П.Мөнгөнсор
10 сарын 21, 2026
Энэ жил газрын доройтол, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн гурван том конвенцын хурал болж буй онцгой жил юм.
Манай улс өнгөрөгч 8 дугаар сард Цөлжилттэй тэмцэх талуудын 17-р бага хурлыг амжилттай зохион байгуулсан.
Түүнийг залгуулан эдгээр өдрүүдэд (10-р сарын 19-30) Армени Улсын Ереван хотноо Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болж байна.
“Биологийн КОП” хэмээн тодотгодог уг хурлаар талууд хуурай газар ба далай тэнгисээ хамгаалах амлалтынхаа хэрэгжилтийг дүгнэж, цаашид бодит ажил болгох шинэ шийдэл, арга замыг хэлэлцэж байна.
Биологийн олон янз байдал гэж юу вэ?
Биологийн олон янз байдлыг энгийндээ эх дэлхий дээрх амьд организм бүрийн оршин тогтнох тэнцвэрт орчин гэж ойлгож болно.
Энэ нь зөвхөн амьтан, ургамлын төрөл зүйл, тоо толгойн асуудал бус тэдгээрийн хоорондын харилцан хамаарал, экосистемийн нягт уялдааг хэлж буй хэрэг.
Жишээлбэл, ой мод гэхэд зөвхөн мод, мөчирнөөс бүрддэггүй. Тэнд хөрсний бичил биетэн, мөөг, шавж, шувуу, хөхтөн амьтад зэрэг олон организм харилцан хамааралтайгаар амьдардаг. Эдгээрийн аль нэг нь цөөрөх, устахад бусад зүйл болон бүхэл экосистемд сөргөөр нөлөөлж байдаг.
Хүн төрөлхтөн ч байгаль эхийн хувьд нэгэн төрөл зүйл билээ. Бидний идэж буй хоол хүнс, ууж буй ус, амьсгалж буй агаар, газар тариалан эрхлэх боломж, эрүүл мэнд хүртэл байгалийн тогтолцоотой салшгүй холбоотой.
Гэвч бид сүүлийн олон арван жил бүгдийн дарга юм шиг загинаж, байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцсан нь энэ экосистемийн тэнцвэрийг алдагдуулж, олон арван төрөл зүйлийг устгах аюулд унагаад байгаа юм.
НҮБ-ын биологийн олон янз байдлын салбар дундын шинжлэх ухааны платформын (IPBES) 2019 оны үнэлгээгээр дэлхий дээр 8 сая гаруй амьтан, ургамлын төрөл зүйл байдгаас 1 сая гаруй нь устах эрсдэлд оржээ.
Судлаачид динозавруудыг мөхөлд хүргэсэн их галав юүлэлтээс хойш биологийн төрөл зүйл ийм хурдтайгаар сүйрч буй тохиолдол гарч байгаагүйг анхааруулж байгаа юм.
Биологийн КОП яагаад чухал вэ?
1992 онд Риогийн гурван талт хэлэлцээрээр Биологийн олон янз байдлын тухай конвенцийг баталснаас хойш талууд хоёр жил тутамд чуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцсээр ирсэн.
2022 онд Канадын Монреаль хотноо болсон КОП15 хурлаар “Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ” хэмээх баримт бичгийг баталж, ирэх 10 жилд хийх ажлынхаа зураглалыг гаргасан байдаг.
Тус баримт бичигт 2030 он гэхэд хэрэгжүүлэх 23 зорилтыг тодорхойлсноос хамгийн чухал нь “30x30” санаачилга юм.
Энэхүү зорилтын хүрээнд улс орнууд 2030 он гэхэд хуурай газар болон далай тэнгисийнхээ дор хаяж 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авч, нөхөн сэргээх амлалт авсан билээ.
Харин Арменид болж буй энэ удаагийн хурлаар энэ зорилтын хэрэгжилт ямар шатанд явж байгааг үнэлж, улс орнуудыг даацтай, үр дүнтэй ажил хэрэгжүүлж, амлалтдаа хүрэхийг уриалах гэнэ.
2030 оны зорилтоос бид хэр хол байна вэ?
Reuters агентлагийн мэдээлснээр улс орнуудын тусгай хамгаалалтад авсан болоод авахаар амласан хуурай газрын хэмжээ 27.5 хувьд хүрсэн байна. Харин далай тэнгисийн хувьд 2030 он гэхэд ердөө 12 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь зорилтот 30 хувиас нэлээд доогуур үзүүлэлт юм.
Үүнээс гадна Куньмин-Монреалын баримт бичигт 2030 он гэхэд доройтсон экосистемийн дор хаяж 30 хувийг нөхөн сэргээх зорилт бий. Ой, бэлчээр, намгархаг газар, цэнгэг усны экосистемийг сэргээх нь зөвхөн байгаль хамгаалах бус, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны нөөц болон хүнсний аюулгүй байдлыг хангахад ч чухал ач холбогдолтой.
Дэвшүүлэн тавьсан зорилт ийнхүү хангалттай ажил хэрэг болж чадахгүй байгаа нь санхүүжилтийн асуудалтай шууд холбоотой.
Санхүүжилтийн гацаа
Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, хууль бус ан агнууртай тэмцэх, экосистемийг нөхөн сэргээх, судалгаа шинжилгээ хийх болон орон нутгийн иргэдийн оролцоог дэмжихэд асар их хөрөнгө шаардлагатай.
Байгаль хамгааллын гол санхүүжүүлэгч болох хөгжингүй орнууд энэ санаачилгад хойрго хандаж байгаа нь санхүүжилт дутагдах гол шалтгаан болж буйг “The Guardian” онцолжээ.
Тухайлбал, АНУ НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцид албан ёсоор нэгдэн ороогүйн дээр USAID-ийн шугамаар хэрэгжиж байсан олон төсөл хөтөлбөрийг зогсоосон.
Их Британи, Европын холбооны орнууд ч байгаль орчны чиглэлийн төсөв, хөрөнгө оруулалтаа танасаар байна.
Биологийн олон янз байдлыг хамгаалахад хувийн секторын татан оролцуулах ажил мөн удаашралтай байгаа аж. Колумбын Кали хотод болсон КОП16 хурлын үеэр генетикийн нөөцийн дижитал мэдээллийг (DSI) ашигласнаас бий болох ашгаас хуваарилах зорилгоор “Кали сан”-г байгуулсан. Энэ нь генетикийн мэдээллээс ашиг олдог томоохон корпорацуудыг байгаль хамгаалахад санхүүгийн хувь нэмэр оруулдаг болгох механизм юм.
Гэвч Кали сан хувийн хэвшлийнхнээс 1 тэрбум ам.долларын санхүүжилт босгох зорилт тавьсан ч өдгөө тус сангийн дансанд 10 мянга гаруй ам.доллар л цуглажээ.
Тиймээс Ереванд болж буй энэ удаагийн КОП17 хурлаар санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгож, биологийн олон янз байдлыг хамгаалах ажлуудыг урагшлуулах чиглэлд талуудын байр суурь, эрх ашиг, амлалтыг нэгтгэх хүлээлт байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.