УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитораар томиллоо.

Ерөнхий аудитор Д.Занданбатын товч намтарыг хүргэж байна.

Д.Занданбат нь 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй аж.

Тэрбээр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Гишүүд, Аудитын ерөнхий газрыг удирдахдаа санхүүгийн хараат бус, бие даасан байдлыг хангаж ажиллах, төрийн мөнгийг зүй зохистой зарцуулсан эсэхэд хяналт шалгалт, аудит хийхдээ олон улсын аргачлалыг ашиглах, аудиторуудыг мэргэшүүлэх, тогтвортой ажиллуулах талаар анхаарч ажиллахыг даргаар сонгогдсон Д.Занданбатад захив.