Жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулдаг “Дархлаажуулалтын 10 хоног” өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ зохион байгуулж буй “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах юм.

Энэ хүрээнд товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эцэг эх болон асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын товлолын дагуу 15 хүртлэх насны хүүхдэд хийдэг 11 өвчний эсрэг долоон төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс нь НҮБ-ын Хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч байна.

НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 120 гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага тул 0-15 насны хүүхдийн товлолын вакциныг бүрэн нийлүүлэхэд найдвартай гэж үздэг.