Өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүн ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцсон билээ. 

Уг асуудлаар УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол мэдээлэл хийлээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах олон хууль гарсан. Гэхдээ ялын бодлогодоо ач холбогдол өгч чадахгүй байгаа учраас хууль завшигчид гарсаар байна. Иймээс бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах ёстой гэдэг дээр санал нэгдэж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Тухайлбал,

1.Бага насны хүүхдийг хүчирхийлэгчдийг чанга дэглэмтэй хорих ангид бүх насаар нь хорих

2.Хүчингийн хэрэгт холбогдогдсон хүмүүсийг ямар ч төрлийн өршөөлийн хуульд хамруулахгүй байх гэх мэт заалтыг оруулна.

Өнөөдөр хүүхдийн хүчирхийлэлийн 80 гаруй хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байна. Монгол Улсын Их Хурлаар "Гэр бүлийн тухай" хуулийн шинэчилсэн найруулга хэлцэгдэж эхлэх гэж байна. Энэ хуулийг илүү чангаруулж, хүүхдээ хүмүүжүүлэх, өсгөх, тэжээх үүргээс татгалзсан эцэг, эхчүүдтэй тооцох хариуцлагыг илүү чангаруулах шаардлагатай байна. Өмнөх хуулиар эцэг эх байх үүргээсээ татгалзсан хүмүүст Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан. Энэ заалтыг ч сэргээх шаардлагатай гэж үзсэн. Мөн эцэг эх үр хүүхдэдээ зориулах цагийг Хөдөлмөрийн хуульд оруулж ачааллыг нь бууруулах талаарх заалт нэмэх хэрэгтэй гэж бид үзсэн. Энэ хуулийг илүү чангаруулж, хүүхдээ хүмүүжүүлэх, өсгөх, тэжээх үүргээс татгалзсан эцэг, эхчүүдтэй тооцох хариуцлагыг илүү чангаруулах шаардлагатай байна.

2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 238 буюу 48,3 хувь хүүхдийг хүчирхийлсэн гэсэн мэдээлэл байна. Иймээс хуулийг чангатгахаас өөр арга байхгүй.  УИХ-ын 75 гишүүн энэ асуудал дээр санал нэгдэнэ гэдэгт итгэж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах асуудал улс төржих ёсгүй.