины татвараас бүрддэг. Энэ татварыг зөвхөн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашигладаг. 

Зураг
Тайлбар






Урьдчилан сэргийлэхийн тухайд ард иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нь чухал. Мөн эрүүл мэндийн статистик мэдээлэлдээ үндэслэж шийдвэрүүдээ гаргавал үр дүнтэй байдаг. 

Хувийн туршлагаасаа үзвэл би өмнө нь Тайтун аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан юм. Тэр үед сүүлийн арван жилийн нас баралтын шалтгааныг судалж, гурван гол чиглэл тодорхойлсон. 

Нэгдүгээрт, зам тээврийн ослыг бууруулах, үүний тулд согтуугаар жолоо барихыг болиулах арга хэмжээ авч ажилласан. 

Хоёрдугаарт, хавдрын эрт илрүүлгийг сайжруулахад анхаарсан. Тэр дундаа уушги, умайн хүзүү, хөх, бүдүүн гэдэсний хавдрын эрт илрүүлгийг нэмэгдүүлж байлаа. Хавдар хожуу шатанд илэрвэл амьдрах магадлал зургаан сар, дээд тал нь нэг жил байдаг. Харин нэгдүгээр шат эсвэл бүр эрт үед илэрвэл таван жилийн амьдралын магадлал 100 хувь болдог шүү дээ.  

Энэ мэт шийдвэрийн ачаар хоёр жилийн дотор л тухайн бүсийн дундаж наслалт 1.5 жилээр өсч байсан юм. Тиймээс төсвөө зөв чиглэлд зарцуулж урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл олгох сургалт сурталчилгаанд зориулах хэрэгтэй гэж зөвлөнө. 


Бодлогын мухардлыг Тайвань давж чадсан

-Та эрүүл мэндийн салбарт 30 орчим жил ажиллаж байгаа гэлээ. Тайванийн эрүүл мэндийн салбарыг анх ажиллаж эхлэж байсан үетэйгээ харьцуулбал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

- Яг үнэндээ намайг анх ажиллаж байхад Тайванийн эрүүл мэндийн салбар аль хэдийнэ хөгжсөн, дүр төрхөө олчихсон байсан. Жинхэнэ ялгааг нь 40 жилийн өмнөх үетэй л харьцуулбал харагдана. Тэр үед тайваньчуудад нийтээрээ эрүүл мэндийн даатгал байгаагүй. Зөвхөн төрийн албан хаагч, цөөн компани л даатгалтай байв. Ард иргэдийн хувьд эмчилгээ маш их үнэтэй байсан. 

Энгийн жишээ хэлэхэд долоон сартай дутуу төрсөн нярайг эмчлэхийн тулд хүмүүс байраа зарахад хүрдэг байсан. Харин өнөөдөр ийм хүүхэд төрвөл эмнэлэгт хөнгөн ханиад хүрээд эмнэлэгт хэвтэхтэй л ижил өртгөөр эмчлүүлж чадна. 

Мэдээж, эмчилгээний тоног төхөөрөмж, технологийн хөгжлийн хувьд ч маш өөр болсон. 

Миний аав 1960-аад оноос эхлэн 85 нас хүртлээ  эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан юм. Тэр үед хүмүүс эмнэлэгт очоод "Энэ хэд вэ?" гэдэг л чухал байсан болохоор эмнэлэгт хандах ойлголт бага, үнэтэй болно гээд очдоггүй байсан. Одоо бол эрүүл мэндийн даатгалын ачаар хүмүүс санаа зовохгүйгээр ирж үйлчлүүлдэг. Тайваньд эрүүл мэндийн зардлыг төр хариуцаж, зардлыг хатуу хянаж байгаа болохоор тэр шүү дээ. 

-Монголд эмнэлгийн байгууллагуудын нөхцөл үүнээс эсрэгээрээ, нэлээн хүндрэлтэй байгаа л даа? 

-Төрөөс эмчилгээний бүх зардлыг даах гэж зовж, эмнэлгүүд  эм худалдаж авч чадахгүй, тоног төхөөрөмж авч чадахгүй байж магадгүй. Бүр эмч мэргэжилтнүүдээ сургах ч боломжгүй байж мэднэ. Гэхдээ энэ нөхцлөөс гарах боломжтой шүү дээ. Тайвань тэгж чадсан. Тиймээс бид хамтын ажиллагаагаар монгол эмч нарыг Тайваньд сургахдаа үргэлж нээлттэй ханддаг.

Миний бодлоор монголчуудын хувьд Солонгос, Япон, Орос руу ч юм очих нь өртөг өндөртэй байж магадгүй. Харин Тайпей рүү ирэхэд хялбар, үр дүнтэй. Өвчтөнүүдийн хувьд ч Тайваньд эмчлүүлэхэд Солонгос, Японтой харьцуулахад илүү хямд, чанартай үйлчилгээтэй гэдгийг би баттай хэлнэ. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.