Английн Reuters агентлагийн сэтгүүлч Тэрренс Эдуардс Монголын Гашуун сухайтын боомт дээр үүссэн түгжрэл, гацааны талаар "Хил дээр үүссэн гацаа Монголын нүүрсний экспортод дарамт учрууллаа" нэртэй сурвалжлага бэлдсэнийг орчуулан хүргэж байна.

Монголын Говь цөлд нүүрс ачсан овор ихтэй ачааны машинууд Хятадын хил дагуу долоон хоног гаруй дугаарлана. Жолооч нар нүүрсний шороонд хучигдсан машиндаа хооллож, унтаж, хоол хийсээр хоног залгана. Тэд найман зууны өмнө Чингис Хааны монгол цэргүүдийн ходоодыг цатгадаг байсан нөгөө л махны шөлөө иддэг аж.

Хятадын гаалийг чиглэсэн цуваа 130 км үргэлжилж, энэ зуур тамхи, ус, дизелийн борлуулалт цэцэглэдэг. Энэ онд нүүрсний үнэ өсөж, Хятад руу гарах экспорт нэмэгдсэн нь Монголын уул уурхайчдад боломж, улс орны цомхон эдийн засагт эцсийн найдвар нь болжээ. Ялангуяа Монголын гадаад өр нэхэгдэж, ханшийн үнэ огцом өсөж, Олон улсын валютын сангийн санхүүгийн хөтөлбөрт хамрагдсаны дараа нүүрсний үнийн өссөн нь наран гийсэнтэй адил гэж болно.

Гэвч Хятад, Монголын тээврийн гол зам болсон Гашуун сухайт, Ганц мод гацаж, “Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэгч болов. Монголчууд гаалиар хулгайгаар бараа оруулах явдал газар авч, Монголын талаас үүнийг таслан зогсоож чадахгүй байгаа. Тиймээс Хятад сүүлийн саруудад хяналт шалгалтаа нэмэгдүүлжээ. Өвөрмонголын хил гаалийн ажилтнуудаас энэ талаар тодруулах гэсэн боловч татгалзсан. Бээжин дэх Гаалийн ерөнхий газар ч мөн адил.

Нүүрсний үнэ энэ онд өссөнөөр хил гаалийн ачаалал хоёр дахин нэмэгдсэнийг цагдаа нар хэллээ. Үүнийг дагаад Хятад, Монголын хууль сахиулагчид, гаалийн ажилтнууд тун шахуу цагаар ажиллаж байгаа аж. Говийн олборлогчид ирэх жилд Хятадад нүүрсний үнэ ихэсч экспортоо нэмнэ хэмээн найдаж буй. Хэрэв тэгвэл одоогийн нөхцөл байдал дордох нь лав.

Хятадын хүрээлэн буй орчин ашигт малтмал, тээвэрлэлтээс болж сүйдэж байгаа тул олон зуун уурхайг хааж, жижиг боомтууд руу нүүрс хүргэхийг хориглосноор үнэ өсөх шалтгаан болжээ. Умард Солонгос Хятад руу нүүрс нийлүүлдэг байсан ч цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээс болж олон улсаар хориг тавиулсан. Энэ цоорхойг Монгол нөхөх боломж гарсан билээ.

Монголоос Хятад руу чиглэсэн нүүрсний экспорт жилийн эхний хагаст л гэхэд наанадаж дөрөв дахин ихэссэн. Гэсэн ч гааль дээр үүссэн гацаанаас болж өнгөрсөн долдугаар сараас танагдсан юм. Гашуун сухайтын боомт дахь Монголын гаалийн газрын дарга Б.Даваасүрэн аль, аль орны гааль цөөн ажилтантай, дээрээс нь өнгөрсөн сард болсон Хятадын коммунист намын их хурал зэрэг гацаанд нөлөөлсөн шалтгааныг тайлбарлалаа. Монголын Гадаад хэргийн яамнаас харин Монголын үндэсний их баяр наадам долдугаар сард тохиож хүмүүс олон өдрөөр амарсантай холбон тайлбарлав.

Ноён Б.Даваасүрэн нүүрсэнд түүхий мах, буу сэлт нууж Хятад руу хулгайгаар нэвтрүүлж байна гэсэн гомдол ирэх болсны дагуу Монголын гаалийн ажилтнууд хяналт, шалгалтаа нэмэгдүүлснийг хэллээ. Бүр амьд чоно хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг ч гарсан гэв.

Тэрбээр “Хэн ч хил гааль дээр удаан саатахыг хүсэхгүй. Жолооч нарт ч, улс оронд ч хүндрэлтэй шүү дээ. Тиймээс бид асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа” хэмээв. Мөн Монголын гааль одоогоор өдөрт 700 ачааны машин шалган нэвтрүүлэх хүчин чадалтай агаад үүнийг 3000 болговол асуудлыг шийдэж болохыг ч тэмдэглэлээ.

Гаальд хэдэн өдөр дугаарлахаас гадна хилээр нэвтэрнэ гэдэг аймшигтай сорилт ажээ. Хятад руу очих, тэндээс ирэхдээ жолооч нар нэг эгнээтэй замаар давхидаг. Жолооч нар согтуугаар машин жолоодох явдал элбэг, мөн замын гэрэлтүүлэггүй тул аюул ийн ихэсдэг. Өөрийгөө Бат-Эрдэнэ гэсэн нэгэн жолооч “Аймар эрсдэлтэй шүү дээ. Зам дээр эргээд хэвтчихсэн ачааны машинтай өдөр бүр таардаг” гэлээ.

Reuters-ийн сэтгүүлчдийн багийнхан энэ замаар явж байхдаа бүтэн эргэчихсэн, урдаасаа мөргүүлчихсэн олон машин харлаа. Таг зогссон түгжрэлээс гарахаа хүлээн зогсох Дуншигийн Баасанжав гэгчтэй бид цөөн хором ярилцав. “Нүдэндээ ч итгэмээргүй олон зүйл хардаг. Өөр хүн хараад үүнээс аймар зүйл байхгүй гэж боддог бол жолооч бид бүр дасчихсан байдаг” гэж Д.Баасанжав хуучиллаа.

Хэдэн арван км үргэлжилсэн цувааг шийдэх арга бол Гашуун сухайтын боомтыг уурхайнуудтай холбосон төмөр зам болохыг уурхайн олборлогчид хэлдэг. Монголын талаас 200 км үргэлжилсэн төмөр замын суурийг тавьсан ч санхүүжилт тасарсны улмаас гацжээ. Энэхүү суурь Монголын эрс тэрс уур амьсгалд дэндүү удаан “хэвтсэн” нураагаад эхнээс нь барих ёстой гэж эрх баригчид үзжээ.

Төмөр замын тавилан хаашаа ч эргэсэн бай одоогийн хүнд нөхцөл байдлыг үргэлжлүүлэхээс өөр сонголт үгүй. Нар жаргахтай зэрэгцэн машинаасаа гарч ирсэн жолоочийг Чойжилжавын Ганболд гэдэг. Тэр “Энд үхэл, амьдрал яригддаг, маш эрсдэлтэй ажил. Гэвч бидэнд өөр сонголт, эсвэл өөр ямар ч ажил байхгүй” хэмээсэн юм.