Л.Оюун-Эрдэнэ: Бид ФАТФ-ын зөвлөмжүүдээс дараах хоёр асуудал дээр унасан

Б.Баясгалан
10 сарын 25, 2019

Монгол Улс ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын “Саарал жагсаалт”-д орсон асуудлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн байр суурийг хүргэж байна.

Тэрээр өнөөдөр сэтгүүлдэд мэдээлэл өгөх үеэрээ “Саарал жагсаалттай холбоотойгоор хариуцлагын асуудал яригдах ёстой. Гэхдээ яг юунаас болов гэдгийг эхлээд олон нийт баримтад тулгуурлаж ойлгоосой гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл, ФАТФ-ын албан ёсны цахим хуудас руу орж үзэх хэрэгтэй. Өмнөх болон одоогийн тайлангуудыг нь аваад үзчихвэл маргаад байх зүйл байхгүй. Харамсалтай нь албан ёсны мэдээлэл, тайланг хэвлэж авахгүйгээр хүн бүр өөр өөрийнхөөрөө тааж ярьснаас болж, нийгэмд янз бүрийн асуудлууд үүсч байна. 

Монгол Улс 2017 онд энэ эрсдэлтэй асуудал руу орсон гэж ойлгож болно. Үүн рүү орох гол шалтгаан нь Ил тодын тухай хууль байсан. ФАТФ тус хуулийг “Монгол Улс асар их хэмжээний далд эдийн засагтай байна” гэж ойлгосон. Нэгдүгээрт, ДНБ-ийг 1.5 дахин нугалсан далд эдийн засаг гараад ирсэн, Хоёрдугаарт, энэ нь маш эрсдэлтэй бөгөөд ирээдүйн авлигын боломж болж болзошгүй гэж харсан. Улмаар Монгол Улсад 11 зөвлөмж өгснөөс 9 нь хэрэгжсэн. Бид хоёр асуудал дээр унасан.

Тус хоёр асуудал нь юу вэ гэхээр,

Нэгдүгээрт, Монгол Улсад хэрэг шийдэгдэхгүй байна . Шүүх хяналтын байгууллага нь мөнгө угааж буй авлигатай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэх ерөнхий систем бүрдээгүй байна гэсэн. Энэ бол  тодорхой нэг, хоёр асуудал шийдэх тухай биш.

Хоёрдугаарт, Арилжааны банкуудыг Төв банк хянаж чадахаа больсон. Өөрөөр хэлбэл, Төв банкны систем нь арилжааны банкуудын өмнө хүчин мөхөсдсөн гэж үзсэн. ОУВС Монголбанкинд шалгалт хийхийг хүссэн ч удаан хугацаанд боломж олголгүй цаг алдсан зэрэг нь үүнд нөлөөлсөн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Төв банк үндсэндээ арилжааны банкуудад хянах эрх мэдлээ алдсан.Гэхдээ үүнийг Монголбанкны зөвхөн одоогийн Ерөнхийлөгчтэй холбоотой гэж би хэлж чадахгүй.

Тэгэхээр бидний шийдвэрлэж чадахгүй байгаа дээрх хоёр асуудлыг ФАТФ, ОУВС зэрэг олон улсын байгууллагууд олж харсан байна.

Одоо улстөрчид, иргэд үүнд бухимдах биш, шийдэх ёстой. Тэгж байж бид урагшилна” хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.