Зам, тээврийн салбарт 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх ажил, барьж дуусгах зам, гүүрийн талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны сайд Л.Халтар "2021 онд Зам, тээврийн хөгжлийн яам улсын төсвөөр шинэ зам барих ажлыг эхлүүлэхгүй. Би энэ талаар Засгийн газарт болон чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэх үед ч хэлсэн. Яагаад гэхээр барьж эхлээд 2-5 жил болчихсон автозамуудаа 2021 онд дуусгаж авъя. Шинэ зам эхлээд сэглэж байснаас шинэ зам эхлэх мөнгөөрөө хуучин замаа дуусгая. Тэгэхгүй бол бүрэн дуусаагүй олон зам эхлүүлээд л хаях болж байна. 

Тэгэхээр 2021 онд Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлээр буюу олон улсын банк санхүүгийн байгууллагын санхүүжилтээр явж буйгаас өөрөөр улсын төсвөөр шинэ зам тавьж эхлэхгүй. Харин дутуу замуудаа 100 хувь дуусгана.

Мөн бид зам барьж буй дотоодын компаниудаа хариуцлагатай болгоно. Тухайлбал, Дорнод аймгийн чиглэлийн 50 км автозамыг Улсын комисс одоог хүртэл хүлээж аваагүй. Учир нь эвдрэлтэй, компанид нь хэлэхээр хариу өгөхгүй алга болчихдог зэрэг зүйлүүд байна. Ийм компаниудтай хариуцлага тооцно. Хариуцлагаа хүлээхгүй бол зам барих эрхийг нь цуцална. 

Замын тендер авчихаад өөрсдөө хийдэггүй бусдад тендерээ худалддаг компаниудаас сална. Тэднийг нийтэд зарлана. 2020 оны төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн яамны сайтаар Хятадын зарим компани, дотоодын ганц хоёр компанийг хар жагсаалтад оруулж, нийтэд зарлана. Хариуцлага тооцно. Яагаад гэхээр нэг зам барьсан нэр зүүгээд алга болчихдог, дахиж олддоггүй. Тэгсэн хэрнээ ямар нэгэн байдлаар өөр тендерт орчихсон тохиолдол олон байна. Давхар Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад оруулахаар Азийн хөгжлийн банктай ярьж байгаа. Тэгэхээр тус компаниуд дахиж олон улсын тендерт орж чадахгүй болох юм билээ" хэмээлээ.