Ж.Пүрэв "Хөгжмийн эгшиг" роман буюу хайраар хөглөгдсөн хөгжмийн эгшиг 

Аль ч  учраа мэдэхгүй залуу хүний дэврүүн зангаар хошуу ноёноо даган алсын замд гарсан бичээч хүү нэг л мэдэхэд дэлхийн нөгөө бөөрөнд очно гэдэг ёстой зүүдэнд ч оромгүй адал явдал байх. Түүхэн зохиолын гарамгай мастер Ж.Пүрэв гуайн анхны роман гэхэд үнэхээр чансаатай бичжээ.

Дүрүүдийнхээ бодол санаа, ааш авир, харамсал гуниг, бачуурал зовлонг нүдэнд харагдаж, сэтгэл огштол дүрслэн бичнэ гэдэг ур чадвар юм даа. Социалист реализм урлаг, утга зохиолын шалгуур болж хэвшмэл арга барил, хэвлэмэл дүрүүд бий болсон 60-д оны тэр цаг үед ардын хувьсгал, нам засаг, нэгдэлжих хөдөлгөөн, ажилчин ангийн магтуу гэх мэт уламжлал болсон сэдвээс хахь өөр, эгэл жирийн залуу хүний хайр сэтгэл, эх орон, газар шорооны үнэ цэнийг мэдрүүлсэн ийм зохиол бичнэ гэдэг ховор тохиол. 

Улаан засаг тогтож үймээн самуунтай болсон,  хүн сүүдрээсээ ч үргэх хэцүү цаг үед аргагүйн эрхэнд эх орноосоо дүрвэн гарсан олон цагаач хүмүүсийн нэгэн төлөөлөл нь зохиолын гол баатар Сайнбилэг юм. Монголын нэрт хүмүүн Дилов хутагтын туулсан амьдралаас санаа авсан болов уу гэж бодогдоно. Нэрт Монголч эрдэмтэн Хангины Гомбожав хэмээх хүн "Энэ яг миний туулсан амьдрал байна" гэж зохиолчтой дотно нөхөрлөсөн тухай яриа бий. Зохиол өөрөө бодитой, үнэмшилтэй бичигдсэн байгаа нь хэн нэгэн хүний намтар түүхийг санагдуулах нь аргагүй. Зохиолын дүрүүд амьд, сонирхолтой зовлон гунигийг нь хуваалцах мэт сэтгэлд хөндүүр төрдөг. Сайнбилэг, Янжинхорлоо хоёрын хувирашгүй хайр сэтгэл, хавханд орсон чоно шиг болсон Цэ ноёны бачуурал, хятад хүний дотуур тамир, алсуур мэрэх дотор ухааныг мэдрүүлэх данжаад, генерал хоёр, хүний олон дотор сайн хүн бийг сануулах шударга хятад  залуу, сайн санаат эрдэмтэн хятад өвгөн,  гэнэн зайлган Мэри бүсгүй гээд зохиолын дүр болгон онцлогтой.

Төрж өссөн газар шороо алтнаас үнэтэй гэдгийг зохиолын гол дүр яс маханд тултал мэдрүүлж байна. Хал үзэж, халуун чулуу долоосон Сайнбилэг "Харь газрын хайрга хатуу, дассан газрын даавуу зөөлөн" болохыг ухаарч эцсийн мөчид эх орон руугаа амь хайргүй тэмцэж байгаа нь өрөвдмөөр. Монгол хүн гэдгээ ямагт санаж хүний нутагт үндэснийхээ нандин чанаруудыг гээхгүй явахын чухлыг сануулсан зохиол бүлгээ. "Тураг ядарвал уулаа, хүн ядарвал төрлөө" зорьдог бичигдээгүй хууль аль ч цаг үед хүчинтэй. 

Монголын тэнгэрт өдөлсөн бүргэд Монголынхоо газар шороонд шингэх нь жам ёс билээ. Түмэн бээрийн газраас уул даваа, ус мөрнийг гатлан түмэн бэрхийг туулан эх нутагтаа гүйж ирдэг хүлэг морь хүн хоёр адилхан. Хайр сэтгэл нь амьдрал болж цэцэглээгүй ч хайртай бүсгүйнхээ сүнс шингэсэн шударга хөгжмийг нандигнан авч яваа Сайнбилэгийн туулсан амьдрал адал явдал, ээдрээ зовлонгоор дүүрэн ч хүнд бэрхэд сөгдөөгүй хүчирхэг хувь хүн билээ. Уянга-сэтгэлзүйн гайхалтай туурвил болсон эл бүтээл дүрийн дотоод ертөнц, сэтгэлзүйг чадварлаг нээж, үйл явдлыг дүрслэн бичих нь гойд уран тул зохиолын баатруудтай тэр цаг үед очсон мэт гүн гүнзгий сэтгэгдэл төрсөн билээ.