Телевизийн хөтлөгч Опра Уинфри 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр шилдгүүдийг шалгаруулах Алтан бөмбөрцөг кино наадмын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Ярилцлагын шоуны хөтлөгч Уинфри Алтан бөмбөрцгөөс Демиллийн шагнал хүртсэн бөгөөд энэ хүндэтгэлийг хүлээсэн анхны хар арьст эмэгтэй боллоо. Дашрамд сонирхуулахад, Сесил Блаунт Демилль нь Америкийн кино урлагийг үндэслэгч эцэг хэмээн тодорхойлогддог нэрт уран бүтээлч юм. 

Өдгөө 63 настай хатагтай Уинфриг ийнхүү үгээ хэлэхэд нь хүмүүс баяртайгаар хүлээж авсан. Ингээд Опрагийн хэлсэн үгийг орчуулан хүргэе. 

"1964 онд би жаахан охин байхдаа Милуоки дахь ээжийнхээ гэрийн хулдаасан шалан дээр суугаад Оскарын шагнал гардуулах 36 дахь ёслолыг үзээд сууж байлаа. Анн Бэнкрофт тэгэхэд Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг гардуулсан юм. Тэр дугтуйг нээгээд тавхан үг хэлж түүхийн чухал үйл явдлыг гэрчилсэн, “Ялагч бол жүжигчин Сидни Пуатье”. Тэгэхэд миний амьдралдаа харсан хамгийн дэгжин эрхэм тайзан дээр гарч шагналаа авсан. Сидни хар арьстай, цэвэрхэн цагаа зангиатай байлаа. Би хар арьстай хүнийг тийм баяр хөөртэй хүлээн авч, хүндэтгэж байхыг өмнө үзээгүй. 

Ядруухан гэртээ, бусдын гэр орныг ядарч унатлаа цэвэрлээд ирдэг ээжтэйгээ байгаа бяцхан охинд яг ийм мөч ямар санагдахыг би тайлбарлах гэж олон удаа үзсэн. Би Сидни Пойтьерын “Lillies of the Field” кинонд бүтээсэн дүрийг хараад “Амен, амен” гэж хэлэхээс өөр зүйл хийж чадаагүй. 

Сидни Пуатье 1982 онд Сесил Б.Демиллийн нэрэмжит шагналыг яг энд, Алтан бөмбөрцөг наадмаас хүртсэн. Харин өнөөдөр би энэхүү шагналыг хүртсэн анхны хар арьст эмэгтэй болсон энэ цаг мөчийг өөр бяцхан охид ч үзээд суугаа даа гэсэн бодол надаас салахгүй нь. Энэхүү үдшийг тэдгээр охидтой, мөн намайг урамшуулж, сорьж, надад тусалж, энэ тайзан дээр гарах замыг минь ивээсэн хүндэт ноёд, хатагтай нартай хуваалцана гэдэг надад эрхэм явдал.   

Намайг “AM Chicago”-д дүр бүтээх боломж өгсөн Деннис Свансон, намайг тэндээс олж хараад Стивен Спилбергт “Яг л “The Color Purple”-д тоглох Софиа энэ байна” гэж дуулгасан Квинси Жоунс. Найз гэдэг үгний тодорхойлолтод яг таарсан Гейл, миний од Стедмэн. Цөөн хүнийг дурдахад л энэ байна. 

Би мөн Холливудын гадаад хэвлэлийн нийгэмлэгт талархлаа илэрхийлье. Өнөө цагт хэвлэл мэдээлэл нөлөөнд автсаныг бид бүгд мэднэ. Гэхдээ шударга бус байдал, хээл хахуульд сохор хандахгүй байхад туслан булайг дэлгэж, үнэн мөнийг олж байгаа нь чамлалтгүй зориулалт гэдгийг ч бид мэднэ. 

Энэ хүнд хэцүү цагийг чиглүүлэх гэсэн оролдлогодоо би хэвлэл мэдээллийг хэзээ хэзээнээс илүү үнэлдэг боллоо. Улмаар би нэг зүйлийг баттай ойлгосон. Үнэн түүхээ хуваалцана гэдэг бидэнд буй хамгийн хүчирхэг зэвсэг юм байна. Тиймээс өөрийн түүхээ хуваалцсан хүчирхэг, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдийг хараад би үнэхээр бахархлаа. Энэ танхимд байгаа хүн нэг бүр өөрийн түүхээсээ болоод хүндлэгдэж байгаа юм шүү. 

