Өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар олон улсын тоймч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

Нэгдүгээр сард түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Дашзэвэгийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байсан юм.

Өчигдрийн хуралдаанаар Дээд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзсэн байна. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тогтоосон мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байсан тул  Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг 3 жил хорих болгон өөрчилжээ.