Авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмсэн НИТХ-ын шийдвэрийг эргэж харах чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Хотын дарга С.Амарсайханд өгсөн.

Тус төлбөрийг нэмснийг эсэргүүцсэн иргэд мөн өнгөрсөн долоо хоногт төв талбайг тойрч, "Машинтай жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан тус жагсаалыг зохион байгуулагч нартай уулзаж, санал солилцсон юм. 

Тэрээр уулзалтын үеэр "Монгол Улсын Ерөнхий сайд, миний дээд шатны  удирдлагаас  надад өгсөн чиглэл, зөвлөмжийн асуудалд хүндэтгэлтэй хандаж, хууль журмын хүрээнд авто зам ашигласны төлбөртэй холбоотой асуудлыг бид дотооддоо эргэн нягталж, тоо баримтаа задлан харж байна. Үүний дараа нэгтгэж  НИТХ-аар  оруулж дахин хэлэлцүүлнэ. Үнэхээр иргэд үүнийг хүсэхгүй, замаа засаж шинэчлээд яах вэ, шинээр замын өргөтгөл шинэчлэл хийгээд яах вэ гэвэл би одоохон бүгдийг нь өөрчлөөд хуучнаар нь болгоод НИТХ-д оруулах шиг амархан зүйл алга. Гэхдээ бид аль төслийг нь яаж цааш нь явуулах вэ гэдэг дээрээ ярилцах, шийдэлд хүрэх  шаардлагатай болно" хэмээсэн юм.

Үүний дараа буюу өнгөрсөн баасан гарагт Авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмж, баталсан НИТХ-ын  тогтоолд өөрчлөлт оруулах албан бичгийг Хотын дарга НИТХ-д өргөн барьсан. 

Трээр энэ талаараа "Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин нягталж, 2013 онд батлагдсан хувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо. 

Ингэснээр нийслэлийн автозам ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогыг 58 тэрбум 864 сая төгрөгөөр бууруулан 14 тэрбум 715.7 сая төгрөг байхаар нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, бусад дутагдаж буй эх үүсвэрийг үл хөдлөх хөрөнгө, нийслэлийн өмч хувьчлалын орлого газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлогыг боломжит хувилбараар нэмэгдүүлэхээр тооцлоо" хэмээн танилцуулсан.

Тэгвэл НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. НИТХ-ын хуралдаан 11.00 цагт эхлэх товтой ч одоог хүртэл эхлээгүй байна.

Ямартай ч өнөөдөр хуралдаан эхэлбэл, Авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэх шийдвэрийг хэвээр үлдээх үү, огт нэмэхгүй байхаар шийдвэрлэх үү гэдэг нь тодорхой болох юм.