Альгирмаагийн Энэрэл
12 сарын 28, 2023
Төрийн ордонд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байна. Энэ үеэр зохиолч Чинагийн Галсан Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.
Монгол Улсын соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа залуу үедээ өвлүүлэх уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон бүтээл туурвин ард түмнээ соён гэгээрүүлэх8 байгаль эх дэлхийгээ хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн түүнд энэхүү хүндэт шагналыг олгож байгаа юм.
Тэрбээр 1944 оны 12-р сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малчин ард Чинагийн хөвүүн болон төржээ. Бага, бүрэн дунд сургууль төгсөөд МУИС-ын монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хүмболтын их сургууль дүүргэсэн. МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан хийж байгаад уран бүтээлээ дагнан Монгол, Герман, Европын улсуудад ном бүтээлээ туурвидаг.
Ч.Галсан бол Монголоос уран бүтээлээрээ өрнө дахинтай шууд харилцаж өөрийн гэсэн уншигчидтай болсон цорын ганц зохиолч юм. Одоогоор нийт 40 гаруй ном бүтээснээс 35 номоо Герман хэлээр хэвлүүлсэн. Зарим бүтээл нь 20 мянга гаруй хувь борлуулагдаж байсан.
Борлуулсан номныхоо орлогоор “Чинагийн Галсан” сан байгуулж, Монгол Улсдаа 1 сая мод тарьсан билээ. Зохиолч Ч.Галсан “Нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина. Байгаль эх бол хамгийн дээд шашин юм. Монгол минь ногоон диваажин болох болтугай” хэмээн ярьсан байдаг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.