Ийнхүү энэ жил бид өөрсдөө сэдэв боллоо. Гэхдээ энэ зүгээр л энтертайнментын зах зээлд хамаатай явдал байгаагүй. Бүх соёл, үндэстэн, газар нутаг, арьс өнгө, шашин шүтлэг, улс төр, ажил мэргэжлийг хамарсан сэдэв байлаа. Тиймээс би энэ үдэш олон жил хүчирхийлэл дарамтад амьдарч байгаа эмэгтэйчүүдэд сэтгэлээ илэрхийлье. Тэд миний ээж шиг тэжээх хүүхэдтэй, төлөх төлбөртэй, хүсэл мөрөөдөлтэй эмэгтэйчүүд. 

Энэ эмэгтэйчүүдийн нэрийг бид хэзээ ч мэдэхгүй байж магад. Тэд гэртээ, тариан талбай дээр, үйлдвэрт, хоолны газарт ажиллаж байгаа инженер, эрүүл мэнд, шинжлэх ухааны, бүхий л салбарын хүмүүс. Тэд Олимпод оролцож байгаа манай тамирчид, цэрэгт байгаа байлдагчид. Бас нэг хүн байна, Риси Тэйлор. 

Би энэ нэрийг мэддэг, та бүхнийг ч мэдэх ёстой гэж бодож байна. 1944 онд Риси Тэйлор залуу ээж, эхнэр хүн байлаа. Тэр сүмээ тараад л гэр лүүгээ явсан. Түүнийг галт зэвсэгтэй зургаан эрэгтэй хулгайлж хүчирхийлээд замын хажууд хаясан юм. “Энэ талаар хэн нэгэнд хэлбэл ална” гэж сүрдүүлсэн. Гэвч түүнд тохиолдсон явдал NAACP-д (Өнгөт арьстнуудыг дэмжих үндэсний нийгэмлэг) хүрч Роза Паркс хэмээх залуу албан хаагч хэргийг нь ахлан мөрдсөн. Тэд хамтдаа шударга байдлыг бүтээж чадсан юм. 

Жим Кроугийн үед шударга байдал байгаагүй учраас түүнийг үгүй хийх гэж оролдсон эрэгтэйчүүд ял сонсоогүй. Риси Тэйлор 10 өдрийн өмнө таалал төгслөө, 98 нас зооглохынхоо өмнөхөн. Тэр бид бүгдийн л адил эрх мэдэлтэй бүдүүлэг эрэгтэйчүүдийн үгүй хийсэн нийгэмд дэндүү олон жил амьдарсан юм. 

Энэ л эрх мэдэлтэй эрэгтэйчүүдийн эсрэг эмэгтэйчүүд үгээ хэлж чадахгүй, хэлсэн ч сонсох хүнгүй байлаа. Гэхдээ одоо цаг нь болсон. Тэдний цаг дууссан. Дууссан. Риси Тэйлор өөрийнх нь болон бусад олон олон эмэгтэйн зовлон шаналал дуурсагдсаар байгааг мэдээд хорвоогоос хальсан гэж найдаж байна. 

Роза Паркс тэр хэргийг зүрхнийхээ хаа нэгтээ тээсээр 11 жилийн дараа Монтгомери хүрэх автобусанд цагаан арьст эрэгтэйд суудлаа тавьж өгөхөөс татгалзсан юм. Түүний зүрх сэтгэл “Би ч бас” гэж хэлэхээр шийдсэн эмэгтэйчүүд, мөн тэднийг сонсохоор шийдсэн эрэгтэйчүүдтэй хамт байгаа. 

Би карьерынхаа туршид, кинонд ч, телевизэд ч бай, эрэгтэй, эмэгтэй хүмүүс ичгэвтэр байдалд орохдоо, дурлахдаа, шаналахдаа, бүтэлгүйтэхдээ, эргэн сэхэхдээ, цөхрөлгүй урагшлахдаа, даван туулахдаа хэрхдэгийг харуулахыг эрмэлзсэн. 

Амьдрал хүнд амсуулж болох хамгийн аймшигтай зүйлсийг ч даван туулсан хүмүүстэй уулзлаа. Тэр хүмүүст нэг ижил тал байсан нь харанхуй шөнө дунд ч гэрэл гэгээтэй өглөө ирнэ гэсэн итгэл найдвар юм. 

Тиймээс энэ үдэш надтай хамт байгаа охид бүсгүйчүүдэд шинэ өглөө хаяанд ирснийг хэлье! Тэр өдрийн үүр сая нэг юм цайхад, шалтгаан нь энэ гайхалтай эмэгтэйчүүд байх болно. Тэдний ихэнх нь энэ танхимд одоо байна, мөн гайхалтай эрчүүд ч бас. Ахиад нэг ч хүнээс “Би ч бас” гэдэг үг сонсохгүй тэр цаг руу хөтлөхөөр тэмцэж буй хүмүүс энд байна."