Яамнаас жил бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичиг хангалттай байгаа гэж мэдээлдэг. Харин бодит байдал дээр ном олдоц муу, хэт үнэтэй худалдаалдаг гэсэн гомдлыг эцэг эхчүүд ирүүлсээр байна. 

Үүнийг тодруулахаар Улсын багшийн дээд сургуулийн номын худалдааны дэлгүүр очиход хүн багтах зайгүй шахам угтав. Ихэнх нь сурах бичиг сурагласан сурагч, эцэг эхчүүд. Энд хамгийн хямдхан ном 3000 төгрөг, сурах бичгийг дээд тал нь 10 мянган төгрөгөөр зарагдаж байв. Номын худалдаачид хажуугаараа өнгөрөх хүмүүст хандан "Ямар ном хайж байна. Хямдхан байна шүү. Цаагуур чинь үнэтэй байгаа” гэцгээнэ. Зарж байгаа номны арын хавтас дээрх үнийг зориудаар баллан цохолж, дээр нь хуулга наажээ. Зургадугаар ангийн ”Монгол хэл”-ний номын ард дарсан үнийг нь сөхөж үзвэл 2800 гэсэн бичиг дурайгаастай. Харин зарагдах үнэ нь 10 мянган төгрөг гэж байлаа. 

Номын худалдаачин С.Чойндонгаваагаас сурах бичгийн үнэ яагаад ингэж өссөнийг лавлахад “Номын сүлжээ дэлгүүрт сурах бичиг нь бараг байхгүй. Хэвлэгдэж очингуутаа л дуусчихдаг гэсэн. Бид нар иргэдийн гар дээрээс номыг нь худалдан авч багахан ашиг харж зардаг” гэв. Номын худалдаачид ном хэвлэх тендерт ялсан компаниудаас номоо бөөндөж авч зардаг аж. Сурах бичгийн арын хавтсанд 3200 төгрөг гэж биччихсэн хэрнээ 4000 төгрөгөөр зардаг гэцгээж байв. Салбарын яамнаас сурах бичгийн үнийг дунджаар 2750 төгрөг гэж зарлаад байгаа. Энэ үнээр бодоход зургадугаар ангийн бүх ном нийтдээ 22800 төгрөг болох ёстой ч шагийн худалдаагаар эцэг эхчүүд 50-60 мянган төгрөгөөр худалдан авч байна. Энэ жил хүмүүсийн хамгийн их сураглаж байгаа нь дунд ангийн монгол хэл, математик, байгалийн ухаан мөн ахлах ангийн ном гэж байлаа.

Х.Ойдов: Эцэг эхчүүд л сурах бичгийн үнийг өсгөчихдөг 

“Эцэг эхчүүд сүлжээ номын дэлгүүрт ном хямд байгааг мэддэггүй. Мэддэгээр нь багшийн дээдийн задгай номын худалдааг зорьж хэд дахин нугалсан үнээр авдаг. Тэгэхээр үнийг хөөргөж байгаа хүмүүс нь эцэг эхчүүд” гэж “Тэнгэрлэг үсэг” компанийн гүйцэтгэх захирал Х.Ойдов ярьж байна. Түүний компани 2013 оноос хойш ном сурах бичгийн тендэрт оролцож хэвлэж байгаа ажээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Танай компани хэддүгээр ангийн ямар сурах бичгүүд хэвлэсэн бэ?

-Энэ жил эрэлттэй байгаа зургадугаар ангийн монгол хэл, уран зохиол, эх хэл зэрэг номыг хэвлэлээ. Сурах бичгийн эхний хэвлэлт дуусаад одоо дахин хэвлүүлсэн. Дэлгүүрүүдээс зарагдаж байгаа.

-Танайхаас хэвлэсэн номнууд гадуур үнэтэй зарагдаж байна, үүн дээр хяналт тавьдаг уу?

-Бидний ажил бол хэвлэх. Яамнаас зөвшөөрөл авсан номоо л хэвлэх ёстой. Түгээж зарж борлуулах нь бидний ажил биш. Тийм учраас номын сүлжээ дэлгүүрээр хэвлэсэн номоо заруулдаг. Үүнийг эцэг эхчүүд мэдэхгүйгээсээ болж хэд дахин үнэтэй ном худалдан авч байна.

-Тэгвэл яагаад номын хүрэлцээ муу байна гэсэн яриа гараад байдаг юм бол?

