"Хотын Нүд" ТББ-аас санаачлан зохион байгуулсан Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг хөндсөн "92 хувь жаргаж үхлээ" фото болон видео контент бүтээх уралдааны шилдгүүд тодорлоо. Уралдааны гурван төрөлд шалгарсан оролцогчдод өнөөдөр шагнал гардуулав.

Тус уралдааны талаар "Хотын нүд" ТББ-ын УЗ-ын гишүүн Б.Баясгалан “92 хувийн аз жаргал хаана байгааг хотын удирлага бүхий хүмүүс энэхүү уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс харж болно. Тодруулбал, иргэдийн амьдрал өнөөдөр ямар түвшинд байгаа нь тод харагдана. Ирсэн бүтээлүүдийн дийлэнх нь хүүхдийн аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны асуудлыг хөндсөн. Бидэнд эрүүл, аюулгүй орчин, нөхцөл хэрэгтэй байна" хэмээлээ. 

Уралдааны гэрэл зургийн төрөлд "Улаанбаатар жаргалтай" бүтээлээрээ тусгай байр эзэлсэн Д.Занданбат “Би есөн сарын өмнөөс гэрэл зураг сонирхож, зураг авч эхэлсэн. Одоо гэрэл зургийн www.mpa.mn сайтад ажилладаг. Манай сайтын гэрэл зурагчин Г.Өнөболд мөн энэ тэмцээнд оролцож, гуравдугаар байрт шалгарсан. Байгууллагаасаа хоёулаа байр эзэлсэндээ маш их баяртай байна. Миний хувьд өнөөгийн амьдралын бодит байдлыг гэрэл зургаараа харуулсан. "Нийгэмд ийм асуудлууд байгаа шүү" гэдгийг хальсанд буулгахыг зорьсон. Энэхүү уралдаанд оролцоход тусалж дэмжсэн хамт олондоо болон бусад хүмүүст баярлалаа” гэв. 

Уралдааны  гурван төрөлд нийт 224 бүтээл ирсэн бөгөөд үүнээс 16 шилдэг бүтээлийг тодруулжээ. 

Тодруулбал,

Фото контент төрөлд:

  1. Инжинааш - "Хотын төрх"
  2. А.Чимэдцэрэн - "Жаргалтай хот нэг иймэрхүү...", Х.Буянтогтох "Хүүхдэд ээлтэй хот..."
  3. Г.Өнөболд "Аз жаргалтай Улаанбаатар хотын үнэн төрх", Түмэндэлгэр - "Сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй Улаанбаатар жаргаж үхлээ"
  4. Д.Занданбат "Улаанбаатар жаргалтай", Б.Юмжирдулам "1 хот дах 2 ертөнц"


Видео контент төрөлд

  • Гран при: Г.Бямбахүү "Аз жаргалтай Улаанбаатарын Иргэдийн Сүлд дуу"
  • Тэргүүн байр: П.Уранбилэг "Хүүхдэд дэндүү ээлтэй Улаанбаатар"
  • Дэд байр: "Uchiha" болон "Happy UB" багийн цуврал бүтээлүүд
  • Тусгай байр: Г.Тулга "Бидны гэрэлт ирээдүй цоожтой хаалганы цаана", Н.Мэндбилэг "Аз жаргалтай хотоор алхав" бүтээл тус тус шалгарчээ.

Шилдгүүдэд шагнал гардуулах арга хэмжээнээс гэрэл зургаар хүргэж байна.


Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг ЭНД дарж үзнэ үү.