ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангаас Монголын хэвлэл мэдээллийн ажилтнууд тэр дундаа хэвлэл мэдээллийн 260 гаруй байгууллага, 1100 гаруй сэтгүүлчдийн дунд хөдөлмөрлөх эрхийн талаар хийсэн судалгааг танилцууллаа.

Монголд анх удаа, сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийн талаарх уг судалгааг хийхэд ХБНГУ-ын Фридрих Эбертийн санд туслалцаа үзүүлсэн байна.

Судалгааны үр дүнгээс харахад Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад өдөрт дунджаар 9.1 цаг, 7 хоногт дунджаар 52 цаг буюу 7 хоногийн 6.5 өдөр ажиллаж байна. Мөн талаас илүү нь нийтээр амрах өдрүүд болон амралтын өдрөөр ажилласан ч амралтаа нөхөж биеэр эдэлж чаддаггүй. Нийтээр амрах өдрүүдэд ажилласан ажиллагсдын тал хувь илүү ажилласан цагийн хөлсөө нөхөж авдаггүй гэж хариулжээ. Хуулиараа бол бүх нийтээр амрах, тэмдэглэлт баяр ёслолоор ажилласан тохиолдолд тухайн өдрийн ажлын хөлсийг 2 дахин илүү тооцож олгох ёстой юм.

Судалгаанд оролцогчдын 54% хувь нь 1 -3 удаа ажлын байраа сольжээ. Ажлаа сольсон шалтгаанд цалин хөлс бага, зарим тохиолдолд цалингаа өгөхгүй байх, өсөх дэвжих боломж тааруу, бүтцийн өөрчлөлтөд орсон, хамт ажиллагсад болон удирдах ажилтны зөрчил гэх мэт түгээмэл дурдагдаж байна.

Тус салбарт ажиллагсдын сарын дундаж цалин 664,000 төгрөг (татварын дараах) байна. Энэ нь ҮСХ-ны 2019 оны I улирлын нийгэм эдийн засгийн тайланд дурдсанаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 909,000 (татварын дараах) төгрөгөөс 245,000 төгрөгөөр бага байна. 1,200,000-аас доош цалинтай ажиллагсдын дунд эмэгтэйчүүд давамгай байгаа бол 1,200,000-аас дээш, 2,000,000-аас дээш цалинтай ажиллагсад дунд эрэгтэйчүүд олон байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 11 хувь нь НД, ЭМД-ын шимтгэл төлдөггүй бөгөөд эдгээрийн дийлэнх нь сэтгүүлч, уран бүтээлчид (75%) болон эмэгтэйчүүд (62%) байна.

Судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 76 хувь нь мэргэжлийн дагуу сургалтад суух шаардлага хэрэгцээ байдаг гэж үзсэн бөгөөд гадаад хэлний сургалт, мэргэжлийн ахисан шатны сургалтын хэрэгцээ өндөр байна гэж хариулжээ. Сургалтад хамрагдахад хамгийн их тулгардаг бэрхшээл нь (49%) санхүүгийн боломж хүрэхгүй байх явдал аж. Ялангуяа орон нутагт ажилладаг хүмүүсийн хувьд төлбөрийн чадваргүй, ажлын хажуугаар суралцах боломж муу, байгууллагаас дэмжлэг, зөвшөөрөл авч чадахгүй байх явдал илүү түгээмэл байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ажилтнуудаа сургалтад хамруулах сонирхолтой бөгөөд судалгаанд хамрагдсын 66 хувь нь “манай байгууллага сургалтад хамрагдахыг дэмждэг” гэжээ.