ХХ зууны сүүл ХХI зууны эхэн үеийн монголын туулсын зохиолын гол төлөөлөгчдийн нэг нь зохиолч СГЗ Долгорын Цэнджав билээ. Тэрээр 1970-аад оны дунд үеэс уран бүтээлээ эхэлж “Дэгдээхэй” (1985), “Тэнгэрт хальсан тоос” (1997), “Чонын алтан шагай” (1998), “Хул салхи” (2000), “Хөх жавар” (2009), “Зохист аялгууны анир” (2010), “Он цагийн шаштир” (2010), “Мянган цэн үг” (2010), “Цагаагчин гахай жил” (2011) зэрэг хүүхдийн, яруу найргийн, туульсын, кино жүжгийн, сэтгүүл зүй эсээ, нийтлэлийн олон бүтээл туурвижээ.

Энэ удаа түүний Банхар өгүүллэгийн уншигч танд хүргэж байна.

БАНХАР 


Билэгт банхартайгаа тангараг тасрав. Уг нь энэ хоёр шиг ноолорсон, эрхэлж тоглосон дотноос дотно амьтад ер нь байдаг болов уу? гэхээр. Банхар гэж жирийн биш, тайга нохой л доо. Нохой нохойдоо жинхэнэ монгол нохой энд л байна гээд хоёр чинээлэг залуу хотоос зориуд зорьж ирээд гуйж гувшсан ч, санаанд ормооргүй үнэ хаясан ч аав хүү хоёр хүний урманд хөдлөөгүй билээ.
-Ямар удам угшилтай хурдан адуу мал биш дээ, хээрээс үнэгүй л олдсон араатан шүү дээ. Нохой харамласан хүний гарын шөрмөс татдаг гэнэ лээ гэхэд,
-Би харамлаж ханчирлаад байгаа бишээ. Хүү минь энэ нохойдоо бараг аав ээж биднээсээ илүү дотно юм шүү дээ. Дараа жил хүүгээ сургуульд орохоор нь та нар яваад ирдэг бол ер үнэ хөлс гээд байх юмгүй өгчихнөө гэж түүний хатуу амыг аав нь буцаажээ.
Банхар данхайсан зантгар толгойтой бөгсөн бие рүүгээ улмаа томорсон хэрнээ нарийвтар хөлний хурц хумс савар юуг ч өршөөхийн аргагүй агаад хонхорцогтоо хүртэл сарлагийн саваг шиг үс ноосыг харсан хэн хүний айдас, хүйдсийг эрхгүй төрүүлнэ. Нүүр рүү бүрхэж сагсайсан үсний цаанаас цог шиг зууван нүд нь далдлагдсан болохоор хүү байнга хойш нь илсээр хараа оруулжээ. “Пүг пүг... пүн пүн” хуцахад гэрийн доторх зуух хөдлөх шиг болж, аяга таваг чичигнэнэ. Гэвч тэр үзээгүй, танихгүй хүн малд гэдсийг хүүлэхээс буцахгүй догшин ширүүн боловч, зүс үзсэн хүнээ жаахан хуцаж хоргоож байгаад дорхноо чимээгүй болно. Харин муу хүнийг бол андахгүй, хэдий танил ч гэлээ гэрийн эзэн юмуу Билэгт барьж хорихгүй бол хонгогүй гэсэн үг.
Тэс өөр цусны тэс өөр гарвалын амьтан ч гэлээ хороо хотны хониноос салахгүй, тэндээ цагираглаад унтаж орхино. Энэ нь тийм аятай эетэй эд биш ч гэлээ эзэд яаж ч чадахгүй. Банхар хоттой хонины дотор яваа нь бяруу шиг харагдана. Бас яадагийг мэдэхгүй, хааяа хааяа хачин ааш авир гаргаж, хонь малыг ноолж үргээж цочоох нь бий ч чихний омогт нь ч шүдний ором гаргаж үзээгүй. Билэгт хүүгийн бас нэг хайртай амьтан бол том улаан сэрх. Сэрхээ унаад банхараа дагуулаад явж байгааг харсан ээж нь “Энэ монголгүй, хачин амьтан гарах нь...” гэж зад загнаснаас хойш дахиж ингэсэнгүй. Улаан сэрх энэ жилийн өвлийн үүц, идшинд золтой л явчихсангүй. Хүү уйлж, чарлаж цовхичиж байж арайхийж амийг нь аварсан удаатай.
Банхар цавь руу нь шилбүүрээр хатгасан ч уурлахгүй номхон ч гэлээ түүнийг идүүртэй хоолоо гударч байх үеэр харах юм бол урт улаан хэл нь аймшигтай төдийгүй, ямар ч хоол хошыг хойш урагш хэд долоогоод л хоосолчихно. Хурц шүд соёогоороо үхрийн булууг тосыг нь шилмэгдтэл зажлах нь тээрэм шиг учир өлссөн үедээ урт модон идүүрийн ирмэгээс хазаж, эмтэлж хэмхлээд бүүр идээний тавгийн дайтай жижигхэн юм болгож орхижээ.