-Энэ жил зургадугаар ангид 40 мянган хүүхэд элсч орж байна. Гэхдээ энэ тоогоор нь номоо хэвлүүлчихвэл эрсдэл хүлээдэг. Тийм учраас зах зээлийг харзнаж, мэдэрч номоо тодорхой тоотойгоор хэвлэдэг.

-Яамнаас хэвлэх сурах бичгийн тоогоо өгдөггүй хэрэг үү?

-Яамнаас сурах бичгийн тоо өгдөггүй, бид өөрсдөө мэдэж хэвлэдэг. Зах зээл дээр их эрэлттэй  ном гээд их хэмжээгээр хэвлэчихвэл зарагдахгүй баахан номтой үлдэх эрсдэлтэй. Бага хэвлэхээр шагчдын гарт орчихдог ийм л байдалд сурах бичиг байна. Үүнд яам, төвлөрсөн эрх бүхий байгууллагын зохицуулалт дутаад байна.

-Эцэг эхчүүд хаанаас хямд ном авах вэ?

-Үйлдвэрлэж байгаа компаниудаас авах хэрэгтэй.

Номын шагчдыг журамлах эрх зүйн зохицуулалт алга

Номын хүрэлцээ бага байгаагаас гадна хичээлийн шинэ жил эхлээд бараг 20 хонож байгаа ч одоо болтол ном сурах бичиг нь хэвлэгдээгүй ангиуд байгаа нь 10-11 анги юм. Тендерийн будлианаас болж ахлах ангийн 18 мянган ном сарын дараа хэвлэгдэх гэж байгаа талаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням ярьж байна. Түүнээс сурах бичигтэй холбоотой асуудлаар тодруулга авсан юм.

-Гадуур сурах бичиг шагчдын гарт орж, өндөр үнээр худалдаалж байна. Үүнийг яамнаас зохицуулах арга бий юу?

-Ном шаглах асуудлыг зохицуулах нь төвөгтэй асуудал. Яамны зүгээс үүнийг нэг талд шийдэх эрх зүйн зохицуулалт алга.

-Ном сурах бичгийг хаанаас нэг дороос авч болох вэ?

-Багшийн хөгжлийн ордоноос авч болно. Бид эцэг эхчүүдэд олон талаас нэг дороос авах боломж олгох үүднээс ном хэвлэж байгаа компаниудаас түрээс хураамж авахгүйгээр ажиллуулсан. Хугацаа нь энэ сарын 15-нд дууссан. Хэвлэлийн компаниудын зүгээс дахин долоо хоног сунган ажиллуулах хүсэлтээ ирүүлээд байна.

-Ахлах ангийн ном хэвлэгдэхээр хаанаас авах вэ?

-Мөн л тухайн үед нь Багшийн хөгжлийн ордонд худалдаа гаргаж ажиллана.  

"Багшийн хөгжлийн ордон"-оос хямд сурах бичиг авах боломж байна

Энэ хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургуульд 200 гаруй нэр төрлийн нэг сая 240 мянган сурах бичгийг бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар бага ангийн сурах бичгүүд сурагчдын гар дээр очсон байна. Харин ахлах ангийн зарим сурах бичиг төлөвлөсөн сардаа хэвлэгдсэнгүй. Тухайлбал 10, 11 дүгээр ангийн бүх ном хэвлэлтээ хүлээж байгаа ажээ. Багшийн хөгжлийн ордон дахь төвлөрсөн номын худалдааг зорин очиход “Сэлэнгэ пресс” болон “Соёмбо” хэвлэх үйлдвэрийн номнууд дурайж байлаа. Энд зарагдаж байгаа номнууд БСШСЯ-ны үнэ тарифаар буюу тавхан алхмын цаадах номын ТҮЦ-ээс хамаагүй хямд үнээр зарагдаж байгаа ч хүн цөөтэй юм. Тухайлбал 5000 гэж байсан монгол бичгийн ном 2400 төгрөг гэж байв. Номын нэр, үнэ ханш, хэвлэсэн компанийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Энэ хичээлийн шинэ жилд үзэх ном сурах бичгийн үнийг багцалбал:

Анги
VI
VII
VIII
IX
X
XI
 XII
Үнэ (нийт сурах бичиг)
22.800 төгрөг


24.100
төгрөг




24000
төгрөг




24400
төгрөг





8000
төгрөг






11300
төгрөг





28400
төгрөг