Peak.mn
06 сарын 09, 2026
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” (МИК) ХХК-ийн үүсгэн байгуулсны 20 жилийн ойн хүрээнд “Орон сууцны санхүүжилт” форумыг 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн шатанд хөгжүүлэх, олон улсын шилдэг туршлага, шинэлэг шийдлийг нутагшуулах зорилготой тус форумд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл, Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны гишүүн орнуудын төлөөлөгчид болон гадаад, дотоодын 250 гаруй зочид, төлөөлөгч оролцов.

Форумын үеэр орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, урт хугацааны тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийн талаар өргөн хүрээнд хэлэлцэж, олон улсын туршлага, бодлогын шийдлүүдийг хуваалцлаа.
Орон сууцжуулалт нь зөвхөн барилгын салбарын асуудал бус иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар, нийгмийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдлыг хамарсан үндэсний хэмжээний бодлогын чухал чиглэл юм. Энэ хүрээнд хэрэгжиж буй ипотекийн зээлийн тогтолцоо нь иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байгааг оролцогчид онцлон тэмдэглэлээ.

Форумыг гурван үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд “Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо”, “Дэлхийн бондын зах зээл”, “Тогтвортой орон сууц ба олон улсын санхүүжилт” сэдвээр дотоод, гадаадын нэр хүндтэй илтгэгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тус арга хэмжээ нь Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.



Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.