Тэр хоёрын тангараг тасарсан явдал бол банхар Билэгтийн нөгөө хайртай улаан сэрхийг доголгож орхисонд байлаа. Нөгөө гэнэтийн эз нь хатгасан юм шиг ааш зан нь хөдлөөд сэрхийг хүнд биеэрээ дарж ойчоод хөлийг нь гэмтээж орхижээ. Өөртэй нь тэнцэх том амьтан энэ сэрхнээс өөр байхгүй гэж төсөөлөөд тоглоомоо арай ширүүдүүлчихжээ.
Хүү банхарын муна мэт данхар толгой руу шилбүүрээ бяцартал цохижээ. Ер тоосон шинжгүй байхад хүү улам уурсаж, том чулуугаар хаа тааралдсан газар нүүлгэсэнд, тэр гомдолтой нь аргагүй гасалж гангинаад саахалт руу зугтах мэт алга болсон ажээ. Билэгт хүү банхарыгаа гэнэт туйлын ихээр өрөвдөж, харуулдаж харсаар боловч бараа сураг нь тасрав. Сураг сонсвол, саахалтын гаднаас ч бас хаашаа юм усанд хаясан чулуу шиг алга болсон байв.
Аав нь “Тэр муу золигийн ийм урвагчийг мэдсэнсэн бол тэр мөнгөө багтааж ядсан баян залууд овоо хэдэн бор юмнаас өгчихдөг байж гэх боловч, хүүгийн сэтгэлийг бодож банхар хаачив гэж...Гэрийнхээ таван цулын шөлөнд хаясан шар будаагаа саахалтын ангийн махны шөлөөр ч солихгүй амьтан. Ирэхгүй бол аав нь нэг гараад л олоод ирнэ, гайгүй гэдэг байлаа.


Аав нь дөнгөж амаржсан эхнэрээ сумын эмнэлэгээс гаргаж авахаар явахдаа “Тэнгэрийн хаяа цаанаа эвгүй, муухайрах шинжтэй байна. Хашаанаасаа хонио гаргаад ер хэрэггүй. Нэг хоног хоолгүй өнжлөө гээд гэдэс хаяхгүй. Хөөрхөн дүүгээ тосож авахаар бэлтгээд л томоотойхон байж байгаарай. Гал хөсөө болгоомжлоорой. Цагаан сар ч дөхлөө, чихэр боов, бэлэг сэлт гээд зөндөөн юмтай ирнэ. Ирэнгүүтээ чиний банхарыг хаа байгаа газраас олж авчирч өгнө. Тэмээнээс тэмдэгтэй амьтан, суман дээрээс ч хэл сураг гарах байлгүй. Монгол нохой байж, яасан гомдомхой золбин вэ? хүү минь чи бас арай л ширүүлчихжээ, зоо нурууг нь хугалчихаагүй юм байгаа биз дээ гэчихээд яваад өгчээ.
Гэрээ сахиж үлдсэн Билэгт хүү хэзээний том хүн болсон шиг түүнд санагдав. Дүүтэй болсон юм чинь арга ч үгүй байх. Үүндээ хөөрч баясаж, бушуухан л дүүгээ харахын мөрөөсөл болж байлаа. Харваас өлдөж , холгож холхиж байгаа малаа, улаан сэрхээ өрөвдөөд хашаанаас нь гаргажээ. Аав ээжээ ирэхэд, бэлчээрээс хонио хотлуулаад цай, хоолоо чаначихсан хэзээний эр хүн шиг мундаг угтана даа. Миний хүү том болжээ гээд аав ээж минь яасан их баярлах бол? гэж боджээ.


