Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаан болж нийт 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар “Бодь даатгал” ХХК-ийн шинээр гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус компанийг бүртгэснээр монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани нэгээр нэмэгдэв. 

Тус компани энэ удаа олон нийтэд 47 сая ширхэг хувьцааг нэгжийг нь 113 төгрөгөөр санал болгохоор төлөвлөж байгаа аж. Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг интеграцчилал, иншүртек, компанийн хөрөнгө оруулалт, бизнес интеллиженс чиглэлээр зарцуулах юм байна.

Өмнө нь “Ард даатгал” ХК, “Мандал даатгал” ХК, “Монгол даатгал” ХК-иуд биржид бүртгэгдэн хөрөнгийн зах зээлд өрсөлдөж байгаа билээ.

Бодь даатгал ХХК нь 1995 онд Бодь Интернэшнл ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 1995 оны 2 сарын 05-ны өдрийн 154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал ХХК” нэртэй үүсэн байгуулагдаж, соёлын Төв Өргөөний 5 давхарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн түүхтэй.