Үдээс хойш бүүдийсэн тэнгэрээс гэнэтхэн навч шиг том томоор цас хаялж, салхи ширүүсэж эхлэв. Хүү элдвийг бодсоор яваад гэрээсээ хонио холтгосон болохоор сандарч, шалавхийн элдсэн боловч хожимджээ. Ёстой л шилбүүрийн үзүүр харагдахгүй цас шууран нөмөрч , хонь малын хошуу чигээ өөрчлөн ч өөрийн эрхгүй уруудаж эхлэв. Дөрөв тавхан алхмын цаадахи хонь ямаа ер харагдахгүй, танигдахын аргагүй бүүдийсэн бараан юмд л бүртэлзэнэ. Хүү айхын ихээр айж уйлан бахиран хашгирахад цасан шуурганы дунд дуу царцаад өлмий дор торхийтэл унах шиг ажээ. Амыг нь бумбадах шиг амьсгалахын эрхгүй болгож, хүү аяндаа ухаан санаа нь балартаж байлаа. Тэнтэр тунтар арай л уначихгүй явсан түүний хөлийн доор нь зөөлөн нялцгай юм гишгэгдэхэд тэр түрүүлгээ шургачлаа. Малгайнаас сөхөгдсөн чих рүү нь цас хормын зуур чихэж, хацар нүүр дээр унасан цас хайлахад арайхийж өндийв. Тэр аниатай юм шиг гараа явуултал яахын аргагүй нөгөө хаяад алга болсон арслангийн зантагар толгой баригджээ.


...Хоньтойгоо цуг аймшигт цасан шуурганд уруудаад алга болсон хүүгийн эрэлд сум даяараа хөдөлжээ. Хонон өнжин эрээд, энэ цагаан далайгаас тэвнэ олж харахын дайтай болж, эрэл үнэндээ мухардав. Аав нь “Ээ элий халаг, би яасан үйлийн үртэй, тэнэг толгой бэ? Өөрөө хөлдөөд үхчихсэн бол хамаагүй амар байхсан ...гэж цурхиран гасална. Түүний ээж, аавыг тайвшруулах юмыг энэ орчлонгоос яагаад ч олохооргүй байлаа.


Хэн нэгэн Тооройн булагт хэдэн хэрээ эргэлдэхийг олж харжээ. “Хэрээ хэлтэй” гэлпдэг юм. Тийшээ очъё. Хөөрхийдөө, тэр жалганд л өнгөрсөн бололтой гэцгээн жолоогоо заллаа. Үнэхээр тэдний нүдний өмнө цав цагаан цасан дээр юүдэн малгай мэт зүйл тодрон тодорсоор ойртоход хэн хүнгүй зүрх халиран харахаас дальдирч байв. Хажууд нь ирцгээгээд пөөнийсөн том амьтаныг банхар байна гэж арай гэж танив. Түүнийг яг дэргэдээс нь харахад, үс ноос болсон сэгсгэр бие рүү нь цас шигдэн ороод чоно шиг буурал саарал амьтан болсон байлаа.
Банхар хүмүүсийн чимээнээр өндийхөд түүний уужим салтаа цавинаас жалганд шигдсэн хүүгийн толгой шоволзоход хүн бүр цочин дуу алдацгаав. Хүү их хунгар цасан дундаас арай гэж сугаран “Ааваа...ааваа...” гэж хашгиран зүтгэхэд, түүний түнжгэр толгойноос уур цан савсаж байхыг тэнд байгсад “Энэ чинь зүүд үү? Үлгэр домог уу?” гэж эргэлзэн эргэлзэж, мэл гайхан, цэл хөхрөн бие бие рүүгээ баярласан, балмагдсан нүдээр харлаа.
-Миний хүү амьд гэж үү? Амьд байна шүү дээ... гэж тэрбээр хашгиран их хунгар цасанд бүдчин зүтгэлсээр хүүгээ чангаас чанга тэвэрч, барьж тэмтчин үнсэж үлгэж байн байн нүүр рүү нь харна.
-Дүүг минь авчирсан уу? Дүүтэйгээ, та нартайгаа ерөөсөө уулзахгүй ингээд л өнгөрлөө гэж санасан. Нэг мэдсэн банхар ирчихсэн, гар хөлийг минь долоож байлаа. Банхарын маань үс ноос яг л аав таны азарган чонын дах шиг дулаахан байсан шүү гэж Билэгт хүү цовоо хэлээд тэр амьтан руу өхөөрдмөөр харав. Банхар эрдэнэт хүний амийг аварсан ачтан гэж өөрийгөө даанч мэдсэн шинжгүй, хүзүү дагзан дэлэндээ шигдсэн цасаа бужигнуулан сэгсэрч, сарвайтлаа сунайснаа хойт хөл дээрээ оцойн сууж, хүн хүний гар луу эд юу өгөх бол? гэх шиг урт улаан хэлээ гаргаж, цасан дээр шүлсээ дуслуулан уухчина.

Ийм хачирхалтай чих сортойлгом адал содон явдал шороон үхэр жилийн тэмээ ч өвдөглөж сөхөрч унамаар айхтар зуд турханаар хангай чигийн нэгэн сайн малчин айлын хотонд болсон билээ.

2О1О. О4. 2О